Хамгийн үнэтэй баглаа 300 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй баглаа 300 мянган төгрөг

Өнөөдөр Гэгээн хайрын өдөр буюу
олонхийн нэрлэж заншсанаар Валентинийн баяр. Хайртай хосоо баярлуулан
хайр сэтгэлээ илэрхийлдэг энэхүү баярыг залуус сүүлийн үед өргөн
тэмдэглэх болсон. Энэ өдөр манай залуус хэрхэн баярлаж нэг нэгэндээ ямар
бэлэг хамгийн ихээр сонгож буй болон бэлгийн үнэ ханшийг сонирхлоо.

УИД-ын нэгдүгээр давхар хайртаа баярлуулах гэсэн хосуудын хөл хөдөлгөөнд
хэдийнэ дарагджээ. Өнөөдөр хэдийгээр ажлын өдөр ч жилд ганц тохиодог
энэ л “Гэгээн хайрын” өдөр  амжиж хайр сэтгэлээ илчлэн, хайртай хүнээ
баярлуулахаар яаран  ирсэн  залуусын аз жаргалтай харцыг татах гоёмсог
цэцгийн баглаа, чамин боодолтой бэлгүүд нүд унагам гоёхон харагдана.

УИХ-ын цэцгийн тасагт ер нь бусад дэлгүүрүүдэд ч сарнай цэцэг 1500
төгрөгийн үнэтэй. Харин баглаа цэцэг боолт, хэмжээ, тооноосоо хамааран
30 мянган төгрөгөөс дээш үнээр зарагдаж байсан бол ил захидал 500-1500
төгрөг, бэлгийн чамин цаасан тор, гоёмсог хайрцгууд 1500-8000 төгрөгний
үнэтэй байлаа.

 “Цэцэг” төвд ч хайртыгаа баярлуулах гэсэн залуус олон. Дэлгүүрт “Энэ
цэцэг ямар үнэтэй вэ”, “Улаан сарнайн баглааг хаягаар хүргүүлмээр
байна”, “Энэ чихмэл тоглооом хэд вэ”, “Надад бол ил захидал дээр
сэтгэлийн үгээ бичээд өгсөн нь гоё оо”, “Зүрхэн хэлбэртэй хайрцаг байгаа
юу” гэх яриа энд тэндгүй өрнөн худалдагч нар нааш цааш гүйлдэн
зогсолтгүй цэцэг, бэлэг боож ачаалал ихтэй л байлаа. Сонирхуулахад
зүрхэн хэлбэртэй бэлгийн хайрцаг олдохгүй, орсон газар бүр “Өчигдөр,
уржигдар зарагдаад дууссан” гэж байв. Эртхэн бэлгээ бэлтгэхгүй бол энэ
мэт зүйлс тийм ч хангалттай байдаггүй бололтой. “Цэцэг” төвийн “Flora”
цэцгийн дэлгүүрт хамгийн том цэцгийн баглаа байна.  “Би чамд хайртай”
гэсэн нэртэй 247 ширхэг сарнай цэцгийн баглаа 300 мянган төгрөгийн
үнэтэй.  Хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн харцыг булаан бяцхан
атаархуулах хамгийн том басхүү хамгийн үнэтэй сагс дүүрэн сарнай гоёхон
байсан. Харин гайхам сайхан энэхүү цэцгийн баглаа шалан дээр тавьсан
байсан нь тиймхэн санагдсан шүү. Мөн 99 ширхэг сарнайнаас бүрдсэн
гоёмсон сагстай цэцэг 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Хайртдаа
хайртай бөгөөд бэлтэй хүний авдаг л бэлэг.

Өмнө нь энэ баярын өдөр МУБИС буюу хуучнаар Багшийн дээдийн автобусны
буудлын арын эгнэсэн бяцхан дэлгүүрүүд оюутан залуус, арван жилийнхний
хөлд дарагддаг байсан бол энэ жил тэндэх дэлгүүрүүдийг татан буулгасан
болохоор нэг л эл хуль оргино. Уг нь бэл муутайхан оюутан залуус эндээс
үнэ хямд ч сэтгэл шингэсэн бэлгээ сонгодог байсан юм. Ямартаа ч бэлэг
дурсгалын зүйлс, цэцгийн баглаа худалдаалдаг дэлгүүр, жижиг лангуу бүр
хөл хөдөлгөөн ихтэй байна.   

Гэгээн хайрын баярт зориулан хайртай хүндээ барих хамгийн нандин бэлгийн
үзэсгэлэн худалдааг “Наран Групп” анх удаа энэ  сарын 11-14-ныг дуустал
13 дугаар хороолол дахь үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгээс та Swarovski, Esprit, Kids world, Swatch, Pupa,
Tulip, Lorea"l, Thann, Yves Rocher зэрэг дэлхийд алдартай брэндийн чамин
бэлгийг хайртдаа зориулан худалдан авахаас гадна төрөл бүрийн амтат
шокаладаас сонголтоо хийх боломжтой байгаа аж.

Манай эриний 270 онд хайр сэтгэлээ мөнхлөн хорвоог орхисон Валентины
дурсгалд зориулж дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд "Гэгээн
Валентины баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 17 дугаар зууны үеэс
Америк, Англид тэмдэглэх болжээ. Өнөөдөр Франц, Австрали, Канад, Мексик
зэрэг улсад өргөн тэмдэглэж байна.

1840 онд Валентины өдөрт зориулан анхны бэлгийн картыг бөөнөөр
үйлдвэрлэсэн аж. Хамгийн анхны Валентины карт Британы музейд хадгалагдаж
байна. Ил захидлын холбооны судалгаагаар жил бүр энэ баяраар дэлхий
даяар нэг тэрбум ил захидал илгээгддэг аж.  Валентины өдөрт зориулсан
бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг гэсэн сонирхолтой судалгаа
байдаг юм байна.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж