
1998 онд анх удаа Бүх оддын тоглолтод оролцож, NBA-ын түүхэн дэх хамгийн залуу Бүх одод тоглогч болсон Коби Брайнт 2002 болон 2007 онд Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэнээс гадна 2009 онд Шакилын хамтаар мөн MVP болж байсан билээ. Харин энэ удаад тэрбээр өрнөд бүсийн бүрэлдэхүүнд “Нью-Орлеан Хорнетс”-ын Крис Пол (1,281,597), “Оклахома Сити Тандер”-ын Кевин Дюрант (1,736,728) болон “Денвер Наггетс” багийн Кармэло Антони (1.299.849) нарын хамт гараанд гарна. Төвийн байрлалд “Хьюстон Рокетс”-ын Яао Мин сонгогдсон боловч гэмтэлтэй байгаа учир өрнөд бүсийн оддыг дасгалжуулах Грегг Попович “Цагаан хэрэм” хочит Яаогийн оронд Тим Данканг гараанд гаргахаар болжээ.
Харин дорнод бүсээс Двайт Ховардын хамт 2006, 2008 оны Бүх оддын тоглолтын MVP-гээр шалгарсан, “Майами Хит”-ийн Леброн Жеймс (2,053,011), өнгөрсөн жилийн Бүх оддын MVP Двейн Уейд (2,048,175), “Нью-Йорк Никс”-ийн Амаре Стадмайр (1,674,995), “Чикаго Буллз”-ын Деррик Роуз (1,914,996) нар гарааны бүрэлдэхүүнд багтжээ. Дээрх тоглогчдоос Кевин Дюрант, Деррик Роуз нар анх удаа гарааны бүрэлдэхүүнд сонгогдож байгаа юм. Бүх оддын тоглолт өнөөдөр Монголын цагаар 09.30 цагаас эхэлнэ.
Блейк Гриффин – Шинэ аварга, шинэ эрин
Бүх оддын тоглолтын үеэр болдог уламжлалт тэмцээнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон байгаа. Баасан гаригийн үдэш Оддын тоглолт болон Rookie Challenge тэмцээн болж, үзэгчдийг шуугиулсан бол бямба гаригийн үдэш /Монголын цагаар өчигдөр өглөө/ Холын зайн шидэлт, Ур чадварын тэмцээн, Гурвын зайн шидэлтийн болон Слэм данк гээд сагсан бөмбөг сонирхогчдыг уулга алдуулсан гайхалтай тэмцээнүүд боллоо.
Жил бүр дуулиан шуугиан дагуулдаг тэмцээний энэ жилийн онцлог нь оролцогч бүр өөрсдийн дасгалжуулагчтай байсанд оршино. Тус тэмцээний аваргаар энэ жил шилдэг рүүки шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай Блейк Гриффин тодорсон. Тэрбээр шигшээ шатанд нийслэлийн багийн төв Жавэйл МакГийтай өрсөлдсөн бөгөөд эхний шатанд хоёр цагаригт зэрэг довтолж, дараа нь гурван бөмбөгөөр зэрэг слэм данк хийсэн МакГийн санаачилга, бүтээлч хөдөлмөрийг эцсийн шатанд үгүй хийсэн юм. Гриффин сүүлийн шатны эхний оролдлого хийх тоглогч байсан бөгөөд тэрбээр эхний үзүүлбэрээрээ компьютерийн тоглоом дээр л харж байсан гайхалтай үзүүлбэр хийв. Өөрөө самбарт ойлгоод, маш өндөрт үсрэн тохойгоо цагаригт угласан нь гайхалтай үзүүлбэрийн нэгт багтахаас аргагүй байв. Харин МакГий түүний хариуд алдарт Доктор Жей, агуу Майкл Жордан нарын хийдэг үзүүлбэрийг самбар доогуур гарч хийн баяжуулж чадсан юм. Харин Гриффин тус тэмцээний түүхэнд хамгийн анх удаа талбайд машин оруулж ирэн, мөн найрал дууны хамтлаг гаргаж ирэн үзүүлбэрээ хийлээ. Багийн анд Барон Дэвис нь машин дотроос дамжуулалт өгөхөд Гриффин машины хамар дээгүүр дүүлэн цагаригт довтолж чадсан юм. Түүний энэ санаа өрсөлдөгчид нь дарамт болсон нь илт харагдсан бөгөөд МакГий сүүлийн бэлдсэн үзүүлбэрээ хийлгүй энгийн үзүүлбэр сонгосон байв. Ингээд үзэгчдийн саналаар Гриффин аварга боллоо. Түүний дасгалжуулагчаар ажилласан Кенни Смитийн хэлж байсанчлан энэ залууд чадахгүй үзүүлбэр байхгүй юм байна. Ийнхүү цагариган дээрээс довтлох тэмцээний шинэ эрин ирж, шинэ аварга төрлөө.
Карри ур чадвараар илүүрхэв

Бүх оддын тоглолтын нэгэн сонирхолтой тэмцээн бол NBA-ын шилдэг холбогчдын дунд зохиогддог “Ур чадварын тэмцээн” билээ. Бүх оддын 60 дахь удаагийн тэмцээн шинэ санаа, шинэ зүйлсийг илэрхийлж байгаа бөгөөд ур чадварын тэмцээн ч өөрийн гэсэн онцлогтой байлаа. Энэ жил үзэгчдийн саналаар шалгарсан дөрвөн тоглогч Крис Полын эсрэг өрсөлдсөн. Тэмцээний гол онцлог нь “Өмнөд Калифорнийн Охид Хөвгүүдийн клуб” нэртэй асрамжийн төвтэй хамтран ажилласанд оршиж буй бөгөөд оролцогч бүр тус төвөөс сонгогдсон хүүхдүүдийг төлөөлж байсан юм. Ур чадварын тэмцээн нь тоглогчоос шидэх, залах, дамжуулах, мөн хурд хүч, мэдрэмж шаарддаг. Сонгосон цэг бүрт даалгавраа амжилтай биелүүлж, хамгийн богино хугацаанд бүх даалгаврыг дуусгасан нь дараагийн шатанд шалгарах зарчмаар хоёр үе үргэлжилдэг билээ. Үзэгчдийн саналаар Стифен Карри, Жон Уолл, Деррик Рөүс, Рассел Уэстбрук нар энэ жил Полтой өрсөлдөх болсон. Эхний оролцогч Стифен Карри шууд цагариган дээрээс довтолж, үзэгч болон өрсөлдөгч нараа хөгжөөж, тэмцээнийг эхлүүлсэн юм. Эхний шатанд тэрбээр даалгавраа 34 секундэд гүйцэтгэсэн нь түүнийг шигшээ өрсөлдөөнд шалгаруулж дөнгөсөн. Түүний дараа даалгавраа гүйцэтгэсэн Рассел Уэстбрук түүний амжилтыг хоёр секундээр ахиулан эхний шатны шилдэг нь болсон юм. Сүүлийн шатанд Карри илүү хурдан, чадварлаг байж, 2011 оны Тако Бэллийн нэрэмжилт Ур чадварын тэмцээнд түрүүлсэн юм. Ялагч маань шагналын мөнгө 30 болох мянган ам.долларыг өөрийнх нь төлөөлсөн Кэйрэн Батани охинд хандивласан байна. Батани охины шагнал түүний ирээдүйн сургалтын төлбөрт зориулагдах ажээ.
Шидэлтийн шинэ хаан
Бүх оддын тоглолтод 1985 оноос эхлэн багтсан “Гурвын зайн шидэлтийн тэмцээн”-д мөн л шилдгүүд оролцсон. Нийт зургаан мэргэн бууч орсон тэмцээн урьд урьдын жилүүдийн адил сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо.
Хоёр үетэй явагдсан тэмцээнд NBA-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Рей Аллен, өнгөрсөн жилийн аварга Пол Пирс, “Майами”-гийн Жеймс Жонс нар оролцлоо. Тэднээс гадна NBA-ын онооны лидер Кевин Дюрант, “Кливлэнд”-ийн Даньел Гибсон, энэ улиралд холын зайнаас хамгийн олон шидэлт гүйцэтгээд байгаа Дорелл Райт нар орсон ажээ. Эхний шатнаас Дюрант, Райт, Гибсон нар хасагдсан бол Аллен 20, Жонс 16, Пирс 12 оноогоор шигшээд шалгарсан байна. Пирс өнгөрсөн жилийн дүр зургийг давтах дөхсөн бөгөөд эхний дөрвөн цэгийн алаг бөмбөгийг бүгдийг нь оруулан тав дахь цэгийн сүүлийн бөмбөгийг алдсанаар 18 оноо авч чадсан. Түүний дараа Жеймс Жонс шидэлтээ гүйцэтгэж, 20 оноо авсан бөгөөд түүнд Рей Алленг хүлээх л үлдсэн юм. Холын зайн шидэлтийн хаан гэгдэх болсон Рей Рей энэ шатанд тун хангалтгүй шидэж, 15 оноо авчээ. “Бостон”-ы шилдгүүдийг буулгаж авсан Жеймс Жонс тус тэмцээнд анх удаагаа аваргалсан юм.
Атланта холын зайд одтой байлаа
