
Сэтгүүлч: -Гишүүн ээ, Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах юм бэ?
Улстөрч: -Ямар ч өөрчлөлт орохгүй.
Сэтгүүлч: -Яагаад вэ?
Улстөрч: -Юу яагаад гэж. Сонгууль болохгүй юм чинь хуульд ямар юмных нь өөрчлөлт оруулдаг юм.
Сэтгүүлч: -Яагаад сонгууль болохгүй гэж. Ирэх 2012 онд УИХ-ын сонгууль болно биз дээ.
Улстөрч: -Болох нь ч болох байх. Гэхдээ болсон юм шиг л бодогдуулаад өнгөрөх байлгүй.
Сэтгүүлч: -Та нарын бодлыг гүйцэж төрүүлж чадахгүй бололтой?
Улстөрч: -За тэгээд, сонгууль болно гэж хэн хэлээд байгаа юм гэж хэлж байна гээд битгий биччихээрэй. Чамд л гэж хэлж байгаа юм шүү. /инээв/
Сэтгүүлч: -Юу ч ойлгосонгүй?
Улстөрч: -Харин чамаас эхлээд бүгдээрээ ойлгохгүй хоцрох хэрэгтэй байгаа юм. Нэг тиймэрхүү зохицуулаад өнгөрөх асуудал байдаг биз дээ…За, за…илүү юм битгий асуугаад бай…
Ерөнхий чиг нь нэг иймэрхүү байвал мань мэтэд хэрэгтэй байгаа юм. Тэгээд л хөшигний цаана ярилцаад байна шүү дээ…Хоёр намын бүлгийн хооронд холхиод л, жаахан турах янзтайдаг шүү. /дахиад л инээв/.
Сэтгүүлч: -Та Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?
Судлаач: -Монголын Сонгуулийн тухай хуульд ард түмний эрх ашиг гэхээс илүү Ардын нам болон Ардчилсан нам гэсэн хоёр хүчний эрх ашиг гол болдог учраас өнөөдөр яг тийм ийм гэж тодорхой дүгнэх боломжгүй болчихоод байна. Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан болон Л.Болд сайдын оруулж ирсэн хоёр хувилбарын тухайд аль аль нь пропорциональ тогтолцооны хэв шинжийг хадгалж байсан.
Сэтгүүлч: -Дэлхийн улс орнуудын сонгуулийн жишгээс харахад Монголд аль хувилбар нь илүү оновчтой вэ?
Судлаач: -Сонгуулийн тогтолцоо гэдэг зөвхөн улстөрчдийн асуудал биш. Тухайн улс орны хөгжлийн баталгаа, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт, нийгмийн уур амьсгалын гол бүрдэл хэсэг байдаг. Иймд яг энэ улсын тэр хууль манайд тохирно гэж үзэх боломжгүй. Зүгээр холимог тогтолцооны хувьд Герман, Итали, Унгар, Азербайжан зэрэг улс ерөнхийдөө жишиг болж байгаа. Герман, Италийн хувьд иргэдийнх нь соёл иргэншлийн төлөвшил, үзэл бодлын тогтсон ойлголтоос хамаараад хавьгүй хялбар тайлбарлагдана. Харин манай нөхцөлд бол шууд үр дүнгээ өгнө гэхэд хэцүү.
Сэтгүүлч: -Оросын хувилбараар улс төрийн намуудад долоон хувийн босго тогтоох сонирхол улстөрчдөд бий. Ингэснээр Монгол Орос шиг болохгүй гэх баталгаа бий юү?
Судлаач: -Наадах чинь бас нэг том асуудал нь.
Сэтгүүлч: -Яагаад вэ?
Судлаач: -Шууд утгаараа жижиг намуудыг улс төрийн тавцанд гарч ирэх боломжийг л хаах хувилбар шүү дээ. Оросууд пропорциональ системийг сонгосноор Төрийн Дум нь бараг л нэг намын эрхшээлд орчихсон. Үүнтэй уялдаад иргэдийнх нь сонгуулийн идэвх буурч, онолын түвшинд “гажуудуулсан пропорциональ систем” гэдгийн хамгийн тод үлгэр жишээ болж байна.
Сэтгүүлч: -Тэгвэл одоогийн яриад байгаа холимог тогтолцоог арай боловсронгуй болгоод ашиглах хэрэгтэй юм биш үү?
Судлаач: -Энд нэг онцлох зүйл нь Сонгуулийн тухай хуулийг өнөөдөр Монголд сэтгүүлч, судлаач, иргэд, иргэний хөдөлгөөнийхөн гээд аль нь ч баталж чадахгүйд гол учир нь байгаа юм. Үүнийг зөвхөн Ардын нам болон Ардчилсан нам л өнөөдөртөө шийднэ. Холимог хувилбарын хамгийн боловсронгуй хувилбарыг тэд ашиглалаа гэхэд хувь улстөрчийн сонирхол энд нэлээд том хаалт болох болов уу. Наад зах нь 26 суудлыг нь мажоритар системд нь үлдээлээ гэхэд тийшээгээ олны танил лидерүүд автоматаар өөрсдийн нэрийг дэвшүүлнэ. Цаана нь үлдэх 50 суудлыг намаар сонгох болбол энд намын дарга шиг том эрх мэдэлтэй хүн байхгүй болно. Жинхэнэ утгаараа ханцуй доторх наймаа гэгч тэнд хийгдэнэ. Иймд Монгол шиг улсад Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт бол цэвэр утгаараа улстөрчдийн ашиг сонирхлын наймаа байх магадлалтай гэх гээд байна л даа.
Сэтгүүлч: -Асуудлыг нэг тийш нь эцэслэж шийдэхийн тулд шууд мажоритар тогтолцоог аваад үлдчихвэл яах бол?
Судлаач: -Хувь хүний хүсэлтийг харгалзаж ая дууны мэндчилгээг хүлээн авч, түүнийгээ биелүүлдэг телевизийн нэвтрүүлэг шиг л болно. Монголын төр мажоритар тогтолцоог хэрэглэсэн. Оновчгүй гэдэг нь шууд утгаараа нотлогдсон. Иймд холимог тогтолцоог авч үлдээд, илүү боловсронгуй, зөв хувилбарыг нь ашиглах нь арай зөв гарц байж магадгүй. Гэхдээ улстөрч нь өөрийнхөө ашиг сонирхлыг өөрчлөөгүй тохиолдолд хэзээ ч иргэнд ашигтай Сонгуулийн хууль байх боломжгүй.
Сэтгүүлч: -Ардын намын Удирдах зөвлөл гэнэт Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасныг та юу гэж үзэж байгаа вэ?
Ажиглагч: -Айх шиг боллоо. Тэдний хувьд Д.Лүндээжанцан даргын санаачилсан холимог хувилбар МАХН нэрээрээ сонгуульд оролцсон бол ашигтай байсан. Гэтэл өнөөдөр нэрийн өөрчлөлттэй холбоотойгоор шууд УИХ-ын 50 суудлыг намын нэр нүүрээр авна гэж үзэхэд эрсдэлтэй. Иргэд төөрөлдөж мэдэх учраас тэд жаахан бодох хэрэгтэй гэж үзэх шиг боллоо.
Сэтгүүлч: -Харин Ардчилсан намын тухайд?
Ажиглагч: -Яг үнэндээ тэдний тухайд өнөөдөр Н.Энхбаярын намыг Ардын намтай сайн арсалдаасай л гэж хүсч байгаа. Тэнд ямар Сонгуулийн хууль ашигтай вэ гэж бодохоос илүү энэ арсалдаан хол яваасай гэж залбирах нь тустай гээд итгэчихсэн гэхэд би хувьдаа мөрийцсөн ч алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Сэтгүүлч: -Та олон жил сонгуулийн ажиглалт хийсэн хүний хувьд ерөнхий дүр зургийг нь төсөөлж байж мэдэх юм. Эцсийн гаргалгаа гэх зүйл танд байна уу?
Ажиглагч: -Алга байна. Улстөрчид нь өөрсдөө гаргалгаа хийж чадахгүй байхад би гаргалгаа хийнэ гэж бүр ч байхгүй юм шиг байна. Яг үнэндээ энэ Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг ойлгож байгаа цөөхөн гишүүн бий. Мөнгөөр зодоод УИХ-д суучихдаг улстөрчдийн хувьд хууль бол сонин биш. Нөгөө бөх энэ тэр гишүүн хэлсэн байна лээ шүү дээ. Аль нь ч байсан надад хамаагүй ээ. Би аль нь ч байсан гараад ирэх юм чинь гээд. Тэр бөх ч бус бизнесмэн гишүүд ч тийм л бодолтой байгаа. Тэгэхээр ирэх оны УИХ-ын сонгуулийг ийм тийм болно гэж ярих сонирхол надад үнэндээ алга. Айдгаа авдартаа хийчихсэн олон гишүүн байхад мань мэт нь дүгнэлт энэ тэр хэлээд суувал онигоо болно байх.
Асуудал иймэрхүү. Улстөрч нь өөртөө эрдэж, судлаачид нь цөхөрч, ажиглагч нар нь мөнгөтэй нэр дэвшигчийн аягийг анзаарсан учраас тодорхой дүгнэлт хийхээс айна. “Амьдрал за даа нэг баргар л байна шүү” гэдэг шиг Сонгуулийн тухай хууль ч тэр, ирэх оны УИХ-ын сонгууль ч ялгаагүй мань мэтийн хүслээр бус манай улстөрчдийн заяамал гэж ойлгоод байгаа эрх ашгийнх нь сонирхлоор л ирмэх төдийд шийдэгдэх болов уу даа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин