
Н.Энхбаярын тамгатай энэ цагийн МАН-ынхны нэгэн тод төлөөлөл нь УИХ-ын гишүүн Д.Арвин яах аргагүй мөн. Парламентад гурав дахь удаагаа сонгогдоод байгаа түүний улс төрийн карьерт хүрсэн “түүхэн замнал”-д Н.Энхбаярын дүр төрх тод томруунаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Д.Арвин Н.Энхбаяр даргадаа чин шударга байснаараа олон нийтэд таалагдахуйц имиж бүрдүүлсэн. Үүнийг буруутгах аргагүй. Тухайлбал Н.Энхбаярын ээж Бүдхандтай хамт “Говь” саун, “Монгол костьюмс”-аар үйлчлүүлжээ гэсэн мэдээллүүд, цаашлаад намын бүлгийн хурал дээр улайм цайм өмөөрч байсан зэрэг нь “Муу нуухаар сайн илчил” гэсэн монгол сэтгэхүйд нийцэж байсан хэрэг л дээ. Улс төрд энэ бол чухал чанар. Жишээ нь Гаалийн ерөнхий газрын дарга байсан Х.Баатартай нөхөрлөж байгаад “салан тусгаарласан”, “арьсаа хамгаалсан” хүмүүс олон нийтэд ямар сэтгэгдэл үлдээсэн нь бага юм биш билээ. Түүнтэй л төстэй юм. Өөрөөр хэлбэл Д.Арвин бүх хүнд таалагдах албагүй. Гэхдээ л тэр хэн нэгэнд зүтгэсэн бол үнэнч хүн гэдгээ харуулж чадав. Хатдын гоёлоор имижээ бүрдүүлсэн хатагтай Д.Арвин улс төрд хаад гэхээс илүү нөхөрлөлдөө үнэнч байсан нь олон хүнд таалагдсан. Харин өнөөдөр Д.Арвин хаачив? “Хайрт дарга” нь МАХН-ын нэрийг сэргээж, өөртөө үнэнч нөхдийг цуглуулан нам байгууллаа. Ингэснийхээ төлөө багагүй адлуулж, улс төрийн хатуу ширүүнийг сөрж явна. Д.Арвинаас дутуугүй хайрлаж байсан Ц.Нямдорж, Ч.Улаан тэргүүтэй МАН-ын “брэнд”-үүд ч Н.Энхбаярын талд үг дуугарч чадсангүй. Харин Д.Арвин хаана байна, юу гэх бол гэж хүлээх хүн цөөнгүй. Дээр нь намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан болохоор нь” Амаа үдүүлчихэж, ийм хүн байсан юм уу” гэсэн дүгнэлт хийх нь ч анзаарагдаж байна.
Тэрбээр саяхан энэ талаар байр сууриа цухуйлгажээ. Ингэхдээ “Би зөвхөн Н.Энхбаярт ч бус үе үеийн намын дарга нартаа хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд ч Н.Энхбаяр даргыг МАН-ын гишүүдийг хоёр хуваагдтал хагарал бий болгоно гэж бодохгүй байна” гэсэн агуулгатай ярилцлага өгсөн байна. Өөр яах ч юм билээ. Түүн шиг төвийг сахисан үзэл бодлоор уснаас хуурай гарахыг хүсч байгаа хүн олон бий. Гэвч жаргах нарны туяаг гунигтайгаар харж зогсох мэт Н.Энхбаярыг их улс төрөөс үдэхдээ малгайгаа аван хүндэтгэл үзүүлэхийн сацуу дараагийн эзнээ сэтгэлдээ хайж зогссон нь түүнээс хавьгүй олон. Үнэн хэрэгтээ тэд “Буд, буд гэхээр сахлаа будав” гэгчээр “Үнэнч байна” гээд МАН-ыг ор¬хиод явах боломжгүй. Үүнийг бодитойгоор ойлгох хэрэгтэй. “Ямар ч үед Н.Энхбаярын талд зогсоно” гэсэн түүний амлалтаар шантаажилж буланд шахах хэрэггүй. Ингэвэл улс төр өс хонзон, өгөө авааны талбар хэвээрээ байх болно. Н.Энхбаяраас хойшхи Ардын нам Д.Арвинд юу өгсөн юм бэ? Хамтарсан Засгийн газрыг байгуулахад анхнаасаа эсэргүүцэж байсан тэрбээр сайдын суудал гуйгаагүй. Гуйсан ч өгөхгүй байсан. “Надад сайд болох боломж байсан. Гэвч би болоогүй. Тиймээс намайг албан тушаалаар худалдагдах вий гэж хардах хэрэггүй” гэж хэлсэндээ тэр хүрч байгаа. Энэ нь түүний улс төр дэх өөрийн үнэлэмж, үнэт зүйлийг бий болгож чадсан. Зүгээр л гишүүнээ хийж байсан түүний хувьд барьцаалагдаагүй, дураараа жиргэж яваа нь л хангалттай.
Харин тэр хэзээ ч “цэнхэртэх” гэж оролдож байгаагүй. Улаан хэвээрээ удаж байна. Гэхдээ хэлэх үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг. Хааяа буруутаж намын удирдлагуудад зэмлүүлж байсан нь цөөнгүй. Гэхдээ л “Хөөе, чамайг дэмжиж байгаа шүү” гээд дал мөрийг нь алгадаж ч чаддаг. “Яасан ч дэмжихгүй” гээд ширвээд гүйчихэж ч чаддаг тийм л улстөрч болон төлөвшжээ. Түүнээс өмнө болон хойч үеийн олон залуу гишүүн Н.Энхбаяризмыг шүтэж улс төрд хөл тавьсан ч “улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах” арга замыг сонгосон нь олонтаа. Н.Энхбаярын хүн гэдэг шошготойгоор албан тушаалын өндөрлөгт хүрч байсан ч “тус болсон хүнээ мартаж чадах” урлагт идэвхийлэн суралцсан Ө.Энхтүвшин, Д.Загджав нар өнөөдөр ганц үг ганхийхгүй байна. Тэд улс төрд байгаа юм уу. Байгаа бол хэний хүчинд өдий зэрэгт хүрснээ санаасай гэж тухайн цаг үеийн гэрчүүд халаглаж буй нь лавтай. Харамсалтай нь “Зөвхөн нарыг хэвээр үлдээх” их улс төрийн өөрчлөлт улстөрчдөөс хүн чанарыг нь авч одсон бололтой.
Магадгүй Н.Энхбаярын хувьд “Элснийхэн”-ийг ч юм уу, өөрт нь үнэнч байх тангараг өргөгчдийг хүрээд ирнэ гэж хүлээж суудаг ч байж болох л доо. Гэхдээ МАН-ын удирдлагын бүрэлдэхүүнд ямархан урхи, занга тавьдгийг тэр дэндүү мэднэ. Ямар эрсдэлтэйг ч гадарлана. Харин сумаа тавьж, нумаа нуун өөрийнх нь өөдөөс жад шидэхийг тэр тэвчихгүй. Тиймээс Н.Энхбаярын хувьд Д.Арвинг хайхгүй байгаа. Бас гомдохгүй нь ойлгомжтой. Харин бусдынх нь хувьд яах бол гэдгийг ирэх өдрүүд л харуулах биз ээ.У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.