Биржүүд нэгдсэнээр Монголд боломж нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Биржүүд нэгдсэнээр Монголд боломж нээгдэнэ

Олон улсын Хөрөнгийн биржүүд нэгдэж эхэллээ. Нью-Йоркийн Хөрөнгийн бирж, Дотчи Борси хоёр хамтрах талаарх яриа хэлэлцээрийн шатанд явна. Хэрэв энэ хоёр бирж нэгдэж чадвал ашиг орлогын хэмжээ, бүртгэлтэй компанийн тоогоороо дэлхийд тэргүүлэх юм. Нью-Йорк, Франкфуртын Дотчи  хоёр нэгдэхтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржийг эзэмшдэг Канадын “ТМХ” группийг Лондоны Хөрөнгийн бирж худалдан авахаар болсон тухай мэдээлэл цацагдлаа. Ингэхдээ 3.2 тэрбум ам.долларын үнийн санал тавьж, таван сарын турш хэлэлцсэний эцэст уг асуудал дуусах шатандаа ороод байна. Торонто, Лондоны Хөрөнгийн бирж нь уул уурхайн компаниудын хувьцааг арилжаалдаг хамгийн таатай газар юм.

Их Британи, Канадын биржүүд нэгдсэний дараа Лондоны Хөрөнгийн биржийн нэг жилийн үйл ажиллагааны зардал 56 сая ам.доллараар багасах аж. Энэ талаар “Bloomberg”-т мэдээлжээ. Нэгдсэн биржид 6700 орчим компани бүртгэлтэй байх ба тэдний зах зээлийн нийт үнэлгээ нь 5.9 их наяд ам.доллар болох юм. Лондоны Хөрөнгийн бирж нэгдсэн компанийн хувьцааны 55 хувийг эзэмшихээр болсон бол үлдсэн нь “ТМХ”-ийн мэдэлд орох аж. Лондоны Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавиер Ролет нэгдсэн компанийг хариуцах ба Торонтогийн биржийн Томас Клоэт ерөнхийлөгчөөр нь ажиллахаар болжээ.

Хоёр бирж нэгдэж байгаа талаар Торонтогийн биржийн захирал Т.Клоэт “Канадын үйлчлүүлэгчид дэлхийн хамгийн том Хөрөнгийн зах зээлд гарах боломж  нээгдэж байгаа. Харин европчууд Хойд Америкийн санхүүгийн зах зээлд нэвтэрч болохоор боллоо” хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Лондоны бирж дээр давхар арилжаа хийх боломжтой гэсэн үг юм. Харин манай компаниуд яах вэ.

Өнгөрсөн сард Монголын хөрөнгийн биржийг удирдах менежментийн багаар Лондоны Хөрөнгийн бирж тодорч, албан ёсоор гэрээ хэлэлцээр байгуулж, үзэглэсэн билээ. Энэ үеэр Лондоны Хөрөнгийн биржийн гүйцэтгэх хорооны гишүүн Антони Виерсин “Монголчууд хөрөнгийн биржээрээ дамжуулан Лондоны Хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаа хийх боломжтой” гэж байв. Харин тус бирж Торонтогийн Хөрөнгийн биржийг хариуцсан “ТМХ” группийн хувьцааг худалдаж авч байгаа энэ үед монголчуудын хувьд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр арилжаа хийж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид байгалийн баялгаа Хойд Америкийн зах зээлд гаргах боломж нээлттэй боллоо. Энэ талаар мэргэжилтнээс тодруулахад ч мөн адил хариултыг өгч байв. Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг “Хоёр бирж нэгдэх тухай яригдаж байгаа боловч үнэн хэрэгтээ Лондоны Хөрөнгийн бирж Торонтогийн биржийг худалдаж авч байгаа. Тийм учраас тэднийхээс манайхтай байгуулсан гэрээний зүйл, заалтад өөрчлөлт орохгүй. Энэ утгаараа хоёр бирж нэгдэж байгаа нь манайд ямар нэг сөрөг нөлөөгүй. Монголчуудын хувьд харин ч бүр илүү боломж нээж байна гэсэн үг” гэж ярьсан юм.

Англичуудын хувьд Монголын хөрөнгийн биржийг олон улсын түвшинд хүргэх “хүндхэн” үүрэг хүлээсэн хүмүүс. Тэд Зүүн Европын Хорватаас эхлээд Ази, Африкийн олон орны хувьцааны зах зээлийг амжилтад хүргэсэн түүхтэй хэмээн өөрсдийгөө магтдаг. Манайхны хувьд ч яах вэ, дэлхийд данстай том биржийн багаар менежментээ хийлгэчихдэг юм байж. Гэтэл тэд яагаад Монголыг сонгов гэх асуултыг олон нийтийн зүгээс тавьж байсан юм.

Лондоны Хөрөнгийн бирж “ТМХ” групптэй нэгдсэнээрээ уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаагаа арилжаалдаг хамгийн том бирж болсон тухай дээр дурьдсан. Гэтэл дөнгөж 1991 онд байгуулагдсан, хувьцааны арилжаа нь өчүүхэн багаар хэмжигддэг Монголын хөрөнгийн биржийг сонирхох болсон шалтгааныг олон улсын хэвлэлүүдэд Монголын байгалийн баялагтай холбон тайлбарлаж, “Та нар хүсвэл шоолж болно. Гэхдээ Монгол бол үнэхээр анхаарахгүй байхын аргагүй том тоглоом” гэж бичсэн байх юм. “Financial Times” сонины сэтгүүлч Жиоф Дайр энэ талаар “Монгол Улс нүүрс, зэс, алтны асар их нөөц баялагтай. Тэр хэрээрээ хөрөнгө оруулагч, уул уурхайн компаниудыг өөртөө татаж байна. Тэгэхээр Хөрөнгийн бирж нь хөгжих асар их ирээдүйтэй” гэжээ. Олон улсын стандартаар бол гуравдугаар зэрэглэлтэйд тооцогдох Монголын хөрөнгийн биржид хувьцааны арилжаа хийх ажлыг “MillenniumIT” компани хариуцсан. Лондоны Хөрөнгийн бирж Шри-Ланкийн “MillenniumIT” компанийг 2009 онд худалдаж авсан аж. Тэд одоо ярьж байгаа шигээ амжилттай ажиллавал тун ойрын ирээдүйд “Рио Тинто”-гийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдахыг үгүйсгэхгүй. Харин Лондоны Хөрөнгийн биржийнхний хувьд Монголын  уул уурхайн салбарт ашигтай ажиллаж байгаа томоохон компаниудын хувьцааг Манай Хөрөнгийн биржээр дамжуулан өөрсдийн бирж дээр гаргах сонирхолтой байгаа юм. Одоогийн байдлаар Лондоны Хөрөнгийн бирж дээр Монголд газрын тос олборлох эрх бүхий “Петро Матад” компани бүртгэлтэй байна.

Дашрамд дурьдахад, Лондон, Торонтогийн Хөрөнгийн бирж нэгдэх яриа дээд түвшний хэлэлцээрийн шатанд хүрсэн ч тэдний гол өрсөлдөгч болох Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн нийт арилжаа нь өнгөрсөн баасан гарагт зургаан хувиар өсчээ. Энэ нь Лондоны Хөрөнгийн биржийн асуудалд маргаантай зүйл цөөнгүй байгаатай холбоотой юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж