Хөдөөд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хөдөөд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаа. 80 мянга гаруй хүн амтай тус аймаг бүтээн байгуулалт, оновчтой хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэлт, иргэний төлөө төрийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа  зэрэг сайн сайхан мэдээтэй Ерөнхийлөгчийг угтлаа.

Баянхонгор аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байгааг “Их тэнгэрийн хүч” сүүний үйлдвэрээс харж болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сүү” хөтөлбөрийн хүрээнд тус үйлдвэр 2009 онд 72 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа эхэлжээ. Ажлын байр наймыг  шинээр бий болгосон.  Эднийх өдөрт 20 өрхөөс сүү худалдан авч, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд  гэрээгээр сүү, тараг, зөөхий зэрэг сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг.

 “Хэрвээ манай бүтээгдэхүүн тетрапак савлагаатай болчихвол бид өнөөдөр үйлдвэрлэж байгаа хэмжээнээс 5 дахин их үйлдвэрлэл явуулах боломжтой. Манай орон нутгийн хэрэглэгчид ч стандартын шаардлага хангасан аюулгүй хүнс хэрэглэх хүсэлтэй, худалдан авах чадвартай болсон” гэж үйлдвэрийн захирал М.Цогт ярьж байна. “Их тэнгэрийн хүч” шиг ийм сүүний үйлдвэр улсын хэмжээнд 4 ажиллаж, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч бизнес нь амжилттай явж байгаа бас нэгэн аж ахуйн нэгж болох “Буган Халиун” үнээний фермтэй  Ерөнхийлөгч танилцлаа. Хоёр  жилийн өмнө жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээл авч Төв аймгаас есөн үнээ авчирч, дөрвөн хүн ажилд авч үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин өнөөдөр 25 тугалтай үнээтэй, өдөрт нэг үнээнээс 8 литр сүү сааж байна. “ Зах зээл, борлуулалтын асуудалд огт санаа зовдоггүй. Аймгийн сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдтэй гэрээтэй ажиллаж сүүгээ нийлүүлж байгаа. Хэсэг газар хашаалаад, тэжээлээ өөрсдөө тариалж байгаа” гэж ферм эрхлэгчид ярив. Аймгийн Ерөнхий малзүйч Батаагийн хэлснээр,  өөрсдөө тэжээлээ тариалаад хураагаад авах чадалтай ферм, аж ахуйн нэгжүүдэд 60 га газрыг хашаалах зардлыг нэг удаад буцаж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр олгожээ.
Орон нутгийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрсдийн хүчээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж байгаа хүмүүсийг төр засгаас дэмжих болно гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Шүүгчид Ерөнхийлөгчид ажлаа танилцуулав

Шүүх хүний эрхийг дээдэлж, ил тод, хараат бус ажиллах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, үйл ажиллагаагаа ард түмэнд ил тод нээлттэй болгож эхэлсэн гэж тус аймгийн Ерөнхий шүүгч Тунгалагсайхан яриагаа эхлэв. Тэгээд өөрийн байгууллагад ямар өөрчлөлт хийж байгаагаа танилцуулсан юм.

Шүүхийн хаалга татаад орж ирсэн хүн бүх талын мэдээлэл олж авах боломжтой мэдээлэл лавлагааны булан ажиллуулдаг болжээ.  Тухайн өдрийн шүүх хуралдааны мэдээлэл, шинээр батлагдсан хуулиуд, шүүгчидтэй уулзах боломжтой цаг зэргийг гэрлэн самбараар мэдээлж байв. Хүлээлгийн өрөөнд байгаа иргэд мөн шүүх, хуулийн талаар видео мэдээлэл авах боломжтой. Иргэдэд тусалж мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь бүртгэж авах тусгай ажилтан шүүхийн үүдэнд байнга ажилладаг болсон байна.

“Бид иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа. Танд шүүхийг олоход амар байна уу, шүүгчидтэй уулзахад хүндрэл гарч байна уу, шүүгч тантай хэрхэн харилцсан бэ гэх зэрэг энгийн асуултаас эхлээд олон асуултаар бид шүүгчид, шүүхийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийдэг болсон. Мөн шүүхийн шийдвэрүүдийг бид өөрийн вэб сайтад тавьдаг болсон” гээд вэб сайтаа үзүүллээ.

“Шүүхийн шийдвэр ил тод байх нь юуны өмнө шүүхдээ итгэх иргэдийн итгэлийг нэмэх давуу талтай. Сургалт судалгааны ч ач холбогдолтой. Та бүхэн үйл ажиллагаагаа ил тод болгох чиглэл рүү ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч хэн нэг дарга биш ард түмэн та бүхний талаар ам сайтай бол сая шүүх шударга ажиллаж байна гэж дүгнэх юм” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Ийнхүү орон нутагт шүүхийн байгууллага үйл ажиллагаагаа ил тод хараат бус явуулах эрмэлзэлтэй болж, эхний алхмуудаа хийж эхэлсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж