
Гоо сайхан,хайр дурлалын хот гэгддэг Парис хот нэгэн цагт ихэс дээдэс язгууртнууд төдийгүй цыган хэрмэлүүдийн хот байжээ. Парисын хамгийн алдартай Нотре Даммын цогчин дуганы мөргөлчин эр сүмийн оршуулгын газраас хүзүү нь хугарсан бүсгүй болон аймшигтай зэрэмдэг эрийн араг яс олдсон тухай хачирхалтай зүйлсийг яруу найрагч Гренгуартай таарахдаа ярьж өгнө. Гренгуар /СТА Л. Дэмидбаатар/ бол нэгэн цагт үзэсгэлэнт цыган охинд дурлаж явсан эрчүүдийн нэг найрагч юм. Хамгийн хачирхалтай нь эрэмдэг эр, бүсгүйтэй үүрд хамт байх гэсэн мэт тэвэрсэн байдалтай байсан гэнэ. Харин яруу найрагч эр Гренгуар хачирхалтай тэр явдлын эмгэнэлтэй түүхийг ярьж өгдөг.
Жүжиг ийн эхэлнэ. Парис хотын хамгийн ядуу, бохир дүүрэгт тэнэгүүдийн өдөр тэнэмэлүүд “Хаан”-аа тодруулна. Хамгийн үзэшгүй муухай царай зүстэй хүний оронцгууд энд цугларчээ. Тэдний дунд өөдгүй архичин, биеэ үнэлэгч, засаршгүй хулгайчдаас гадна Эсмеральда /Му-ын гавьяат жүжигчин У.Уранчимэг/ нэртэй гоо үзэсгэлэн төгөлдөр өнчин цыган охин бий. Охиныг цыганууд Парисын гудамжнаас олж өсгөж хүмүүжүүлсэн аж. Гэвч Нотре Даммын цогчин дуганы хонхоч Квазимодо /жүжигчин СТА Г.Эрхэмбаяр/ шиг үзэшгүй муухай царай зүстэй, эрэмдэг эрийг Парисаас олохгүй. Хэрмэл цыганууд хонхоч эрийг тэнэмэлүүдийн “Хаан”-аар өргөмжилж, түүгээр доог тохуу хийж байхад охин хөөрхий эрд аяга ус уулгана. Харин балга усны оронд дуганы хонхчин Квазимодо охинд зүрх сэтгэлээ өгдөг. Хэдийгээр эрэмдэг зэрэмдэг, үзэшгүй муухай царайтай Квозимодо, гоо үзэсгэлэн төгөлдөр Эсмеральда хоёрт адил зүйл байхгүй мэт боловч тэдний сэтгэл хамгийн цэвэр ариун билээ. Охин ариун хайраа хааны торгон цэргийн дарга Феб де Шатоперт /СТА жүжигчин н.Амгаланбаатар/ зориулж, түүнийхээ төлөө дүүжлүүлдэг ч Квазимодо бүсгүйн амьгүй болсон цогцосны дэргэд эцсийн амьсгалаа дуустал хамт байдаг. Жүжгийн өөр нэгэн сонирхолтой дүр нь Квазимодог өргөж авсан хамба ламтан Фролло /МУ-ын Ардын жүжигчин П. Цэрэндагва/. Фролло амьдралдаа анх удаа бурхнаас ч ариун, гоо үзэсгэлэнтэй зүйлтэй учирсан нь цыган бүсгүй Эсмеральда юм. Түүнд бурхан эсвэл Эсмеральда хоёрын аль нь хамгаас илүү үнэ цэнтэйд эргэлзэх зүйл байхгүй болдог. Анаркиа буюу хувь тавилангийн савар хэмээх дуганы хананд бичсэн үгийг бурханчлан үздэг хамба Фролло өөрөө хувь тавилангийн саварт өртөгсдийн нэг гэдгээ мэддэггүй. Бүсгүйг дүүжлэн хороохтой хамт хамбын амьдрах хүсэл үгүй болж, амиа егүүтгэнэ. Хэдийгээр Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” зохиолд Фролло хамба өргөмөл дуулгавартай хүү Квазимодогийн гарт амиа алддаг ч найруулагч Н. Наранбаатарын найруулан тавьсан жүжигт хамба өөрийгөө егүүтгэснээр жүжиг төгсдөг нь театрын уран бүтээлчдийн олж харсан өөр нэг өнцөг аж. Тэртээ хоёр зууны өмнө Виктор Хюгогийн бичсэн уг зохиол одоо хэр нь хүмүүсийн сонирхлыг татсан хэвээр байна. Магадгүй дахин хэдэн зуун жилээр ч амьдрах биз ээ. Жинхэнэ гоо үзэсгэлэн цэвэр ариун бүхэн хүний сэтгэлд оршиж, хайр дурлал дийлдэшгүй хүчтэй байг.