Сангийн хөрөнгийг зарцуулах эрх байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Сангийн хөрөнгийг зарцуулах эрх байхгүй гэв

УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, тус байнгын хорооны гишүүн С.Оюун нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хорооны хувьд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай, Хүний хөгжлийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад гол үүрэг хүлээж ажилласан байна. УИХ-аас Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг гурван их наяд 304.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг дөрвөн их наяд 84.1 тэрбум төгрөгөөр тооцсон.  Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувь болж, өмнө өргөн барьсан төсвийн төслөөс алдагдлын хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн. Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор энэ онд нийт иргэддээ бэлэн болон бэлэн бусаар 805 тэрбум төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь төсвийн алдагдлыг өсгөхөд гол нөлөө үзүүлсэн гэж байнгын хорооны дарга хэллээ. Хэдийгээр дотоодод инфляци өсөн, хүндхэн саруудтай нүүр тулах болж байгаа ч гадаад орчинд таатай үзүүлэлтүүд гарч буй. Тухайлбал, төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж ирсэн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутамдаа 10 мянган ам.доллараас буухгүй ханш нь тогтвортой хадгалагдаж буй нь Монгол Улсын хувьд шар тос гэсэн үг аж. Нэгдсэн төсвийг батлахдаа зэсийн үнийг тонн тутамд 8425 ам.доллараар тооцсон. Ингэхдээ УИХ-аас өнгөрсөн оны зургадугаар сард Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийг баталж, нэг тонны зэсийн үнийг 5900 төгрөгөөр тооцож, зөрүүг нь санд төвлөрүүлэхээр болсон. Энэ дагуу Төсвийн тогтворжуулалтын санд энэ онд 183 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Тус санд одоогоор зэсийн үнийн зөрүүг хуримтлуулж эхлээгүй байна гэсэн мэдээлэл цацагдах болсон ч, түүнийг өөр зүйлд зарцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюун тодотголоо. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 500 мянган төгрөг олгоход жилд 702.5 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Энэ мөнгөний бараг талынх нь эх үүсвэр хаанаас бүрдэх нь тодорхойгүй  ч, Хүний хөгжлийн сангийн мөнгө дутаж байна гэдэг шалтгаанаар Төсвийн тогтворжуулалтын санд орж ирсэн мөнгийг шилжүүлчихье гэж Засгийн газар дураараа дургих ёсгүй. Улс орнууд байгалийн баялгаас олсон мөнгөнийхөө тодорхой хувийг Тогтворжуулалтын санд хуримтлуулж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үедээ авч ашигладаг жишигтэй.  Тэр жишгийн дагуу УИХ-аас баталсан Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах ёстой гэсэн мэдэгдлийг тэд хийлээ.
Ер нь парламент бэлэн мөнгөний амлалтаас сургамж авсан бололтой. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд төсвөөс давсан мөнгийг ард иргэдэд амлахгүй байх заалтыг тусгажээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд популист амлалтаас татгалзах заалтууд ч тусгалаа олчихсон.  Гол нь эдгээр хуулиуд батлагдах нөхцөлд дээрх заалтууд тусгалаа олох нь чухал юм гэж байнгын хорооны дарга хэлэв.
УИХ-ын намрын чуулган завсарласан ч, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу Төсвийн байнгын хороо нь хаврын чуулганаар хэлэлцэх гол, гол хуулийн төслүүд дээр ажлын хэсэг байгуулсан. Тухайлбал, Төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай, Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүд дээр тус бүр ажлын хэсэг байгуулсан бөгөөд завсарлагааны хугацаанд орон нутгийн засаг захиргаа, иргэдээс санал авах аж. Сүүлийн жилүүдэд төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх тухай асуудал олонтаа хөндөгдөх болсон. Энэ дагуу зарим ажлууд эхнээсээ биеллээ олсон. Жишээ нь 500 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын тендерийг орон нутаг бие даан зарлах бололцоог УИХ-аас бүрдүүлчихээд байгаа. Гэхдээ бусад хөрөнгө оруулалтын ажлуудыг орон нутаг хэрхэн бие даан гүйцэтгэх, хэдий хэмжээний хөрөнгийг өөрсдийн нөхцөл бололцоогоор босгох бололцоо байгаа гээд асуудлыг цогцоор авч үзэж, хуульд тусгах шаардлага бий тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд туршлага судлах “аялал”-ыг Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран Зүүн европын орнуудад хийхээр төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж