Мөнгөгүй Монголын мөрөөдөл хэзээ бүтэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Мөнгөгүй Монголын мөрөөдөл хэзээ бүтэх вэ?

Монгол Улс чөлөөт бүстэй болохоор бүтэн есөн жил мөрөөдлөө. Аль 2002 онд цаасан дээр буулгасан энэхүү мөрөөдөл хэзээ биелэх нь өнөөдөр  ч үлгэр хэвээрээ  байна. Ер нь бол завтай хүмүүс мөрөөдөж, зорилготой хүмүүс хийдэг гэсэн үг бий.

2002 оны зургадугаар сард Монгол Улсын чөлөөлт бүсийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хуулиар чөлөөт бүс гэж гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол орны нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хиагт боомттой шууд холбогдсон 500 га талбай бүхий нутаг дэсвгэрт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн. Тэр цагаас хойш ямар ч удаан чөлөөт бүсийн тухай лекц уншив даа, манай эрх баригчид.  Даанч мөнгө байхгүй гэх томоохон зовлонтой тулгарсаар цөөнгүй жилийг үджээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл чөлөөт бүс байгуулахад ядах юмгүй, хоёр жил шаардагдана хэмээн том дуугарсан нь саяхан. Гэнэт сэхээ авсан аястай тийнхүү дуугарсанд дургүйцэх хүн ч байсан юм. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас бизнес эрхлэгчдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн худалдааны урсгал” бий болгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан дээрх асуудлаар “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “өгөөмөр” захад худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзлаа. Чөлөөт бүсэд хамтран ажиллах иргэдийн хувьд төрөөс багагүй дэмжлэг үзүүлэхээ албаны хүмүүс амалсан бол иргэдийн хувьд хэзээ байгуулагдах нь тодорхой бус байгаа чөлөөт бүсэд эргэлзэж байгаа нь илэрхий байсан.
 
Албаны хүмүүсийн үгээр бол чөлөөт бүс байгуулахад төрөөс багагүй бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ. Дэд бүтцийн асуудал анхаарч, ерөнхий, мастер гэх зэргээр чөлөөт бүс байгуулахаар баахан төлөвлөгөө боловсруулж байгаа юм байх. Монгол Улс Алтанбулаг,  Замын-Үүд, Чойр гээд хэд хэдэн газарт чөлөөт бүс байгуулахаар төлөвлөжээ. Алтанбулаг чөлөөт бүсийн хувьд үндсэн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд чөлөөт бүсийн доторх найман километр сайжруулсан шороон зам, хилийн 810 метр урт тусгаарлах хашаа, харуул хамгаалалтын байгууламжийн болон бүсийн гэрэлтүүлэг зэрэг асуудлыг шийдвэрлээд байгаа аж. Мэдээж албаны хүмүүсийн амлаж буйгаар энэ онд худалдааны урсгалыг буй болгож, 2012 оноос бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх гэнэ. Хэрвээ үнэхээр л бүтэж чадвал сонсоход таатай  мэдээлэл байна лээ.  Гэхдээ монголчууд сайн ярьж сурсан хүмүүс болохоор бас итгэхэд бэрх сонсогдсон. Учир нь чөлөөт бүсийн тухай хууль батлагдаад бараг арван жилийн  нүүрийг үзэх шахаж байхад нэг бүс нь ч босч чадаагүй байгаа  гэхээр.

Иргэдэд тарааж буй эх орны хишгээрээ дөрөв байтугай чөлөөт бүс босгочих боломжтой юм билээ. Харамсалтай нь, манай эрх баригчдад популист амлалт л чухал болохоор, элдвийн зүйл ярих хэрэггүй байх. Уг нь чөлөөт бүс байгуулчихвал хот дагасан их нүүдэл багасна. Энэ хэрээр эдийн засгийн олон асуудал цэгцэрч, эрх баригчдын толгойны өвчин ч бага багаар намжих болно. Яагаад вэ, гэвэл чөлөөт бүсийг дагаад тэнд төвлөрөл үүсэх нь тодорхой.

Ямар ч байсан ирэх онд л чөлөөт бүсийн тухай дуусдаггүй роман  бас үргэлжлэх бололтой юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээ төрөөс амлаад буй. Худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс гурван жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр дэмжихээ илэрхийлээд байгаа. Харин тэнд худалдан авалт, эрэлт хэрэгцээ, мөнгөний урсгал хэр байх бол гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсан. Ямартай  ч чөлөөт бүсийн мөрөөдлөө эрх баригчид хаа нэгтээ гээчихээгүй бололтой юм. Гэхдээ Мөнгөгүй “Монгол”-ын мөрөөдөл хэзээ бүтэх нь тодорхойгүй.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж