
-Хошин урлагийн “Маск”-ын дэлгэцийн анхны уран бүтээл гэхээр инээдмийн кино байх болов уу гэж бодож байлаа?
-Бид нар хошин урлагийнхан гэхээрээ хошин жанраар ажиллаад байх сонирхол алга. Бүх л төрлөөр тоглох сонирхолтой. Бид мэргэжлийн жүжигчид учраас нэг талын барих гэсэнгүй. Кино, жүжиг, мюзикл гээд бүх төрөлд чадлаа сорьё гэсэн бодолтой байна.
-“Хайр харуусал” киноны зохиолын талаар сонирхуулахгүй юу?
-Энэхүү киноны зохиолын хувьд нийгмийн хүний сэтгэл зүйн асуудлыг хөндсөн байгаа. 1988 он болон одоо цаг үе гэсэн хоёр нийгмийн асуудлаар цаг үе бол өөрчлөгдөж болно. Харин хүмүүсийн хоорондын харилцаа, сэтгэл зүйн гэдэг бол хэзээ ч өөрчлөгддөггүй шүү гэдгийг харуулахыг зорьсон.
-Киноны триллерээс харж байхад та уйлсан, уурласан гээд ширүүн дүрийг бүтээсэн юм шиг харагдаж байсан. Дүрийнхээ тухайд?
-Энд бол хайрлаж, дурласан хүнд буруу байдаггүй ээ, хүн бүр өөрийнхөө үзэл бодол, өссөн орчин, хүний сэтгэл зүйгээсээ болж дурлалаа илэрхийлэх, түүнийгээ хамгаалах үйлдэл нь өөр өөрөөр гардаг. Миний бүтээсэн дүр бол бас л өөрийнхөө хайр дурлалын төлөө алдаж, оноод явж байгаа нэгэн залуу байгаа. Үүнийг хүмүүс үзээд энэ дүрээс бас л нэг юм бодох байх аа. Ялангуяа залуучууд, дурлаж үзээгүй эсвэл амьдралд орж үзээгүй залуучууд ирж үзэхэд илүүдэхгүй байх аа. Хүн амьдралд хөл алддаг. Хөл алдсанаасаа босох ёстой байдаг бол зарим нь тэр чигээрээ унадаг. Тэгэхээр миний тоглосон дүр бол эр хүний унаж, боссон амьдралыг харуулсан. Ялангуяа сэтгэл зүйн хувьд нь дотоод сэтгэлийн зөрчлийн үйл дэндүү их болдог.
-Анхны бүтээлээ үзэгчдийнхээ хамт өлгийдөн авч байна. Сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Сэтгэл бол оволзож байна. Яагаад гэвэл жил гурван сар хийсэн кино. Цаг хугацааны хувьд ажиллагаа их орсон. Тиймээс энэ кино маань яаж хүрэх бол оо гэхээс үнэхээр оньсого шиг л байна. Кино дууссаны дараа үзэгчдийн сэтгэгдлээр сэтгэлээ тэжээх гээд л байж байна даа.
-Үзэгчдэдээ хандаад шинэхэн уран бүтээлийнхээ талаар юу гэж хэлмээр байна?
-Бид нар ямар ч байсан шинэ уран бүтээл хийсэн. Хамгийн гол нь энэ киног маш сайн ойлгож үзээрэй. Үйл явдлын асар их нарийн зөрчилтэй байгаа. Сэтгэл зүйг нь маш сайн ойлгон анхаарч үзэх хэрэгтэй кино байгаа шүү. Та нар ирж үзээрэй. Киногоо үзээд их л юм бодож, их маргах байх аа.