Монгол оюутнуудыг боол болгочихжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Монгол оюутнуудыг боол болгочихжээ

“Уучлаарай, би оюутан юм л даа. Сургалтын төлбөрөө олох гээд юм зарж явна. Та нэг бал, тэмдэглэлийн дэвтэр худалдан авч тус  болооч” хэмээн өвлийн хүйтэнд гар нь бээрч, зуны халуунд хөлс нь дусалсан оюутан гэх залуус уншигч тантай таарч байсан биз. Тэд жижиг хайрцаг барьж, түүндээ бал, тэмдэглэлийн дэвтэр, оймс сэлт хийж хүн олон цугласан газраар ганц нэгээрээ явна.  Сонирхвол 300 төгрөгийн үнэтэй бал 1000 төгрөг, 500 төгрөгийн үнэтэй дэвтэр 1500 гэх жишээтэй. Санал болгосон зүйлийг нь авахгүй байсан ч “Баярлалаа” гэх үгийг тоть мэт уриалгахан давтана. Тэд үнэхээр сургалтын төлбөрөө олох гэж явдаг гэж бодож байна уу?

Үнэн хэрэг дээрээ тэдний зарж олсон мөнгө сургалтын төлбөрт бус Эв нэгдлийн хөдөлгөөний байгууллага нэрийн дор “тархи угаагч” хэдхэн хүний гараар ордог гээд бод доо. Өөрөөр хэлбэл олон нийтийн газар даарч хөрөн арайхийж олсон мөнгөнөөсөө нэг ч төгрөг өөртөө авалгүй эзэддээ тушаадаг ажээ. Эв нэгдлийн хөдөлгөөн, олон улсын байгууллага нэрийдлээр шашны үйл ажиллагаа явуулах энэ газар Монголд үүсч хөгжиснийхөө 20 жилийн ойг тэмдэглэх болчихож. Улмаар өнөөдөр Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан, Эрдэнэт хотод  ч салбараа нээсэн байна. Дээрх шашны урсгалын түүх анх хэрхэн үүссэн талаар бяцхан түүх өгүүлье. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгосын иргэн Мүн Сон Мён  Япон улсад  цагаачлан очиж, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн “тархийг угааж” эхэлжээ. Ингэхдээ хүүхдийн сүнс таны амийг авч явах гээд байна. Тиймээс миний сургаалийг сонсч, гай барцадаас өөрийгөө авар хэмээн мөнгө авдаг байж. Тэрбээр ийм байдлаар багагүй хөлжсөнийхөө дараа Япон, Солонгосыг холбосон нууц хонгил барьж, өөрийнхөө бэлтгэсэн номлогчдыг Япон руу гаргаж байжээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг япончууд мэдсэний дараа Мүн Сон Мён Америк руу цагаачилж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн байна. Өдгөө 92 настай Солонгос өвгөн Мүн Сон Мён  дэлхийн 133 орон дахь салбараасаа их хэмжээний мөнгө татаж, баян тансаг амьдарч  байна. Тэрбээр таван жилд нэг удаа Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирдэг аж. Түүнийг гишүүд нь гэгээнтэн хэмээн дуудах.

Чухам ямар байдлаар хүмүүсийг итгүүлж, эгнээндээ нэгтгэдэг болохыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн XIII хороололд байрлах Эв нэгдлийн хөдөлгөөн нэртэй шашны  байгууллагыг зорилоо. Төмөр хашаагаар хүрээлэгдсэн хоёр давхар байшинд  орвол нэгэн эмэгтэй биднийг тосон уулзаж “Хэний урилгаар ирэв. Гишүүнээр элссэн тохиолдолд мөргөл, лекц сонсох эрхтэй болно” гэв. Амралтын өдөр болохоор  ажил хийдэг хүмүүс, гэр бүлээрээ хүүхдүүдээ дагуулан иржээ. Тэдний хүүхдүүдэд зориулсан тусгай лекц бий гэнэ. Эв нэгдлийн хөдөлгөөний Баянзүрх дүүрэг дахь салбарын багш, номлогч Н.Давхарбаяртай цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2001 онд гишүүнээр элсч, арав дахь жилдээ уг байгууллагад ажиллаж буй гэнэ.

-Эв нэгдлийн хөдөлгөөний гишүүн болохын тулд бид  юу хийх ёстой вэ?

– Хүн  яаж бурханлаг чанарыг олж авах вэ. Гэм нүглийн хүлээснээс хэрхэн тайлагдах вэ гэдэг цуврал 21 удаагийн хичээлийг эхлээд таньд бид заана. Энэ цуврал хичээлийн дараа  та  манай үндсэн гишүүн болно.

-Тэгэхээр танай хөдөлгөөн библийн тухай номлодог хэр нь яагаад байгууллага,  хөдөлгөөн гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Христийн шашны хувьд Есүх Христийг бурхан гэж үздэг бол манай хөдөлгөөний  урсгал чиглэл бол хүн өөрөө бурхан юм. Тиймээс хүн энэ  цуврал хичээлүүдээс өөрийгөө олж нээх,  муу ёрын сүнснээс өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаалж, төлөвшин бурханлаг болно гэдгийг номлодог.

-Хүн өөрийгөө бурхан гэж үзэх үзэл үү?

-Яг зөв. Энэ урсгалыг анх үндэслэгч Солонгос 92 настай гэгээнтэн бий. Тэр судалж үзээд шашны үе дууссан. Хүн өөрөө бурханлаг болж болох юм байна гэдгийг судалгаанд суурилан гаргаж ирсэн. Тэр гэгээнтэн өнөөдрийг хүртэл амьд сэрүүн бий. Манай улсад 2005 онд ирж байлаа.

-Дэлхийн энх тайвны хөдөлгөөн, эв санааны нэгдэл хөдөлгөөн гээд их сайхан нэртэй хөдөлгөөнүүд  оюутнуудыг ашиг сонирхлын үүднээс гишүүн болгодог гэсэн шүүмжлэл байх юм. Гудамжаар ч 300 төгрөгийн үнэтэй тосон балыг 1000 төгрөгөөр зарах гээд явж байгаа залуутай бишгүй олон таарч байлаа л даа?

-Заавал худалдаа хийж ашиг ол гэж тулган шаардах юм байхгүй шүү дээ. Оюутнууд жижиг худалдаа хийж сурна гэдэг чинь өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй зүйл. Мэдээж зарж борлуулсан бараа бүтээгдэхүүнээсээ ашиг олвол сургалтын төлбөрөө төлөх гэх мэтээр зарцуулж болно. Цуврал хичээл заалгаж гишүүн болсны дараа сорилтын үе гэж бий. Тэр үеэр худалдаа хийх,  хүнтэй харилцаж сурах, сайн санааны  туслах аян зохион байгуулах зэргээр үйл манай хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцдог.

-Хямд бүтээгдэхүүнийг үнэтэй зардаг нь ямар учиртай юм бэ?

-Өөрөө тэрийг ойлгохгүй. Цуврал хичээл номлол сонссоны дараа ойлгоно.

-Ширээн дээр зураг өрж тавиад гэрлэх хүнийг нь сонгодог гэсэн. Энэ талаар тайлбарлаач?

-Зургаар танилцуулж гэрлүүлэх тохиолдол бий. Хэрэв өөрсдөө хүсвэл.

-Тэгээд?

-Тэнгэрлэг зарчим гэдэг ном бий. Тэр номноос номлол сонсоод ирвэл илүү сайн ойлгох байх.

Тэрбээр үүнээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. Гишүүнээр элсэхийн тулд 21 цуврал 30 цагийн лекц сонсох ёстой аж.  Удалгүй гишүүдийн мөргөл, номлолын цаг  дуусав. Тэдний дунд гэр бүлүүд, бага насны хүүхэд цөөнгүй харагдана.  Мөргөлөө дуусгаад танхимын үүдэн байх дугтуйд өргөл, хандив хийцгээнэ. Зарим нь 10, 20 мянган төгрөг хийж байхад 1000,  2000 төгрөг өргөлийн дугтуйд хийх хүн ч харагдав. Мөргөлийн дараа нэг давхарт байрлах давчуухан гал тогоонд хоол идэцгээнэ. Тэд бие бие рүүгээ дүр эсгэн инээмсэглэх нь цаанаа л хуурмаг. Тэдний үйл ажиллагааны бас нэг хэсэг нь гэр бүлгүй гишүүдээ хооронд нь гэрлүүлэх. Эв нэгдлийн сүмийн гэгээнтэн гэх 92 настай өвгөн гишүүдийнхээ зургийг харж, үүнийг түүнтэй суулга гэх замаар мал нийлүүлдэг шиг эхнэр, нөхрийг нь сонгож өгдөг аж. Тэрхүү гэгээнтэн гуай бүр 1961 оноос гадаад гэрлэлт буюу адислах ёслолыг хийж эхэлжээ. Тэдний нэг удаагийн хийсэн Адислах ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 17-30 насны 14 мянган хос оролцож байсан баримт бий аж. Гишүүд сайн үйлсийн аян зохион  байгуулна гэж гадаадын улс орнуудад өөрсдийн зардлаар баг бүрдүүлэн явдаг аж. Энэ нь эв нэгдэл нэрийн дор монгол залуусаар бараа заруулж, их хэмжээний ашиг олох далд арга болох нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл гишүүнээр элссэн оюутнууд гудамжид бараа зарахаас өөр зүйл бодохоо больж, сургуулиа орхисон жишээ бий ажээ. Харин уг байгууллагынхан оюутнуудаар бараа заруулж, ашиг олж буй үйлдлээ “Тэднийг сорилтод оруулж, тэвчээртэй болгож буй хэрэг”  гэж тайлбарлана. Үүнийг таван жилийн өмнө Эв  нэгдлийн хөдөлгөөний гишүүн байсан СЭЗДС-ийн төгсөгч Л.Баярмагнайгийн яриа батална. 

-Эв нэгдлийн хөдөлгөөн гэдэг нь шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага уу.  Тухайн үед хэдэн оюутан гишүүнээр элссэн бэ?

-Би  оюутан байхдаа одоогоос таван жилийн өмнө анх Эв нэгдлийн хөдөлгөөнд гишүүнээр элсч байсан л даа. Тухайн үед их  тархиа угаалгасан гэхэд болно.  Зөв амьдрахыг сургаж байна гээд нэг номноос “Би бурхандаа хайртай” гэдэг үгийг мянган удаа давтаж уншуулна. Гадуур худалдаа хийлгэнэ. Хамгийн их ашиг орлого олсон, байгаа зүйлээ үнэд хүргэж зарсан гишүүн бурханынхаа тааллыг олно гээд л номлож өгдөг байсан.

-Өөрөө юу юу зардаг байв. Тэр зарсан зүйлээсээ хувь хүртэх үү?

-Юун хувь хүртэх. Бүгдийг нь гэгээгэнтэндээ барина шүү дээ. Тухайн үед миний сонссоноор  Улаанбаатарт  800 гаруй оюутан гишүүнээр элссэн байсан. Тэр оюутнууд нэг бал ч юм уу тэмдэглэлийн дэвтэрийг өөрийнх нь үнээс гурав дахин илүү үнэд хүргэж зарах үүрэгтэй.

-Тэгээд ашиг олох зорилготой шашны байгууллагад яах гэж оюутнууд элсдэг байна?

-Эхлээд зөв хүн болж төлөвшүүлнэ гээд л сайхан хичээлүүд зааж байснаа сүүлдээ гудамжаар хайрцагтай юм бариулаад  хөөгөөд  гаргана. Тэгэхээр нь  би нэг удаа номлогч багшаасаа асуусан л даа. Яагаад бид нар гар дээрээс худалдаа хийгээд байгаа юм гэж. Гэтэл номлогч багш гэгээнтнийхээ  тааллыг олж, зөв амьдарч байгаа хэрэг гэх утгатай тайлбар өгдөг юм.

-Оюутнуудыг үнэгүй байранд байрлуулдаг гэж сонссон л доо?

-Эхэндээ хөдөөнөөс ирсэн оюутнууд байрны асуудлаас болж тэдэнд ханддаг. Тэдгээр хөдөлгөөнийнхөн ч дуртай байрандаа суулгана. Дараа нь зогсоо зайгүй нөгөө л гэгээнтнийхээ тухай номлол айлдана. Эцэст нь Эв нэгдлийн хөдөлгөөний байранд амьдардаг оюутнууд жилийн чөлөө авах, сургуулиасаа гарч гудамжинд жижиг сажиг зүйл зарж бурханы замаар амьдарч байна гэж төөрөгдөлд ороход хүрдэг нь нууц биш.  Тэр ч бүү хэл оюутан залуучуудыг АНУ, Филиппин, БНСУ-руу баг болгож авч яваад хэдэн сараар янз бүрийн зүйл заруулна. Энэ бол бодитой үнэн зүйл.

-Таньд гэрлүүлэх санал тавьж байсан уу?

-Би гишүүнээр элсээд удалгүй гарсан. Энэ шашны урсгалыг манайд оруулж ирсэн 90 гарсан солонгос  өвгөн өнөөдөр монгол залуусыг хэнтэй гэрлэх эсэхийг  шийддэг гэхээр аймшигтай. Ширээн дээр зураг эгнүүлэн тавьж байгаад эхнэр  юм уу нөхрийг нь сонгодог гэсэн. Дээрх жишгээр гэрлэсэн хүн олон бий гэв.
Оюун санаа, итгэл үнэмшил, цаг хугацааг 92 настай Солонгос өвгөний төлөө зориулж буй гэхээр харамсалтай…

С.Отгон, Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж