
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 19-нд буюу ирэх бямба гаригт төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурь дахин тайзнаа тоглох гэж байна. “Ламбугайн нулимс” дуурь нь манай үндэсний хэмжээний дуурийг дэлхийн хэмжээнд хүргэсэн томоохон дуурь бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав хэлэхдээ “Монголд дуурийн театр байгаа нөхцөлд “Ламбугайн нулимс” дуурийг тоглох байх ёстой. Учир нь энэ дуурийг тоглохгүйгээр дуурийн театрт оршин тогтоно гэж ойлгоход хэцүү. Том бүтээл хийхийн нэг сайхан тал нь бүрэн эхээрээ архивт хадгалагдаж байдаг юм” хэмээн хэлж байсан. Ирэх бямба гаригт тоглох тус дуурийн Лодонд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Д.Туяа, Намнан Б.Дамдинсүрэн, ноёнд Б.Алтанхуяг, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Ц.Доржсүрэн, ахлах банди Ц.Ганцогт, сохор гуйлгачинд Ц.Ариунаа, лам нарт Р.Батболд, А.Сайнбаяр, худалдаачид, банди, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын бүжигчид оролцон тоглоно. Харим симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан тоглуулна. Энэ дуурийг анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тайзнаа тоглож байжээ.
М.Дөл