Сонгуулийн хариуцлагад анхаарах ёстой

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хариуцлагад анхаарах ёстой

Төрийн байгуулалтын байнгын хороо нь УИХ-ын  хаврын чуулганаар 17 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны дарга хэлэхдээ нэн тэргүүнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулахаа амласан. Мөн Засгийн газраас 20 гаруй хоногийн өмнө өргөн барьсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулахад голлон ажиллах аж. Ингэхдээ дээрх хуулийн төсөлтэй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Нийтийн албанд сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төсөл уялдах болж байгааг байнгын хорооны дарга онцоллоо. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос анхаарал тавьж ажиллах нэг чухал асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан явдал. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахалж, бүрэлдэхүүнд нь 40 гаруй хүн багтжээ.  Ажлын хэсэг ирэх тав дугаар сарын 1-н гэхэд санал дүгнэлтээ гаргах учиртай. Эдгээр мэдээллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр сэтгүүлчдэд хийсэн юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхэд санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг та ахалж байгаа юм байна. Хувь хүнийхээ хувьд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та боддог вэ?
-УИХ-ын нэр бүхий 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан нь одоо боловсруулалтын шатанд явж байна. Би ч уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Уг төсөл нь өмнө Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн хоёрыг нь засах агуулгатай юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар хот , тосгодтой холбоотой асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна. УИХ-ын удирдлагын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах нь төрийн бодлогын хэмжээнд авч үзэх асуудал гэж үзэн,  ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бодлогын хүрээнд төслүүдийг нэгтгэж, агуулгыг нь  зангидаж ажиллах учиртай. Хувь гишүүнийхээ хувьд ийм тийм гэж ярихгүй. Бид Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулна гэж зорьж байгаа зүйл биш юм. Харин өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах зорилготой.
 Өнөөдөр УИХ, Засгийн газрын бие даасан хараат байдал үгүй болж төрийн эрх мэдлийн хуваарилалт шударга бус болж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Эрх мэдлийг иргэддээ ойртуулах санал гарч байна. Тиймээс нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой асуудлаар бид анхаарах цаг болсон гэж үздэг. УИХ-ын хувь гишүүнийхээ хувьд орон нутгийн санал асуулгын тухай хуультай болох саналтай байна. Энэ нь шууд ардчиллын замаар сум, дүүрэг,аймаг асуудлаа шийддэг боломжтой  болох. Хуулийн төслөө УИХ-ын хаврын чуулган эхлэхээр өргөн барина.

-УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн ч бас бус бэрхшээлүүд гараад байгаа гэх. Та ч мөн Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар батлах боломж байсан ч, цэвэр улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хойшилсон гэж хэлсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Намын бүлгүүдэд асуудал шилжсэн. Зөрөлдөөнийг арилгахын тулд хоёр намын бүлгийн дунд зөвшилцөл явуулах шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ зөвшилцөлд хүрвэл асуудлыг цаашаа шийдвэрлээд явах бололцоотой. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороо нь Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр хүлээж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ажлын хэсэг болон гишүүдэд анхааруулахад сонгуулийн хариуцлагын асуудалд анхаараасай гэж боддог. Сонгуулийн үеийн маргаан будилаан түүнтэй холбоотой үүсэх хариуцлагын асуудал ямар байх вэ гэдгийг  холбогдох бүх байгууллагын хүмүүсийн дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ хэн нэг нь санал худалдаж УИХ-ын гишүүн болбол гишүүн болсон ч эргүүлэн татах тогтолцоо ямар нэгэн аргаар хуульд тусгаж өгөх нь зүйтэй юм. Энэ асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарч ажиллана.
Дашрамд сануулахад, Төрийн байгуулалтын байнгын хороо нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  Байнгын хорооны нэр дээр байгууллага,  аж ахуйн нэгжээс 160 албан бичиг, иргэдээс 120 өргөдөл ирж, асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэсэн байна. Хэлэлцэн баталсан хуулиудын тухайд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж