Шатахуун нууранд асгараагүй байгаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Шатахуун нууранд асгараагүй байгаа

Хөвсгөл нууранд живсэн  Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр шатахуун тээвэрлэж явсан ХӨА 75-79 улсын дугаарын 6510 литр А-80  шатахуунтай тээвэрлэж явсан хоёр автомашиныг нэгийг энэ сарын 12-ны өдөр гаргаж,  шатахууныг соруулан авч, аюулгүй болгосон. Харин нуурын 45 метрийн гүнд живсэн нөгөө автомашиныг гаргаж авахаар аврах албанынхан ажиллаж буй. Энэ талаар тус аймаг дахь Улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргааны хэлтсийн дарга Л.Даваабаяраас тодрууллаа.

-Хөвсгөл нууран дээгүүр шатахуун тээвэрлэхийг хуулиар зөвшөөрсөн үү?

-Байгаль орчний яамны сайдын тушаалаар шатах  тослох материал тээвэрлэхийг хориглосон хуулийн заалт гарснаас хойш  17  жил болж байна.  Ослын талаар сүүлийн үеийн мэдээлэл гэвэл энэ сарын 8-9-нд  шилжих шөнө нууранд живсэн хоёр автомашины эхнийхийг нь уржигдар 17 цагийн үед уснаас гаргаж, шатахууныг соруулж авсан. Ямар нэгэн байдлаар шатахуун нуур руу алдагдаагүй. Одоо хоёр дахь автомашинаа гаргахаар ажиллаж байна. Нуурын гүн,    аврах албанынхан шумбах, цооног гаргах зэрэгт тоног төхөөрөмж хувцас хэрэглэл хангалттай биш учраас  нэлээд хүндрэл гарч  байна.

-Хоёр дахь машиныг хэзээ гаргах бол?

-Шатахууныг нуур руу алдахгүйн тулд сайтар төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Яарч автомашиныг  оосорлож аваад татаж гаргавал  эрсдэл гарах магадлалтай.  Одоогоор 45 метрийн гүнд байгаа машиныг оосорлож нуурын  мандал дээр гаргах ажиллагаа эхлүүлсэн. Шатахуун нуурын усанд асгараагүй. Хэрэв нуурын гүнд байгаа автомашины шатахуун  алдагдсан бол  усны мандал дээр хөвөөд гараад ирэх ёстой.

-Шатахуун алдагдвал ямар хор хөнөөл учирч болох вэ?

-Асар их хор хохирол учирна шүү дээ. Хөвсгөл далай  маань эмзэг экосистемтэй. Мөн  Монгол Улсын гадаргын цэвэр усны 68.5 хувийг агуулж байдаг. Нэн цэнгэг нуур. Байгаль далайн цутгалын 70 орчим хувийг эзэлдэг.Тэгэхээр шатахуун  асгарч нуур бохирдлуулбал нөхөж барахгүй хор хөнөөл учирна гэсэн үг л дээ. НИК компанийн хувьд хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээх ёстой. Машин осолдсон нь  хориотой замаар шатахуун тээвэрлэж явахдаа горим зөрчин 10 гаруй км газарт төөрснөөс болсон юм билээ.

-Өмнө нь Хөвсгөл нууранд шатахуун алдагдаж байв уу?

-Намайг хүүхэд байхад 1960 оны үед нэг удаа шатахуун нуур руу алдаж байсан  тохиолдол бий. Тухайн үед байгаль  орчны асуудал хурцаар тавигдаж байгаагүй учраас тэгэсийгээд  намжсан.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж