Төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Төмөр зам тавих тусгай зөвшөөрлийг гардуулав

Монгол Улс томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар эргэлт буцалтгүй шийдвэрлэсэн билээ. Оюутолгой зэс, алтны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бол Тавантолгойн нүүрсний ордоос олборлолт хийж эхлээд байгаа юм. Харин олборлосон ашигт малтмалаа хэрэглэгчдэдээ хүргэхэд тээврийн асуудал хурцаар тавигдаж, хамгийн хямдаар нь  төмөр замыг сонгосон.  Тиймдээ ч УИХ төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан баталсан нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон юм. Энэхүү бодлогын бичиг баримтад төмөр замыг хэд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар тусгасны эхнийх заалт өдгөө хэрэгжихэд бэлэн болжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн замыг барих суурь бүтцийг байгуулах эрхийг “Монголын төмөр зам” ХК-д олгох ёслолын ажиллагаа болов.

Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, ЗТБХБЯ-ны Төмөр замын газрын дарга Т.Батболд оролцсон бол “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа тусгай зөвшөөрлийг гардан авч, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани нь энэ хавраас барилгын ажил нь эхлэх дээрх чиглэлийн замын тендэр зарлах, барилгын ажил гүйцэтгүүлэх гээд бүх л ажилд Монгол Улсыг төлөөлж ерөнхий захиалагчаар оролцох болж байгаа юм. Өнгөрсөн сард энэ чиглэлд тавигдах төмөр замын нарийвчилсан чиглэл буюу трасс батлагдсан, одоо нарийвчилсан ТЭЗҮ, болон геологи, геодезийн ажлууд хийгдэж байгаа юм. Гэхдээ энэ ажлын хажуугаар ирэх дөрөвдүгээр сарын 15-наас газар гэсэхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Сайдын төлөвлөж буйгаар төмөр зам тавих ажилд нэг компани 50-850 км далан барих болон шуудуу ухахад 20 компанийг зэрэг ажиллуулахад нэлээд хугацаа хожино гэж үзэж байна лээ. Эхний ээлжинд бүх төрлийн судалгааны ажил хийх зөвлөхийг сонгох уралдаант шалгаруулалтыг зарлах гэнэ. Мөн олон улсын бол дотоодын компаниудын дунд барилгын ажилд гүйцэтгэгчийг тодруулах тендерийг зарлах ажээ.

Ойрын жилүүдэд Тавантолгой, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жоншны ордуудыг ашиглаж эхэлнэ гэж байгаа. Тэр үед эхний ээлжинд баригдах дээрх төмөр зам ашиглалтад орсноор манай улсын экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болон өсөх урьдчилсан тооцоо байна. Энэ нь төмөр замаар тээвэрлэж байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

Тусгай зөвшөөрөл гардуулах үеэр хэвлэлийнхэн сайд Х.Баттулгаас ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх манай экспортын ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх гэрээ ямар шатанд байгааг тодруулахад, салбарын сайд

-“Тарифын хөнгөлөлтийн асуудлаар Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үед санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр дагуу гэрээ хийхээр ярилцаж байгаа. Өчигдөр, өнөөдөр л гэхэд ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг яг энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзалтууд хийж байна. Нааштайгаар шийдэгдэх байх” хэмээн хариулсан юм.

Ийнхүү төмөр замын төрөөс баримтлах бодлого батлагдсан нь амьдрал дээр хэрэгжихэд нэг алхам урагшиллаа. Энэ нь манай улсын ашигт малтмал төмөр замаар дамжин гуравдагч гүрэн зүүн өмнөд Азид хүрэх гарцын үүдийг нээсэн хэрэг болов. Цаашид Монголын төмөр зам ОХУ-ын Алс дорнодын боомт хүрэх төлөвлөгөөтэй. Энэ мэт төмөр замын төрөөс баримтлах бодлого нэлээд ажлын шатыг тавьснаас товч сонирхуулъя.

Бодлогын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг үе шаттайгаар шинээр барина. Евро-Азийг холбосон төмөр замыг бүтээн байгуулснаар далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжинө. Төмөр зам барих хоёр дахь үе шатанд 900 орчим км барина. Үүнд,  Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөгийн чиглэлийн 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлийн 200 км төмөр зам байна.  Харин гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр зам барих ба баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд, бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилттай уялдуулан төлөвлөх юм байна.  

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж