“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон түүнийг дагалдаж гарсан  “Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “”Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” зэрэг нийт 20 хуулийг нийтэллээ. Мөн  Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэмэлт Зээлийн хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд  2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахаар хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр шатны Зээлийн хэлэлцээрийг тус тус Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийг нийтлэв.

  Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ямар газар нутгийг байгалийн нөөц газрын болон байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах болсон тухай “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугараас танилцах боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “ Агаарын тээврийг хялбаршуулах Үндэсний хөтөлбөр”-ийг бүрэн эхээр нь нийтэллээ. Агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа шуудан болон бусад эд зүйлсийг хүндрэл, чирэгдэл, саадгүйгээр улсын хил нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, боловсронгуй болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулж баталсан байна. Хөтөлбөрт түүний эрх зүйн үндэслэл, агаарын тээврийн хялбаршуулах талаар иргэний нисэхийн болон бусад байгууллагууд ямар үүрэгтэй оролцох, Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөл түүний үүрэг, нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хилийн хяналтыг хялбаршуулах арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хянах, тайлагнах , санхүүжүүлэх талаар дэлгэрэнгүй тусгасан байна гэж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакциас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж