Азийн орнууд инфляцитай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Азийн орнууд инфляцитай тэмцэж байна

Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг Хойд Америк, баруун Европ биш харин Азийн орнууд тодорхойлдог боллоо хэмээн ажиг­лагчид шуугих болов. Өнгөрсөн онд АНУ, Европын холбооны санхүүгийн зах зээл дампуурах дөхсөн. Гэтэл Хятад, Энэтхэг, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Азийн олон орны эдийн засаг тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өндөр хувьтай гарсан юм. Дэлхийн эдийн засаг энэ онд тэлнэ гэж шинжээчид дуу нэгтэйгээр баталж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн Азийн зах зээлээс хамааралтай гэхэд хилсдэхгүй.

Азийн хөрөнгийн зах зээл тэлж, өнөөдрийнх шиг амжилтад хүрч байсан түүх 1990-ээд оны сүүл үед бий. Гэвч тухайн үед амжилтын оргил өөд мацаж явсан азиуд гэнэтхэн санхүүгийн хямралд өртсөн. Үүний шалтгааныг европ, америкчуудтай холбон тайлбарладаг. Тэд дотоо­дынхоо зах зээлийг хямралд өртөх вий гэж болгоомжлон Ази руу маш их хөрөнгө оруулалт хийсэн байж. Гэвч нэг л өдөр хэт халалт болж, эдийн засагчдын хэллэгээр бол “хөөс” үүссэн Азийн зах зээлээс хөрөнгөө татсан нь тийнхүү санхүүгийн хямралын нэг үеийг бий болгосон юм. Хэдийгээр өнөөдөр Азийн орнуудын эдийн засаг тэлэх болсон шалтгаан нь тэр үеийнхээс өөр боловч түүх давтагдаж магадгүй гэх таамгийг зарим шинжээч гаргаад байгаа. Одоогийн байдлаар Азийн орнуудад үнийн хөөрөгдөл гаарч байгаа нь хувьцаа, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх вий гэдгээс ийм болгоомжлол үүсчээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд инфляци нэмэгдэж байгаа орнуудаас хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах хандлага ажиглагдаж байгаа юм. Ямартай ч Азийн орнуудын төв банк нь инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ нэмэх боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Индо­незийн төв банк сүүлийн хоёр жи­лийн дотор анх удаа бодлогын хүүгээ нэмжээ. Хятадын хувьд сүүлийн дөрвөн сард гурав дахь удаагаа зээлийн хүүгээ өсгөсөн. Өн­гөрсөн онд дотоодын нийт бү­тээгдэхүүн нь 9.2 хувиар өссөн тус улсын хувьд зээлийн хүүг 6.06 хувь, хадгаламжийн хүүг гурван хувь болгосон аж. Инфляци нэмэгдэхэд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгаа. Гэтэл Хятадын хүн амын дийлэнх хувь нь амьжиргааны түвшин доогуур байдаг учир үнийн өсөлт тэдний амьдралд хүнд тусах юм.

Харин өнгөрсөн баасан га­рагт Өмнөд Солонгосын эдийн засгийн бодлого боловсруулагчид хуралдаж, мөн л бодлогын хүүгээ нэмнэ гэж үзэж байсан ч шинжээчдийн энэхүү таамаг талаар болсон. Тус улс бодлогын хүүгээ 2.75 хувьтай хэвээр үлдээхээр болжээ. Тэд ирэх сард дахин хуралдаж, мөнгөний бодлогоо чангатгах талаар хэлэлцэх бололтой. Гэхдээ Өмнөд Солонгосын Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэхийг эн тэргүүний зорилт болгосон хэвээр байгаа юм. Тус улсад инфляцийн түвшин дөрвөн хувьд хүрчихээд байна. Харин төв банк нь дөрвөн хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан аж. Тиймээс бодлогын хүүгээ ирэх сард нэмэх нь зайлшгүй гэж шинжээчид үзжээ.

Энэтхэгийн төв банкны хувьд бодлогын хүүгээ мөн л нэмсэн. Тус улсад түлш шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн билээ. Үүнээс болж иргэд нь ажил хаялт зарлаж, бодлого боловсруулагчдаа шүүмжлэх болсон юм. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар инфляцийг бууруулахын тулд дорвитой алхам хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн гэхэд болно. Тус улсын төв банк өнгөрсөн сард 2010 оны гуравдугаар сараас  хойш долоо дахь удаагаа бодлогын хүүгээ нэмжээ.

Сингапурт төвтэй “Daiwa Institute”-ийн эдийн засагч П.К.Басу “Азийн орнуудын төв банкууд инфляцитай том “дайн” зарлаж байгааг бид харж байна. Тэд иймэрхүү байдлаар бодлогын хүүг нэмбэл энэ оны дунд үе болоход инфляци зохих түвшинд хүрч буурах магадлалтай” гэсэн байна. “UBS” банкны шинжээч Жонатан Андерсон “Инфляци буурахгүй ч байж магадгүй. Гэхдээ ядаж үнийн өсөлт нэмэгдэхээ болино” гэжээ. Энэ үед америкчууд ч мөн өөрсдийн сонирхлоо илэрхийлж амжжээ. Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бэн Бэрнанке Конгрессын хуралдааны үеэр “Өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудад инфляци гаарч байна. Тэнд эдийн засаг нь хэт халж байгаа. Тиймээс тэдгээр орон мөнгөний бодлогоо чангатгаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах хэрэгтэй” гэсэн аж.

Хэдийгээр Азийн “томчууд” мөнгөний бодлогоо хумиад эхэлбэл тэр хэрээрээ эрэлт нь буурна гэх болгоомжлол газар авч байгаа боловч энэ нь дэлхийн эдийн засгийг тэр чигт нь “самраачихгүйн” тулд хийж буй оновчтой алхам гэдгийг шинжээчид  нотолж байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж