
Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Лигийн хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт 17.00 цагаас эхэлж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтууд лигийн шинэ гишүүн болох ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн тоглолтоор эхэлнэ. Харин хоёр дахь тоглолт “TLG-13” болон “Ав-атар” багийн хооронд, харин сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд өрнөнө. Жил бүр хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг хоёр багийн тоглолт сагсан бөмбөг сонирхогч, үзэгчдийг уйдаахааргүй, энэ өдрийн онцлох тоглолт байх нь гарцаагүй.
С.Цэлмэг