2012 оны боксын ОДАШТ АНУ-д болно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

2012 оны боксын ОДАШТ АНУ-д болно

Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог боксын оюутны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил манай улсад болж байсан билээ. 15 орны 200 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцож байсан тус тэмцээнд Монголын баг тамирчдаас П.Сэрдамба, Н.Төгсцогт, Б.Түвшинбат нар нутгийнхаа рингэнд илүүрхэж, аваргын алтан медаль, харин Э.Идэрхүү, С.Эрдэнэбаяр, Д.Идэрбат нар мөнгө, Д.Отгондалай, Л.Шинэтулга нар хүрэл медаль зүүсэн билээ. Харин дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2012 онд АНУ-ын Колорадо-Спрингст зохион байгуулагдахаар шийдвэрлэснийг Туркийн Эрзуруамд болсон Өвлийн Универсиад наадмын үеэр зарлаж, эрхийг нь гардуулан өгсөн байна. Боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах V тэмцээнийг 2012 оны наймдугаар сарын 2-10-ны өдрүүдэд Колорадогийн их сургуулийн 1300 хүний суудалтай Галлогийн төвд зохион байгуулахаар болсон байна.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээн 2004 он Туркийн Анталия хотноо болж, хамгийн олон буюу 27 орны тамирчид хүч сорьж байсан бол хоёрдугаар тэмцээн 2006 онд Казахстаны Алма-Аты хотод, гуравдугаар тэмцээн 2008 ОХУ-ын Казань хотноо болж байжээ. Харин өнгөрсөн жил манай улс оюутны дэлхийн аваргыг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж