Чех “Челси”-г аварлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Чех “Челси”-г аварлаа

Английн Премьер лигийн 27-р тойргийн хүрээнд өчигдөр Лондонгийн хоёр баг таарч, тоглолоо. Лигийг тэргүүлэгч “МанЮ”-гаас 13 оноогоор тасраад байсан “Челси” клуб “Фулхэм”-ийн талбайд зочлон тоглосон юм. Амралтын өдрөөр болсон Манчестерийн алдарт дербид “Юнайтед”, “Сити”-г буулган авч, ээлжит гурван оноогоо авсан учир Лондонгийн “Цэнхрүүд”-ийн хувьд хотынхоо өрсөлдөгчийг зайлшгүй хожих хэрэгтэй байлаа. Харамсалтай нь, тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөж, багууд оноо хувааснаар “Цэнхрүүд”-ийн аваргын цомоо хамгаалах мөрөөдөл нь талаар өнгөрлөө гэхэд болно. Тэд өдгөө 45 оноотой, “Манчестер Юнайтед”-аас 12 онооны алдагдалтай хүснэгтийн тавдугаар эгнээг эзэлж байна.
Хэдийгээр өчигдрийн тоглолтод ялагдал хүлээсэн ч “Челси”-гийн хаалгач Петр Чех тоглолтын гол баатар байлаа. Тэрбээр шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Клинт Демпсигийн торгуулийн цохилтыг хааснаар багаа ялагдлаас аварсан юм. Итали мэргэжилтэн Карло Анчелотти багийнхаа гарааны бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийсэн нь 80 сая ам.доллараар үнэлэгдсэн Фернандо Торрес байлаа. “Челси”-гийн босс Дидье Дрогбаг сэлгээний суудалд үлдээж, харин Торресийг урд шугамд байрлуулсан байв. Өвлийн солилцооны цонх хаагдахаас хэдхэн минутын өмнө “Ливерпуль”-ийг орхисон “Алтан жаал” “Челси”-гийн нэр дээр анхны гоолоо бүртгүүлэх тун дөхсөн ч нэг бус удаа аз дутсан юм. Улмаар 70 дахь минутад Торресийг орлож, Дрогба талбайд гарсан ч өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөж чадсангүй.
Харин өнөөдөр “Ньюкасл” “Бирмингэм”-ийн талбайд зочилно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж