Энхийн ивээс Египет & “Ислам хөшүүрэг”

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Энхийн ивээс Египет & “Ислам хөшүүрэг”

Хосни Мубаракийг огцорсны дараа Египетийн үндсэн хуулийн дагуу улс орны эрхэнд цэргийнхэн гарч өчигдөр тус улсын парламентийн хоёр танхимыг тарааж байгаагаа мэдэгдсэн билээ. Одоо цаашдаа яах вэ?

Дөчин жил эзэн суусан тө­рийн­хөө тэргүүний олбогоос Хосни Мубаракийг салгахын тулд егип­түүдэд 18 хоногийн цөхрөлтгүй тэм­цэл хэрэгтэй болсон ч ард­чиллыг ядаж л шударга сонгууль явуулах хэмжээнд хийх хүртэл хөгжүүлэхэд ямар хугацаа орохыг таахад бэрх. Ардчиллыг алганд тунах цусгүй хийсэн гэгдэж байсан монголчууд Ардчиллынхаа арван наймных нь “ой” дээр нөгөө л сонгуулиас болж ямар эмгэнэлд хүрч байсныг санахад илүүдэхгүй. Тэгвэл Египетийн хамгийн сүүлийн сонгууль мөн л асар их будилаантай болж, пар­ламентийн 500 гаруй суудлын 180 гаруй нь одоо ч маргаантай хэвээр байгаа юм.  Нэг талаар одоогийн парламентаа тарааж байгаа нь дээрхи асуудлыг шийдэж буй мэт боловч дараагийн сонгууль нь ямар болохыг бас яаж зохион байгуулагдах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хосни Мубарак улстөрөөс явсан ч цэргийнхэн эрх барьсан хэвээр байгаа бөгөөд одоогийн эрх мэдлийг үндсэнд нь атгаж байгаа фельдмаршал Мохамед Хусейн Тантави Мубаракийн үнэнч офицерийн нэгэн байсан билээ. Ойрхи Дорнодод болж байсан Израйлийн эсрэг гурван ч дайнд оролцож байсан тэрээр Кувейтийг чөлөөлөх дайны үед холбоотнуудын талд байлдаж гавьяа байгуулсныхаа төлөө гурван ч улсын одонгоор шагнагдаж байсан эр юм. Жагсаалын дундаас маршал болсон жинхэнэ цэрэг эрд одоо улс орноо хэвийн амьдралд нь буцааж, ядаж л сонгууль хүртэл удирдах үүрэг ногдож байна. Бас сонгуулийг зохион байгуулах  шаардлага ч тулгарах бололтой.

Цэргийнхэн Египетийн өмнөх сонгуулийг будилаантай явуулахад оролцсон гэх шүүмжлэл гараад байгаа учраас хамгийн цаад талдаа зургаан сарын дараа явагдах сонгуулийн асуудал тус улсын хувьд эмзэг сэдэв болсон хэвээр. Фельдмаршал Тантави түүгээр удирдуулсан цэргийнхний засаглал ямар ч байсан есдүгээр сард болох сонгуулийг хүртэл улс орныг удирдана гэж зарлаж байна. Харин улстөрийн зарим  хүчнээс сонгуулийн хугацааг наашлуулан долоо эсвэл наймдугаар сард хийж болох юм гэсэн  байр суурь илэрхийлжээ. Гэхдээ хугацааг наашлуулах боломжийн талаар цэргийн эрх баригчад ямар ч тайлбар хийхгүй байгаа юм.

Өнгөт хувьсгал уу, эсвэл…

Эсвэл исламын хувьсгал болчихов уу гэдгээс магадгүй Египетийн асуудалд хамгийн ихээр санаа тавьж байсан Израйль зэрэг орнууд болгоомжилж байсан нь лавтай.  Египет нь Арабын орнуудаа дотор нөлөө бүхий том улсын хувьд Каирт болсон их тэмцлийн давалгаа нь Йемен, Тунис, Алжирыг ч бас доргиогоод амжсан билээ. Харин хувьсгалын “цунами” намжсаны дараа Египетээс бусад орнуудад тэмцэл үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болов. Энэ зууны эхний хэдэн жилд хуучин Зөвлөлтийн орнуудыг хамарч байсан “өнгөт” хэмээх хувьсгалаас дээрхи бослого тэмцэл зарим нэг ялгаатай байжээ. Ямар ч байсан Зөвлөлтийн гэгдэж байсан Гүрж, Украйн, Киргиз шиг. АНУ-ын төрөл бүрийн байгууллагуудын тусламж дэмжлэгийг шууд аваад байсан зүйл байхгүй бололтой.  Нөгөө талаар орчин үеийн улстөрийн тэмцэлд цахим холбоо харилцаа ямар их нөлөөтэйг харуулсан нь бас нэгэн онцлог байв. Өөрсдөөс нь шууд дэмжлэг авсан өнгөт хувьсгал биш байсан учраас л өрнөдийнхөн, тэр дундаа АНУ анхандаа Каирт болж байгаа үйл явдалд болгоомжтой хандаж байв.  Чухам энэ шалтгаанаас болоод АНУ-ын ерөнхийлөгчийн Египетэд очуулсан тусгай төлөөлөгч нь Барак Обама болон АНУ-ын засаг захиргааны байр суурьтай эрс зөрсөн мэдэгдэл хийж олныг гайхашруулж байсан биз. Тэрээр  “Хосни Мубарак төрийн эрхэнд байх нь тус улсын тогтвортой байдалд хэрэгтэй “ гэсэн мэдэгдэл хийсэн нь шуугиан тарьж тэр дороо няцаагдаж байлаа. Ер нь л олон улсын ажиглагч нар Египетийн хувьсгалыг барин тавин тодорхойлж чадахгүй байгаа учраас л болгоомжлох, үйл явдлын өрнөлд нь эргэлзэх хандлага гаргаж байгаа аж. Ингэх нь ч аргагүй. Хэрэв зарим нэгний болгоомжилж байгаа шиг Египет нь исламын хувсгалыг мандуулж Ираны замаар орвол АНУ болон өрнөдийнхний нөлөө арабын ертөнцөд сулрах бол энүүхэнд гэсэн үг. Нөгөө талаар арабын орнуудад “ Египетгүйгээр ямар ч дайн эхэлдэггүй, Сиригүйгээр ямар ч энхийн гэрээг байгуулдаггүй “ гэсэн хэлц ч бас бий. Энэ “муу үг” Ойрхи дорнодыг хамарч тэр бүрт нь Египет улс гол оролцогч нь байж ирсэн олон тооны дайн тулаанаас “модон улаатай” бөгөөд Ойрхи дорнод болоод арабын ертөнцийн тогтвортой байдалд Египет ямар их нөлөөтэй байдгийг давхар батална.

Болгоомжлол ба айдсын зөн

Ямар ч байсан цэрэг армийн дээд консул Тантави төрийн эрхийг гартаа авсныхаа дараа Мубаракийн үед Израйльтай байгуулсан энхийн гэрээг дагаж сахисан хэвээр байх болно гэж мэдэгдсэн нь чухал мэдэгдэл болжээ. Үнэхээр ч Египет Израйлийн хооронд байгуулсан энхийн гэрээ одоо ч арабын ертөнц дэх тогтвортой байдлын тулгуур болсоор байгаа юм. Энэ тухай өрнөдийн нэгэн улстөрч “Египет бол Ойрхи Дорнодын энх тайван байдлыг тэнцвэржүүлэгч ивээс юм”  гэжээ. Хэдийгээр египетчүүд олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээ болгоомжлолыг сарниах гэж байдгаараа хичээж байгаа ч энэ нь тийм ч амар биш аж. Болж өнгөрсөн хувьсгалын гол оролцогчдын нэг “Мусульман ахан дүүс” сөрөг хүчнийхэн мэдэгдэл хийж “Энэ бол исламын хувьсгал биш. Египетийн ард түмний хувьсгал гэж үзэж байгаа” гэж зарлажээ. Тэгсэн ч  нөгөө талаас болгоомжлол төрүүлэх олон хүчин зүйл гарч ирсээр байна. Мубаракийг огцруулах бослого тэмцлийг эхнээс нь дэмжиж байсан Иран улсын шашны тэргүүн  Аятолла Хомейни Кайрт босогчид ялалт байгуулсны дараагаар мэдэгдэл хийж Египет болон Тунист гарсан бослого тэмцэл нь “исламын сэргэн мандаж байгааг харуулж байна” гэжээ.

Мөн тэрээр дээрхи тэмцлийг 1979 онд Иранд гарсан исламын хувьсгалтай зүйрлүүлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гаригт Тегеран болон Каир хот дахь лалын шашны төлөөллүүд уулзалт хэлэлцэээ хийхийг харилцан санал бол­гож, болж өнгөрсөн хувьсгалын талаар болон ла­л­ын ертөнц дэх шашны үүрэг ролийн тухай ярилцахаар тохирчээ. Энэ уулзалтын дараа ямар үр нөлөө гарахыг мэдэх боломжгүй ч Ираны талаас илүүтэй дэмжиж байгаа аж. Гадаадын зарим эх сурвалж Каирийн бослого тэмцэлд голлон оролцсон “Мусульман ахан дүүс” бүлэглэл нь Египетийн хүлээгдэж бай­гаа сонгуулиар ерөнхийлөгчийн суудал бо­лон пар­­ламен­тийн зонхилох суудлыг авч магад­гүй гэж үзэж байгаа юм. Шалтгаан нь энгийн. “Мусульман ахан дүүс” бусадтай харьцуулахад сөрөг хүчнийхээ дотор улстөрийн нам болон сайтар зохион байгуулагдсан цорын ганц бүлэглэл болж  чадаж байгаа гэнэ. Энэ нь сонгуулийн үеэр ам­жилт олох магадлалыг нь өсгөж байгаа хэрэг. Нөгөө талаар Хосни Мубаракийн үед энэ байгууллагын үйл ажиллагааг хориг­лож, гишүүдийг нь улстөрийн хавчлага хэл­мэг­дүү­лэлтэд байнга өртүүлж байсан нь тус бай­гуул­­лагын нэр хүндийг улам ч өсгөсөн байна. 

Харин олон жил Египетийн улстөрийн тавцан дээр ил “тоглолт” хийж байгаагүй “Мусульман ахан дүүс” хэмээх энэ байгууллага чухам ямар үйл ажиллагаа явуулах тухайд ямар ч төсөөлөл байхгүй байгаа нь үнэн. Зарим эх сурвалжууд түүнийг Оросын Октябрийн хувьсгалын үеэр гарч ирсэн меньшевикүүдтэй зүйрлүүлж байгаа юм. Хэрэв энэ зүйрлэл үнэн бол тэдний байр сууриар дамжин жинхэнэ улайрсан хувьсгалчид болох “большевикууд” улстөрд түрэн орж ирэх бөгөөд улмаар меньшевикүүд нь нэг бол шахагдаж нэг бол большевикуудийг дагах тийм л тавилан хүлээж байдаг түүхтэй. Тэгвэл Египетийн большевикууд нь Пакистаны агуйд нуугдах болсон “Исламын дайчин- жихад” хэмээгдэх Аймани аль-Завахари нарын толгойлсон хэт даврагчдын бүлэг болж байна. Тэд 1990 онд Египетэд хувьсгал хийх гэж байгаад хөөгдөж эх орноосоо гарсныхаа дараа  Усама Бин Ладений гарт орж улмаар Аль Кайдагийн тэргүүлэгч фракцийн нэгэн болж амжжээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж