“Нэгэн зүгт” хамтлагийнхан Гэгээн хайрын өдөр буюу маргааш
“UB Palace”-ын концертын их танхимд “Би чамд хайртай” нэртэй анхны бие даасан
тоглолтоо хийх гэж байна. Хамтлагийнхаа таван жилийн ойд зориулсан анхны бие
даасан тоглолтоо тэд “Тайз дэлгэц хосолсон супер шоу тоглолт болно” хэмээн
онцолсон юм. “Нэгэн зүгт” хамтлагийн таван жилийн ойн баярын тоглолтыг “ACE”
энтертайнментийнхан найруулжээ. Тус тоглолтод
Монголын шилдэг boyband “Камертон”, сүүлийн үед нам жим
байгаа ч Монголын хип хоп урсгалыг олонд таниулж чадсан цөөхөн
хамтлагийн нэг болох “Люмино”,
Монголын реп, хип хопын загалмайлсан эцэг гэгддэг “Хар сарнай” хамтлаг болон
дуучин ВХ, Эгшиглэн, Quiza нар хүрэлцэн ирж, ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх нь ээ. Мөн бүжгийн
“Levis”, “Танд үйлчилнэ” хамтлагууд тэдний тоглолтод сюрпризээ
дэлгэх юм байна. Тоглолтын нууцаас дэлгэхэд хамтлагийн дөрвөн гишүүн тус бүр Монгол
болон гадаадын дууг өөрийн стилиэр дуулж сонирхуулах гэнэ. Хайрын баяраар тохиож байгаа
тоглолтыг зорьж ирсэн хосууддаа “Наран фүүдс” компанийн “Baci”
шоколадны цуглуулга, улаан сарнайн хамтаар бэлэглэх бөгөөд тасалбар
авсан эхний мянган үзэгчдэд хамтлагийнхаа цомгийг бэлэглэх ажээ. Тоглолтын 6500 төгрөг бөгөөд захидал шиг загвартай болохоор та хайртай хүндээ сэтгэлийн үгээ бичин бэлэглэж болох юм байна. Мөн энэхүү тасалбарт тэдэнтэй хамтран
ажилладаг таван байгууллагын хямдрал, урамшуулал багтжээ.
“Нэгэн
зүгт” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө монгол анх удаа нэгэн
сайхан өдөрлөгийг хийхээр зэхжээ. “UB
Palace”-ын үүдний танхимд 18.00 цагт “Хайрын мод босгох” өдөрлөг болно. Тэр модонд
хосууд маань өөр өөрсдийнхөө цоожтой ирээд “Би чамдаа хайртай бид хоёрын хайр энэ цоож
мэт бат бөх байгаасай” гээд
хайр сэтгэлээ цоожлон түлхүүрээ хадгалах нь ээ. Манай монголоос бусад
улс, оронд ийм заншил их байдаг юм. Солонгост хайрын гүүр гээд дандаа хосууд очиж
цоожоо зүүдэг гүүр байдаг. Та дараа нь энэхүү модыг хаана байрлах бол оо гэж гайхаж байгаа бол тэд сюрпризээ дэлгэсэн юм. Энэхүү Гэгээн хайрын бэлэгдэл
болсон “Хайрын мод” Гэрлэх ёслолын ордонд залрах юм байна.
Хайрын баяртаа хосууддаа цагаа барин ирж тоглолт, өдөрлөгтөө оролцохыг “Нэгэн зүгт” хамтлагийн зүгээс уриаллаа.
Г.Даша