“Алтан Ураг” хамтлаг дэлхийн хамтлаг болно

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

“Алтан Ураг” хамтлаг дэлхийн хамтлаг болно

Фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан Ураг” хамтлагийнхан дэлхийн оюуны өмчийн “BMI” байгууллагын гишүүн болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тус хамтлагийн бишгүүрчин Д.Чимэдтогтох “BMI гэдэг нь дэлхийн хөгжмийн зохиолч, ая зохиогч, хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн эрх, оюуны өмчийг дэлхий дахинд хамгаалах, түгээх, хөгжим ашиглагч бүхий л байгууллагуудад зохиогчийн эрхийн дагуу лиценз олгох үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Энэ байгууллагатай дэлхийн олон алдартай хамтлаг, дуучид хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсаас анх удаа манай хамтлаг нь гишүүнээр элсч, 2011 оноос эхлэн хамтран ажиллах болсон. Ингэснээр бидний бүх уран бүтээлийн BMI оюуны өмчөөр хамгаалж байх юм. Монголд бидний уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашигладаг олон тохиолдол байдаг. Наад зах нь телевизийн нэвтрүүлэгт манай хамтлагийн дуу эгшиглэж байх жишээтэй. Тиймээс одоо энэ бүхэнд цэг тавьж албан ёсны зөвшөөрлийн лицензийг олгох болно. Энэ бүхний BMI хийх болно. BMI нь бидний уран бүтээлийн хиймэл дагуулын сүлжээ ашиглан хамгаалах юм. Бид хамгийн эхний зөвшөөрлийг лицензээ Hi-Fi CD Shop-т өгөх юм. “Алтан Ураг” хамтлаг дэлхийн хамтлаг болохын тулд эхлээд хуулиар бүтээлээ хамгаалуулсан байх ёстой. Иймд бид BMI-д элссэн” гэв.
Тэдний хэлж буйгаар Монголын аль ч телевиз, FM Радио, реклам зар сурталчилгаанд “Алтан Ураг” хамтлагийн уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй гэнэ. Зөвшөөрөл авахын тулд BMI-гаас лиценз авах шаардлагатай аж. Мөн тэд ирэх гуравдугаар сард Канад улсад болох “Канадын долоо хоног” хөгжмийн форумд оролцохоор бэлтгэж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж