Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний хороо байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн пүрэв гаригт баталсантай холбогдуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо байгуулагдан ажлаа эхлэх аж. Одоогоор Үндэсний хороо нь таван хүний бүрэлдэхүүнтэй байж болох хувилбарыг урьдчилан гаргаад байгаа. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар эцсийн хувилбар болж хэрэгжинэ гэж Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх мэдэгдлээ.

Мөн дээрх хууль батлагдсантай холбоотойгоор ирэх гуравдугаар сард багтаан Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарлалтын бүс тогтоох, дулаан алддаггүй гэрийн бүрээс, байшингийн дулаалгын стандартыг шинэчлэн тогтоох, утаагүй түлшийг хэрэглэхэд тохирсон зуухны стандарт тогтоох гээд шил шилээ дарсан олон ажлыг хийх шаардлагатай болж буй тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хурлын үеэр онцоллоо. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах зардлыг Монгол Улсын нэгдсэн төсөвт суулгаж өгөх учраас Засгийн газар мөн гуравдугаар сарын 15-ны дотор багтаан хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж