Kубад 100 иргэний 14 нь интернэт хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Kубад 100 иргэний 14 нь интернэт хэрэглэдэг

Эрх чөлөөний арал гэгддэг Куба улсад интернэтийн хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Тус улсын иргэд гэртээ интернэттэй байх нь тун ховор бөгөөд зөвхөн төрийн албан хаагчид, эрдэмтэд, гадаадын бизнесмэнүүд хязгаартай сүлжээнд холбогдсон байдаг ажээ. Эдүгээ Кубын Засгийн газар интернэтийн хэрэглээг чөлөөтэй болгож, айл өрхүүдэд хүргэх боломжийг судалж байна. Кубачууд "дэлхийг хэрсэн виртуал сүлжээ"-нд холбогдож хүмүүстэй харилцахын тулд дийлэнх нь шуудан, холбооны газар руу явдаг.

Саяхнаас Куба арал дээр Венесуэль улсаас татсан шилэн кабель хүрч ирсэн тул интернэтийн хурд огцом нэмэгджээ. Улмаар Гаванын эрх баригчид интернэтийг ард иргэдэд нээлттэй болгох талаар хэлэлцэж байна. Кубын Харилцаа холбооны дэд сайд Хорхе Луис "Венесуэлиэс татсан кабелийг "шидэт дохиур" гэж ойлгох хэрэггүй. Интернэтийг айл гэрт хүргэхэд сүлжээний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай" хэмээн мэдэгдэв. Интернэтийг " ард түмэнд нээлттэй болгоход улс төрийн хориг,хязгаар байх юм биш биз гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр "Энэ үйл явцад хориг саад тавих ямар ч улс төрийн шалтгаан байхгүй. Засгийн газар харилцаа холбооны салбарыг хөгжүүлж, ард иргэдэд хүртээмжтэй болгох чин эрмэлзэлтэй байгаа" хэмээн хариуллаа.

2009 оны байдлаар Кубын 11 сая иргэний 1.6 сая нь интернэт хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ. Энэ нь 100 иргэн бүрийн 14 нь компьютерээр дэлхий нийттэй холбогддог гэсэн үг. Эрх чөлөөний аралд интернэт дэндүү хязгаарлагдмал байгааг эрх баригчид АНУ-ын хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна. Куба улс эл хоригийн улмаас хиймэл дагуулаар дамжуулан интернэтэд холбогддог бөгөөд энэ нь хэт удааны дээр ердийн холболтоос хавьгүй илүү зардалтай байдаг аж. Гэвч ах дүү Кастрогийн дотны нөхөр Уго Чавес Каракасаас Гавана хүртэл 1600 км шилэн кабель татсанаар арал дээрх өгөгдөл дамжуулах хурд 3000 дахин нэмэгдлээ. Куба иргэд тун удахгүй  гэртээ  өндөр хурдны, элдэв хязгаарлалт хориггүй интернэттэй болно хэмээн алгаа үрчиж сууна.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж