Ардчиллын 13 нууц нэртэй байв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ардчиллын 13 нууц нэртэй байв

Ардчиллын 13 одоогоос 21 жилийн өмнө “малыш” хочит Б.Энхтвүвшингийн өрөөнд цугларч, улстөрд эргэлт буцалтгүй орох ам тангараг тавьцгааж нууц нэртэй болсон аж. Эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Болд гэх нууц нэрийг нөхдөөсөө авсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Намхайжанцан гэх нэртэй болжээ. Дарь-Сүхбаатарыг Цогт, Төрийн шагналт Д.Сосорбарамыг Жүгдэрнамжил хэмээн нэрлэж, утсаар ярих тохиолдолд энэ нэрийг ашиглахаар болж, тохиролцсон байна. Амьхандаа тэд Дотоод явдлын яамныхан яриа чагнаж болзошгүй гэж үзэж, ийм нэрийг өөрсөддөө өгсөн аж.

Ардчиллын 13 дотор гэртээ утастай нь ганц УИХ-ын гишүүн Э.Бат-үүлийнх. Нэг удаа Со жүжигчин Э.Бат-Үүл партизантайгаа утсаар ярихаар болж, гэрийнх нь дугаар руу залгажээ. Утас хүн авахад Со “Намхайжанцантай яръя” гэв. Тэгтэл утасны цаанаас “Тийм хүн байхгүй” гэжээ. Тухайн үед гэрийн утас руу залгахад 50 мөнгө төлдөг байсан аж. Со дахин 50 мөнгө төлж, гэрийнх нь утас руу залган “Батдэлгэртэй яръя, тэгвэл” гэтэл харилцуурын цаанаас Э.Бат-Үүл “Та айл андуураад байна аа” гэжээ. Тэвчээр нь барагдсан Со “Чи ямар хаашаа юм бэ, бид чинь нууц нэрээр ярихаар болоо биз дээ, Бат-Үүлээ. Чи бол Намхайжанцан” гэжээ.

Энэ тухай Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам дурсч, “До яамныхан Бат-Үүл бид хоёрын энэ яриаг сонсоод элгээ хөштөл инээсэн биз” хэмээн нөхдийгөө инээлгэв.

Г.Дарь   

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж