Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Би чам руу нисч байна

Би нисч байна. Хэзээ унахаа мэдэхгүй ээ, мэдэхгүй. Хязгааргүй их аз жаргалаар жигүүр хийн огторгуйн алс дайд тийш нисч байна. Хий хоосон агаарт жингүйдэн хөөрөх аймшигтай атлаа аз жаргалтай мансуурлын өвчинг би тусчээ. Хичнээн сайн оточ байгаад ч хэзээ ч эдгээхгүй эмгэнэлтэй энэ өвчнийг тусчихаж. Хамаг бие минь битүү хөлөрч, зүрх ойр ойрхон хүчтэй цохилон зүүдний молор ертөнцөөс эргэж ирэхгүйгээр одчихож.

Хэн нэгэн нь бүү сэрээгээсэй. Сэрчих л юм бол бүх зүйл утгаа алдаж орхих нь байна. Үүнийг хайр дурлал гэж хэн нэгэн нь надад хэллээ. Эдгэшгүй, улам лавшран зовоох тэнгэрлиг өвчин гэж бас дээрээс нь нэмж шивнэлээ. Би хязгааргүй уудам огторгуйн гүн тийш хүсэл мөрөөдлийн цэцэгс түүн түүн рүүгээ ниссээр. Хүсэвч эс хагацах энэ тэнгэрлэг өвчин улам бүр эдгэшгүй байгаасай хэмээн хүснэм. 

Яг одоо би чамайг санаж байна. Дэргэд минь байгаасай, тэгээд миний дуртай үгийг шивнээсэй гэж хүснэ. Бүх зүйлээс чиний минь үнэр ханхална. Чиний өрөөн дотуур холхин үл мэдэг шоолонгуй инээмсэглэх дүр төрхийг сэтгэл ургуулан нэхнэ. Чи минь инээмэглэх дуртай. Тэр үедээ бурхны элчис ч эгнэмгүй хөөрхөн болдгоо чи минь мэддэг юм шиг инээмсэглэдэгсэн.

Гэрэл гэгээ… Энэ үгний үнэ цэнийг би өмнө нь мэддэггүй байжээ. Одоо харин хэнд ч гэрэл гэгээ ямар гайхамшигтай зүйл болохыг хэдэн цагаар ч тайлбарлаж чадна. Чамайг байхад гэрэл гэгээ улам тансаг, аугаа гайхамшигтай болж чамайг эзгүйд унтран бөхнө. Тийм атлаа чиний тухай дурсамж сэргээд ирэхээр мөнөөх гэрэл гэгээ хэчнээн гайхамшигтай болон сэтгэлд амилдаг гээч. Чиний уран нарийн хуруу хоосон агаарт бүжих мэт дэвэлзэхэд гэрэл гэгээ цацарна. Үл мэдэг гунхасхийн хажууд минь суухад сарны хөхөлбөр туяа цагаан шаргал гэгээгээр тэр дорхноо солигдоно. Амьдралын бүхий л гэгээн өнгийг чи минь өөртөө шингээсэн болохоор амьдралын гоё сайхан бүхний эхлэл гэж би чамайгаа төсөөлөх дуртай.

Чиний тухай бодохоор дахиад л мансууран хөвж, салж чадамгүй хүсэл мөрөөдлийн далайд сэлүүргүй завь хөлөглөн хөвнө. Хачин намуухан аяз тэнгис далай дээгүүр хөвж дууч шувуухайн яруухан дуу хоолой мэт чиний дуун зүг дахиад л хөвж эхэлнэ. Хэчнээн ч удаан хөвлөө гэсэн чиний минь дуу хоолой надад зүг чиг, хүрэх алсын зорилго болном.

Тийм ээ, би тэнгэрлэг өвчтэй хүн. Би хайр дурлалд шархдаж гэгээн сайхнаар өвчилж яваа азтай нэгэн. Хорвоогийн ямар ч сайн эмч энэ өвчнийг минь эмчлээд өгье гэсэн ч би хэзээ ч зөвшөөрөхгүй. Чамтай хамт бүхий л цаг хугацааг өнгөрүүлэхээс эрхэм дээдийн аз жаргал гэж юу байхсан билээ. Энэ л миний өвчний шалтгаан. Өд шиг хөнгөхнөөр огторгуйн дайд тийш гэрлийн хурдаар тэмүүлэхсэн гэж туйлгүй хүсдэг тэнгэрлэг өвчтэй хөнгөхөнөөс хөнгөхөн өд. Огт оргуйгээс биежин гэрэлтэх одод ч миний дэргэд юу ч биш. Яагаад гэвэл өд миний гэрэл гэгээ дотроо оршдог юм.

Хааяа би жигтэйхэн гялалзсан шаргал өнгөөр гэрэлтсэн лам шувуу гэж өөрийгөө санадаг. Бурхны унаа, хэл чимээ нь болсон лам шувууны тухай сайхан домог байдаг даа. Яг тэр домог үлгэрийн биелэл нь би юм шиг. Хайр сэтгэлээр жигүүр хийсэн тэр шувуу ертөнцийн гүн дайдаас өөрийнхөө аз жаргалын гүнж болсон лам шувууг хайдаг юм гэнэ лээ. Тиймээс бурхан энэ гайхамшигт үнэнч хайр сэтгэлийг нь бишрэн шүтэж түүнд мөнх хутаг хайрласан гэдэг. Бас хормын төдийд аль хүсссэн газартаа нүд ирмэхийн зуурт хүрэх их билиг өгсөн ч гэлцдэг. Тийм дээ ч бурхны бишрэлийг хүлээсэн амьтан гэж бодохоор эрхгүй хүндэтгэл төрнө. Хүндэтгэл гэж хэлэхэд багадахаар гайхамшигт сэтгэгдэл төрнө.

Тийм л шувуу болохсон.
Хайртыгаа хайн ертөнцийн бүхий л огторгуйгаар хэрэн хэсч чухамхүү тэр л хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг тэтгэн чимэхсэн. Чи минь үзэсгэлэнт гүнж лам шувуу болчихсон хаа ч юм бэ нуугдчихаад бүхий л амьдралынхаа туршид мөнхөд хайхсан гэх гэгээн мөрөөдөл асна. Гэтэл бас чамайгаа хаа нэгтээ намайг хайж явбал сайхнаа гэж мөрөөднө. Чи бид хоёр учрах хувь зохиолгүй байсан ч хамаагүй хамгийн гол нь би чамдаа хайртай байж тэр чиний гэх бүх дурсамжаар мөнхөд амьдрах нь жинхэнэ аз жаргал. Тийм биш гэж үү. Хайрт минь. Хэзээ нэгтээ чи ч бас намайг эрэн хайж явбал,

… Хэн нэгэн нь бүү сэрээгээсэй. Сэрчих л юм бол бүх зүйл утгаа алдаж орхих нь байна. Үүнийг хайр дурлал гэж хэн нэгэн нь надад хэллээ. Эдгэшгүй, улам лавшран зовоох тэнгэрлиг өвчин гэж бас дээрээс нь нэмж шивнэлээ. Би хязгааргүй уудам огторгуйн гүн тийш хүсэл мөрөөдлийн цэцэгс түүн түүн рүүгээ ниссээр. Хүсэвч эс хагацах энэ тэнгэрлэг өвчин улам бүр эдгэшгүй байгаасай хэмээн хүснэм. 

Шүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж