Хүн амын тэн хагас, үйлдвэр, үйлчилгээний талаас илүү хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод 50-иад хүний ажил, амьдралыг элбэгхэн залгуулдаг оёдлын үйлдвэр цөөнгүй бий. Тийм нэг үйлдвэрийн эзэн залуу баруун хязгаарын нэгэн аймагт салбараа байгуулжээ.
Өмнөх нийгэмд МАХН-ын Төв хороонд томхон алба хашдаг байсан аавынх нь нас дээр гарснаас ч тэр үү, “хуучин юм ул, шинэ юм зул болдог” жамаар ч тэр үү нутаг усныхан нь урьдын адил үнэлж хүндлэхээ байсанд хүү жаахан шаралхжээ. Тэгээд ашиг олох тухай биш аавынхаа нэрийг дуудуулья гэсэн бодлоор оёдлын үйлдвэр байгуулж, арваад хүнд ажлын байр гаргаж өгсөн нь тэр юм. Бидний жижиг, дунд гэж тодотгодог тийм л үйлдвэр, өөлсөн нэгэн нь цех гэж хэлнэ л биз, хамаагүй. Гэхдээ байр байшинг нь тордож засаад, орчин үеийн аль л үнэтэй гэсэн 10 машиныг тэнд суурилуулж өгсөн юм. Тэнд ажиллах хүмүүсийг нь өөрийн зардлаар нийслэлд сургалтад хамруулж, нэгийг нь удирдлагаар томилж, эргэлтийн хөрөнгө гаргаж өгчээ. Хэдийгээр хязгаар нутаг ч гэлээ эрх биш аймгийн төв хойно ажлын захиалга, зах зээлээ олоод өөрсдийгөө тэжээгээд явна биз ээ хэмээн найджээ. Тэгтэл тэр үйлдвэр ердөө жилийн дотор дампуурсан байна.
Аймаг, сумын төв болгонд байдаг аль нэг тусламжийн, төрийн бус, төслийн байгууллагыг хөдөөгийнхөнд тусалдаг гэж та бодож байна уу? Харамсалтай нь үгүй.
Эхлээд нэг тийм байгууллагынхан ирээд нөгөө оёдлын үйлдвэрийнхнээс гуйжээ. “Аймгийн төвд ийм үйлдвэр байгуулж, ажлын байр гаргасан” гэж тайландаа тусгая, тоног төхөөрөмжийн зургаа авахуулаад өгөөч хэмээжээ. Жижиг газрын улс нэг нэгнээ танихын цаагуур таних хойно үйлдвэрийнхэн ч зөвшөөрч. Тэгээд “…” гэдэг байгууллагын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулсан оёдлын үйлдвэр гэсэн шошготой болоод явчихав. Хот, хүрээнээс ирсэн удирдлагаа ч тэднийхээр оруулж, ажил байдалтай нь танилцуулдаг болж гэнэ.
Тэгсэн дараа нь аймгаас сонгогдсон нэгэн гишүүний бие төлөөлөгчийн газрынхан дээрхийн нэг адил гуйж гэнэ. Эцгийнхээ нэрийг дурдуулж, “Хэн гуайн хүүхдүүд сайн яваа, нутагтаа ийм үйлдвэр байгуулж өгсөн” гэж шагшуулах гэсэн залуугийн хүсэл зорилго бүдгэрэх нь энэ. УИХ-ын гишүүн тэр гуай тойргийн сонгогчдодоо ажлын байр бий болгож, үйлдвэр байгуулжээ гэсэн сайхан “малгай”-г нөгөө оёдлын үйлдвэрт “өмсгөжээ”. Ийм байдалтай хэсэг байж байтал олонд танигдсан нэр хүнд бүхий гадаадын хүмүүнлэгийн байгууллагын орон нутаг дахь салбар мөнөөх оёдлын үйлдвэрт зээл олгохоор болжээ. Уг нь ч шальтай ихгүй буюу сая төгрөгийн зээл боловч бэлэн мөнгө гар дээрээ тавьсан үйлдвэрийнхэн түүнийг өсгөж үржүүлэх тухай бодсонгүй, хүнийхээ тоогоор эн тэнцүү хуваагаад идэж уугаад дуусчээ. Тэгээд зээл эргэн төлөх хугацаа ч болж, буцаагаад өгөх мөнгөгүй учраас суурь машинууд нь зээлийн барьцаанд хураагджээ. Үйлдвэр дампуурав. Ингээд орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулах мөрөөдөлд цэг хатгалаа. Уг нь тэр аймагт мундахгүй олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн ажлын хувцсыг оёод байхад л хангалттай ажилтай, тэр хэрээрээ орлоготой байх боломж байсан юм билээ. Оёдлын үйлдвэр ажиллуулж амьдрах гэж байгаа нөхөд ч энэ талаар хөөцөлдсөнгүй. Тэдэнд туслах гээд байгаа гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагынхан ч санаж сэдсэнгүй. “Бэлэн мөнгөний зээл өгч байхаар хэдэн уурхайн удирдлагатай ярилцаад ажлын хувцасны захиалгыг нь аваад өгчихсөн бол аштай юу даа” гэж үйлдвэр байгуулж өгсөн залуу толгой сэгсрэн өгүүлсэн юм.
Ажлын байр, зах зээл хомс хөдөөд ажилтай байна гэдэг хэцүү. Орон нутагт янз бүрийн төслийн нэр барьж, тав арван цаас салгаж суудаг төрийн бус байгууллагынхан ч бас өөрсдөө л ажилтай байхыг хичээж байгаа хүмүүс. Тэдэнд үнэхээр юм хийж бүтээе, хөдөөгийнхний хөгжилд тусалья гэсэн хүсэл, зорилго бий эсэх нь эргэлзээтэй гэдгийг дээрх жишээ харуулах шиг.
Аавынхаа нутагт үйлдвэр байгуулах гэсэн залуу УИХ-д нэр дэвших гэж тэнд хөрөнгө оруулаагүй юм. Хөдөөгийнхөнд тусалья, дэмжие гэх сэтгэлийн үүднээс л тэнд үйлдвэр байгуулсан хэрэг. Бас хотоос эмч нарын баг ажиллуулж, олон хүүхдэд нарийн мэс засал хийлгэхдээ ч үүнийгээ сурталчилгаа болгож нэр олохыг зориогүй юм билээ. УИХ-д нэр дэвших гээгүй юм бол юугаа хийж тэнд хөрөнгөө гарздав гэж асуухад маань бүүр ч сонирхолтой хариу хэлсэн юм.
Залуу аймгийн төвд мод хотоос 500 мод аваачиж суулгажээ. Хотоос тээвэрлэж аваачсан улиасуудаа төв замын хажуугаар эгнүүлэн суулгахыг хүссэн боловч аймгийн Засаг дарга нь ятгасаар байгаад аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүний цэцэрлэгт тарималжуулжээ. “Замын хажуугаар мод тарихын хэрэггүй, арчилж тордоход амраар нь гишүүний байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд суулгасан нь дээр” гэж ятгасаар байгаад итгүүлжээ. Одоо мөнөөх цэцэрлэг “УИХ-ын гишүүн …-ний байгуулсан төгөл” нэрээр сурталчлагдана. Ингээд л хөөрхий залуугийн хийсэн сайн үйл, зарцуулсан хөрөнгө мөнгө бүгдээр хүний нэр дээр данслагджээ. Улиасууд нь УИХ-ын гишүүнийх, үйлдвэрийнх нь суурь машинууд төслийнх болоод дууссан хэрэг. Хөдөөгийнхөн маань хөгжих болов уу даа?