
Монголын ноос ноолуурын салбар өдгөө хятад ченжүүдийн гарт ороод байгаа бөгөөд тэд өөрийнхөө хүссэнээр үнэ ханшид нь өөрчлөлт оруулах болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ноос ноолуурын салбарт ченжүүд, тэр тусмаа хятад ченжүүд тоглолт хийж байгаа бололтой. Тиймээс тэднийг хязгаарлах, чанартай түүхий эд бэлтгэх асуудлыг үйлдвэрлэгчид хөндөн ярилцсан юм. Мэдээж, малчдын хувьд гар дээрээ бэлэн мөнгө тавих ганц боломж нь ноолуураа зарах явдал. Тэдний хувьд аль болох ноолуураа өндөр үнээр тушаахыг хүснэ. Ноолуурын үнэ хэдий чинээ өндөр байна, тэдэнд төдий чинээ ашиг унана гэсэн үг. Хэн л халуунд халж, хүйтэнд хөрөн байж өсгөсөн малынхаа түүхий эдийг хямдхан зарахыг бодох билээ. Ямар ч наймаачин бараагаа үнэд хүргэхийг хүсэх нь зах зээлийн эдийн засгийн мөн чанар нь юм. Харин худалдан авагчдын хувьд барааг аль болох хямдхан авахыг зүтгэнэ. Энэ бол чөлөөт эдийн засгийн харилцан ойлголцол. Тиймээс үйлдвэрлэгчид өнөөдөр айдастай байгаа. Ноолуурын үнэ өндөр байх тусам тэдэнд хүндрэлтэй байх болно. Тиймээс энэ асуудлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх нь Монгол Улсын төрийн бодлогоор зохицуулагдах учиртай юм. Уг зөвлөлгөөнд оролцогчдын зүгээс ноолуурын чанараа сайжруулах саналыг малчдад хандан тавьсан бол, өмнөд хөршийн, ченжүүдийн нөлөөллийг бууруулахыг төрөөс шаардаж буй. Үйлдвэрлэгчдийн зүгээс экспортын хориг тогтоох санал ч гаргаж байгаа юм. Монгол ноолуураа Монголдоо үйлдвэрлэх саналыг үйлдвэрлэгчдийн зүгээс гаргаж байгаа бол малчид үндэсний үйлдвэрлэгчдэд хандан түүхий эдийг тохирсон үнээр нь худалдан авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа нуугаагүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд үр хүүхдийнхээ боловсролыг орхигдуулж, түүхий эдээ үнэгүйдүүлэх аргагүй байгаагаа ч учирласан. Өр зээлэндээ баригдсан малчдын хувьд өндөр үнээр ноолуураа зарахаас өөр аргагүй байгаа бололтой. Гэхдээ ноолуурын үнийг зохиомлоор өсгөж, унагаж дундаас нь хамгийн их ашиг хонжоо олдог хүмүүс бол ченжүүд байдгийг ч зөвлөлгөөнд оролцогчид ярьсан. Ямарч байсан ирэх хавар ноолуурын эрэлт хэрэгцээ их байх бөгөөд үнэ нь 50 мянгаас буухгүй нь бололтой. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдэд ч багагүй сөрөг үр дагавар ирэх гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг эртхэн бүрдүүлэхгүй бол өр зээлэндээ дарагдсан малчдаа гаргуунд гаргах уу аль эсвэл үндэсний үйлдвэрлэгчдээ юу гэдэг нэг том асуудал засгийн газарт гарч ирэх бололтой дог.