С.Батболд: Иргэний нийгмийнхэнтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

С.Батболд: Иргэний нийгмийнхэнтэй хамтарна

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболд “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” сэдэвт уулзалт хийсэн юм. Уг уулзалтын үр дүнд Засгийн газар иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Тэрээр иргэний нийгмийн  төлөөллүүдтэй мөн баасан гаригт уулзсан юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсад 12600 төрийн бус байгууллага бүртгэлтэй байна гэсэн мэдээ байна.  Эдгээрээс өнөөгийн байдлаар 170 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар Ерөнхий сайд С.Батболд иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзахдаа хэлсэн юм. иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын төлөөллийг Ерөнхий сайд ярилцлагад урьж иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангахад төр ямар үүрэг гүйцэтгэх, таатай орчныг хэрхэн бүрдүүлэх, мөн цаашид хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр ярилцсан юм. Уг уулзалтад Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ сайд Т.Бадамжунай, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар оролцсон.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хандаж үг хэлсэн юм. Тухайлбал манай улсад үйл ажиллагаа явуулж буй  иргэний нийгмийн байгууллагын үндсэн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”-ын үзэл баримтлалыг боловсруулах. Мөн хоёр талын ажлын хэсгийг байгуулан хамтран ажиллах. Татвар төлөгч иргэн, хүн амын орлогын албан татварынхаа 1 хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулдаг аль нэг төрийн бус байгууллагад зориулан нэр зааж тодорхойлж өгөх санаачилга байдаг. Ийм санаачилгыг Унгар, Словак, Литва, Польш, Румын улс татварын хуульдаа өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлж байна. Үүнийг хамтдаа судалж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллацгаая хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хэлсэн юм. Үүний өмнөх уулзалтын үеэр төлөөллүүд хэлэхдээ, бизнесийн байгууллагаас жил бүр улсын төсөвт тодорхой хэмжээгээр төвлөрч байгаа албан татварын нэг хувийг нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудад хуваарилах талаар нарийн судалгаа хийж шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байсан юм. Харин сайн засаглалыг бий болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоог хангах талаар тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулах, засаглалын ил тод нээлттэй байдлыг бий болгох талаарх санаачлагуудыг дэмжиж хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлж байсан. Нөгөөтэйгүүр иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс нэгэн хүсэлт тавьж байсан юм. Төрийн удирдлагууд гадаад улсад албан айлчлалаар явахдаа иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын төлөөлөл, эрдэмтэн, судлаачидтай хамт явж байх нь гадны туршлага нэвтрүүлэх сайн талтай гэж  Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг хэлж байлаа.  Мөн “Шударга иргэдийн фронт”-ийн тэргүүн Г.Арслан хэлэхдээ “Манай ТББ нь Засгийн газартай хамтран ажиллах боломжгүй. Гэхдээ төрийн үйл ажиллагаанд үүсээд буй доголдолтой, шударга бус үйл ажиллагааг цаг ямагт хөндлөнгөөс харж шүүмжилж, тэмцэнэ” гэдгээ Засгийн газрын тэргүүнд хэлсэн юм. Энэ жилийн долдугаар сараас 2013 оны дунд үе хүртэл Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалан ажиллах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байгаа аж. Уг хөдөлгөөнийг даргалах 2 жилийн хугацаанд Засгийн газар холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн. Харин иргэний нийгмийн байгууллагын тухай хууль гараад 14 жилийг хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийгэм хөгжиж иргэний нийгмийн байгууллагын тухай хууль зохицохгүй болж. Гэтэл хуулиар зохицуулах олон асуудал байгаан дээр зарим ТББ улстөржиж үндсэн үүргээсээ хазайдаг. Тэгэхээр холбогдолтой хуулийн төслийг яаралтай боловсруулах хэрэгтэй байгаа аж.

Мөн Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч н.Мөнхжаргал хүүхэд хамгааллын асуудал хүндхэн байна. Хүүхэд хамгааллын стратеги батлагдаад зургаан сар болж байхад НХХЯ зэрэг гол байгууллага нь эзнээ олсон ажил хийгээгүй байна. Ерөнхий сайд С.Батболд та хүүхэд хамгааллын үндэсний тэргүүний хувьд энэ асуудалд анхаарал хандуулах  хэрэгтэй байна. ТББ-тай гэрээлсэн ажил ил тод бус хэрнээ өнөөдөр 17 байгууллагад 94 сая төгрөг төсөвлөсөн гэдэг нь хачирхалтай санагдаж байна гэж шүүмжилж байсан.
 
Энэ уулзалт  үр дүнгүй, хэлбэр төдий болох юм  биш биз. Өмнөх жилүүдэд үүнтэй адил уулзалт болдог байсан. Харин уулзалтаас гарсан даруйд ярьж тохирсон ажил  мартагддаг байсан. Өмнө нь Иргэний нийгмийн өдрийг угтаж Иргэний нийгмийн хөгжил, ТББ-ын хуулийг шинэчилж найруулах зэрэг асуудлаар ярилцаж байсан. Гэтэл жилийн дараа асуудлууд ямар байсан тэр хэвээр байна. Хэрхэн ажиллах талаар харилцаа холбоо механизм байдаггүй. Эргээд холбогдъё гэхээр сайд завгүй ийшээ тийшээ явсан гээд өнгөрдөг. Өмнөх бэлтгэл уулзалтын үеэр өмнөх шигээ нэг уулзаад өнгөрөх гэж байна уу, эсвэл бодлого боловсруулаад хамтран ажиллах гэж байна уу, гэх асуултыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд тавиад харамсалтай нь хариулт авч чадаагүй гэсэн юм. Ерөнхий сайд хэлэхдээ, өнгөрсөн 20 жилд Иргэний нийгмийн байгууллагууд, төр засгийн удирдлагууд ярьсаар байгаад нуруугаа авахуулсан морь мэт явахаа байсан. Тэгэхээр Европ стандарт нэвтрүүлье. Түүнээс биш олон ангитай киноны нэг ангийг үзэж байгаа юм шиг дундаас нь хэсэгчилж аваад ажиллана гэвэл бүтэхгүй. Тийм учраас тогтолцоо, систем, эрх зүйн орчин гээд сууриар нь шийдэх хэрэгтэй.  Би хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэдэг санал тавьж байна. Бүгд нийлээд мэрийлт гаргах хэрэгтэй. Шоудаад ажил явахгүй гэж  Ерөнхий сайд С.Батболд хэлсэн юм. Мөн Монгол Улсад бүртгэлтэй байгаа ТББ нь тоогоороо 200 хүн нэг төрийн бус байгууллага ноогдож байгаа аж. Тэгэхээр 1997 онд баталсан ТББ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа жишиг тогтоогоод тухайн салбарын 50 хувийг төлөөлж чадаж байвал ТББ байгуулах эрх олгодог зэрэг өөрчлөлтийг хуульд тусгаж өгнө үү гэсэн санал Шударга Иргэний Фронтын-ын тэргүүн Г.Арслан дэвшүүлж байлаа. Энэ асуултын хариуд  Ерөнхий сайд С.Батболд  Засгийн газрын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулах саналыг дэвшүүлж байгаа. Зочид буудал, аялал жуулчлал зэрэг салбарт мэргэжлийн холбоод зохих ажлыг гүйцэтгэж байвал зохимжтой.

Тиймээс бүгдээрээ асуудлыг хамтран ярилцаж нэг алхам урагшилсан уулзалт боллоо гэж үзэх нь зүйтэй хэмээн хариулж байсан. Засгийн газрын хуралдаанд төрийн бус байгууллагын төлөөллийг оруулж болох уу. МҮОНРТ-д  иргэний нийгмийн цаг гаргаж өгөх хэрэгтэй байна. МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ халаасныхаа хүнийг томилохоос өмнө Иргэний нийгмийн төлөөллөөс сонгодог байх хэрэгтэй. Мөн төрийн өмчит компанийн удирдах зөвлөлд орж байгаа хараат бус гурван гишүүнийг Хараат бус захирлуудын зөвлөл гэсэн ТББ-аас сонгоод тэндээ хариуцлага тооцдог болъё. Оюутолгойд хараат бус захирлаар ажиллаж байгаа Н.Багабанди, П.Цагаан нар 12 мянган ам долларын цалинтай гэсэн ийм байж болохгүй хэмээн Эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байсан.

Ерөнхий сайд хэлэхдээ цаашид энэ мэт уулзалтыг танхимын гишүүдтэйгээ хамтран зохион байгуулах боломжтой.  Хууль гарахаас өмнө Мэргэжлийн холбоод болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Монгол улсын сайд ,ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг томилохоор боллоо.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж