
Зохион байгуулагчдын хэлснээр бол хэлэлцүүлэгт оролцуулахаар найман намын удирдлагад урилга хүргүүлсэн ч МАН, АН-ын төлөөлөл ирээгүй, харин МАХН, ҮШН, БНН, МУНН, ИЗН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Ногоон намын төлөөлөгчид, Миний Монголын газар шороо, Ард түмний хянан шалгах хороо, Нийгмийг аюулаас хамгаалах хөдөлгөөн, Эрс шинэчлэл зэрэг төрийн бус 16 байгууллагын төлөөлөл ирсэн гэнэ.
Н.Энхбаяр: МАНАН гэдэг нэгдэл Монголыг задалж байна
Улс төрийн өнөөдрийн том нэгдэл нь МАН, АН гэсэн нэртэй. Хооронд нь нийлүүлэхээр МАНАН гэсэн нэртэй нэгдэл явж байна. Цаана нь задрал болж байна. МАН, МАХН, АН, Ногоон нам, ИЗН дотор задрал болоод байна гэж тайлбарлахыг эрх баригчид хүсч байна. Үүнийг үнэнийг тогтоох томруулдаг шилээр харъя. Нам төвтэй төр байх уу, иргэн төвтэй төр байх уу гэдгийг, нэгдэл, задралыг томруулж харах гэж оролдъё. Бид иргэн төвтэй төр байх ёстой гэдэг дээр нэгдсэн ойлголттой байгаа. Томруулж харвал МАНАН гэдэг нэгдэл маань Монголыг асар томоор задалж байгаа процесс гэж би ойлгож байна. МАНАН гэдэг нэгдэл сонгуулийн дүнг задалчихлаа. Хариуцлагыг устгачихлаа. Улс төрийн амлалтыг мартуулчихлаа. Хуйвалдааныг нэмэгдүүлчихлээ. Ард түмнийг ядуу баянаар нь хувааж, улам гүнзгийрүүлчихлээ. Монголын төр МАНАН гэдэг хиймэл нэгдэл, цаанаа асар том задлах үйл явцад эзлэгдлээ. Наанаа нэгдэл мэт боловч цаанаа Монголыг задалж хариуцлагагүй болгож байгаа, ирээдүйг нь бүрхэг болгож байгаа задралын процессыг бид харж байна. Эрх баригчид үүнийг нэгдэл гэж байгаа, амьдрал үүнийг задрал гэдгийг харуулж байна.
Улс төрийн намууд дотор харагдаж байгаа задралыг процес бол үнэн хэрэгтээ иргэн төвтэй төрийг байгуулах нэгдлийн процесс гэж ойлгож байгаа. Үүнийг эрх баригчид задрал мэт, эрх тушаал хөөцөлдөгчид мэт, гомдлоо тайлагсдын отряд мэтээр тайлбарлахыг оролдож байгаа боловч хэрэг дээрээ иргэн төвтэй төрийг байгуулахын төлөө өрнөж байгаа, үр дүн нь заавал эергээр гарах ёстой эв нэгдлийн процесс явж байна.
М.Энхсайхан: Мухардлаас гарахын тулд хувьсгал хэрэгтэй
ҮШН-ын дарга М.Энхсайхан 1990 онд өөрийнх нь оролцон байгуулж байсан ардчилал, гишүүнээр нь ажиллаж байсан нэг танхимт парламент хамгийн том алдаа хэмээн нэрлэв. Парламент заавал хоёр танхимтай байж, нэг нь нөгөөгөө хянаж байх зүй тогтолтой гэнэ. Түүний хэлэлцүүлсэн “Ардчиллын мухардал ба улс төрийн нам” илтгэлд дурдсанаар манай ардчилагчид У.Черчиллийн үгийг буруу орчуулан ойлгож, хэрэгжүүлэх гэж зүтгэснээс болж шилжилтийн үе ч дуусдаггүй, ардчилал ч мухардалд орсон гэнэ. У.Черчиллийн үгийн гүнзгий утга нь “Хүмүүн төрөлхтний туршиж үзсэн засаглалын олон хэлбэр дотроос төрийн бүх эрх мэдлийг атгасан ганц танхимтай ардчилсан засаглалаас илүү адгийн засаглал байхгүй” гэсэн санаатай байсныг 1990 онд дутуу ухаарсан, эсвэл гаднын “улс төрийн алуурчид”-ын захиалгаар Монголд тулган нэвтрүүлснийг анхны ардчилсан Засгийн газрын тэргүүн асан М.Энхсайхан илтгэлдээ дурдав. Одоо ч тэр нь “эдийн засгийн алуурчид”- ын гараар үргэлжилж байна гэлээ. Үүссэн мухардлыг өнөөгийн Үндсэн хуулийн хүрээнд шийдэх боломжгүй тул гарцаагүй хувьсгал хийх хэрэгтэй болсныг хэлж хувьсгалын дараа батлах шинэ Үндсэн хуулийн талаарх төсөөллөөсөө хуваалцлаа. Түүний төсөөллөөр Монголд дээд, доод хоёр танхимтай парламент зохих бөгөөд Дээд танхим болох Их хуралдай нь сонгогдож, томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэн нийт иргэдийн өмнөөс улс төрийн дээд эрхийг хэрэгжүүлэх аж. Доод танхим болох Бага хуралдай намуудаас нэр дэвшүүлэн сонгосон гишүүдээс бүрдэж хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх юм байна. Үндэсний их хуралдай Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, улмаар Ерөнхийлөгч нь Монгол төрийн тэргүүнээс гадна гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн Бага хуралдайг тарааж, сонгууль зарлах эрх мэдэлтэй байх гэнэ. Түүнээс гадна төрийн эрх мэдлийг улс төрийн, гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох, шалгаруулах, хянан шалгах эрх мэдэл гэж хуваарилах ёстой гэж байлаа. Ямбатны бүлэг Монголыг удирдаж, улс төрийн намын дарангуйлалд орсон байна гэсэн дүгнэлтийг М.Энхсайхан хийсэн юм.
МУИС-ийн багш Х.Сэлэнгийн “Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх ба нам” илтгэлд дурдсанаар улс төрийн намын нэр бол оюуны өмч биш, зөвхөн оноосон нэр учир аль нэг нам нэг нэрийг үүрд өмчилнө гэсэн ойлголт байж таарахгүй. Намын дээр хууль, хуулийн дээр хүний эрх, эрх чөлөө байдаг. Намууд үүнийг мэдэхгүйгээс гишүүдийнхээ сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг боогдуулж байгааг дурдаж байв. ҮШН-ын дарга Ц.Цолмон парламентад суудалгүй намуудад нэгдэхийг уриаллаа. Жижиг намууд бол нэгдэж чаддаггүй хүмүүс. Үндэсний эрх ашгийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө заавал нэгдэх ёстойг тэрбээр хэлж байв. Монгол Улс олон гоё нэртэй намтай. Гэхдээ улс үндэснийхээ язгуур эрх ашгийнхаа төлөө гоё гоё нэрээ золиослоод олигархи бүлэглэлийн эсрэг хамтрах ёстой. Гоё нэр, амбиц хоёроо хамгаалаад тус тусдаа яваад байвал өөрсдөө парламентад ганц суудлаас хэтрэхгүй, түүгээрээ Монгол Улсыг хохирооно гэж ҮШН-ын дарга уриалсан юм. Ийм хэлэлцүүлгийг сар бүр тогтмол хийж байхаар болж ирэх гуравдугаар сарын дундуур ҮШН, МУНН хамтран Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол сэдвээр ээлжит хэлэлцүүлэг хийхээр болсныг зарлалаа.