
Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Чөлөөт өрсөлдөөн бүхий эдийн засгийн олон талт оновчтой бүтцийг бий болгоно…” гэж тусгасан ч өнөөдөр бодит байдал дээр эрс өөр өнгө аяс илэрхийлэх болсон. Үндсэндээ уул уурхай руу л уулга алдан хошуурч, зөвхөн энэ салбарыг эдийн засгийн хөгжлийн гарц хэмээн хэлбийж байна. Хөдөө аж ахуй болон мал аж ахуйд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх талаар мэр сэр ярьж байгаа ч яг барьж аваад зоригтой хийж байгаа дорвитой ажил бас л алга. Харин сүүлийн үед эдийн засгийг төрөлжүүлж, төвлөрүүлж хөгжүүлэх буюу кластер бий болгох тал дээр залуу эрдэмтэд нэлээд анхаарах болсон нь нэн таатай мэдээ. Тодруулбал, өнгөрсөн онд байгуулагдсан Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо /МҮЗХ/ төрийн бус байгууллагаас Кластерийн хөгжлийн санаачилга гаргаж үндэсний хэмжээний сүлжээ байгуулахаар ажиллаж эхэлжээ. Кластерийн хөгжилд судалгаа шинжилгээний болон зөвлөх байгууллагуудын үүрэг өндөр байдаг. Тийм ч учраас МҮЗХ-ныхон олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий кластеруудийг дэмжих үндэсний зөвлөхийн хүчирхэг баг бий болгохыг гол зорилгоо болгожээ. Үнэхээр ч манай улс том, жижиг гэлтгүй бүхий л төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны зөвлөхүүдийг урьж ажиллуулах нь түгээмэл болсон. Ер нь аливаа төсөл хөтөлбөрийн нийт зардлын 15-16 хувь нь зөвлөх үйлчилгээнд зарцуулагддаг гэдэг. Тэгэхээр бид хэдий чинээ гадны зөвлөх ажиллуулна, төдий чинээ зардал гадагшаа урсч байна гэсэн үг. Уг нь манай үндэсний зөвлөхүүдийн чадвар туршлага хаана ч гологдохгүй. Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн хүн олон байдгийг бид мэднэ. Гагцхүү гадныхан гэхээр бусдаас илүү гэж хардаг хуучинсаг сэтгэлгээ л үүнд нөлөөлдөг нь гарцаагүй. Энэ бүхэн кластерт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор болсоор байгаа юм. Хэдийгээр кластерийн тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийн түвшинд нэн шинэ зүйл хэдий ч хэрэгжүүлэх механизм, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж чадсан улс орнууд богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байна.
Кластерт тулгуурласан өрсөлдөх чадварын микро эдийн засгийн үзэл санаа 1990-ээд оноос дэлгэрч, 2000 оноос эхлэн эдийн засаг, хамтын ажиллагааны олон улсын болон бүс нутгийн томоохон байгууллагууд энэ чиглэлд гол бодлогоо төвлөрүүлж, хөрөнгө мөнгө ч их зарцуулжээ. Тухайлбал, Европын комисс, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэргээс дээрх чиглэлээр 250 орчим санаачилга гаргаж, өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.
Кластерийг хөгжүүлэхэд төрийн шууд ба шууд бус оролцоо ихээхэн нөлөөтэй ч “байршил”, “дэмжлэг” гэсэн хоёр хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг ажээ. Харилцан хамааралтай эдийн засгийн бүтцүүд нэг дор байх тусмаа зардал хэмнэдэг учраас байршил нэн чухал. Харин дэмжлэг гэдэг нь мөнгө өг гэсэн үг биш. Хятадын аль ч хотод Haier, Lenovo брэндийн комьпютер түгээмэл ашигладаг нь үндэсний үйлдвэрлэлээ худалдан авалтаар дэмжиж буйн тод жишээ. Төр нь мөнгө өгөх бус, хэрэглэгч нь худалдаж авна гэдэг жинхэнэ хөрөнгө оруулалт болдог. Манайд бол эсрэгээрээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр жил бүр хэдэн арван тэрбум төгрөг салхинд хийсгэдэг. Худалдан авах чадвар муутай дотоодын хэрэглэгчид үндэсний үйлдвэрээ дэмжиж байна гээд өндөр үнэтэй Монгол оймс тэр бүр аваад байж чадахгүй. Хэрэглэгч нь чадвартай байлаа ч үйлдвэрийнх нь цар хүрээ жижиг. Гадны хэрэглэгчид эсгий оймсыг өмсөх гэж бус, сувеннер маягаар л худалдаж авдаг нь гашуун үнэн. Ийм байдалтай жижиг, дунд үйлдвэрүүд хол явахгүй нь тодорхой. Хатуухан хэлэхэд энэ бол Засгийн газарт кластерийн тухай анхан шатны ч ойлголт байхгүйн илрэл юм.
Өрсөлдөх чадварын хөгжлийн үе шатыг нөөцөд тулгуурласан, бүтээмжид тулгуурласан, мэдлэгт тулгуурласан гэсэн гурван загварт хуваан авч үздэг. Үүнээс хамгийн ирээдүйгүй, болхи нь бидний замнаж буй нөөцөд тулгуурласан загвар. Харин зарим улс орон бүтээмжид тулгуурлахаас хүртэл татгалзаж, шууд мэдлэгт тулгуурласан өндөр технологи руу орж байна. Инноваци руу явах тусам эдийн засгийн үр өгөөж өсдөг. Жишээ нь, гуравхан мянган хүн компьютерийн үйлдлийн системийг үйлдвэрлээд дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Тэднээс илүү зардал огт гарахгүй. Энэ бол мэдлэгийн хүч юм. Манай улсын хувьд бүтээмжид тулгуурласан загвар 60-аад оноос нэвтэрч аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдсан ч 90-ээд он гэхэд бүгд эргээд унасан. Харин өнөөдөр хүнд аж үйлдвэр бус, хөнгөн үйлдвэрлэлийг кластерийн зарчмаар хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө байна. Тухайлбал, аялал жуулчлал, мах, ноолуур, улаанбуудай, сүүн бүтээгдэхүүн, чацаргана, барилгын чиглэлээр кластер бий болгоход хамгийн тохиромжтой гэж Кластерийн хөгжлийн санаачилгынхан үзэж байгаа юм билээ. Тэд эхний ээлжинд дээрх салбарын мэргэжлийн холбоод болон аж ахуй эрхлэгчидтэй холбоо тогтоож кластер хөгжүүлэх суурь судалгааны ажлуудыг хийж эхэлсэн аж. Чили улс яг манайх шиг уул уурхайн орлогоос эдийн засаг нь хамаардаг байсан цаг саяхан. Харин вино болон бусад төрлийн кластерийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, гадны зах зээл рүү хүч түрэн орсон байдаг. Өдгөө Чилийн уул уурхайн орлого асар их хэмжээтэй ч дотоодын нийт эдийн засгийнх нь ердөө 20-хон хувийг л эзэлж байна. Монголчууд бидэнд ч энэ жишгээр явах бүрэн боломж бий. Харин тэр боломжийг бодит байдал болгохын тулд дээр дурьдсан кластеруудийг хөгжүүлэх төрийн оновчтой бодлого, дэмжлэг нэн шаардлагатай байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин