Их л том гарын тоглоом явж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Их л том гарын тоглоом явж байна

УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбаттай ярилцлаа. Хэдхэн хоногийн өмнө Ногоон намын Ёс зүйн хорооны дарга М.Чинзориг гэгч намын дарга Д.Энхбат, намын гадаад харилцаа эрхэлсэн дарга Э.Зоригт нарыг намаас хассан. Харин өнгөрөгч бямба гаригт О.Бум-Ялагч, н.Басандорж нар намын Онц их хурал гээчийг зарлан хуралдуулж, , өөрсдийгөө намын даргаар тавьсан билээ. Онц их хурлын үеэр УИХ-ын гишүүн, МНН-ын дарга Д.Энхбаттай уулзаж ярилцлаа.

-Өчигдөр /баасан/ гаригт танай намын Бага хурал хуралдсан гэсэн. Ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Намын Их хурал ирэх сард болох гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа ярьсан. Бас манай намын Бага хурлын дөрвөн гишүүн дүрмийн бус ажиллагаа явуулаад байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авах вэ, яах вэ гэдгээ ярьсан. Манайх Бага хурлын 21 гишүүнтэй, тэднээс тав нь төрийн албанд ороод 16 хүн үлдсэн. Бага хурлын гишүүдийг намын Их хурлаас сонгодог учраас одоогоор нөхөн сонгууль явуулаагүй байгаа. 16 хүний дөрөв нь буюу 25 хувь нь ИЗН-тай нэгдэх асуудлыг эсэргүүцсэн. Эсэргүүцэж, цөөнх болж болно. Гэхдээ дүрмийн бус үйл ажиллагаа явуулаад байгаа нь Бага хурлын гишүүдийн хувьд болчимгүй зүйл л дээ. Улс төрийн намд олонхи, цөөнх болж болдог. Гэхдээ бүх үйл ажиллагаа намын дүрмийн хүрээнд явагдах ёстой. Дүрмийн гадуур явах нь намын дүрмээр ч, Улс төрийн намын тухай хуулиар ч хориотой зүйл.

-Дүрмийн бус үйл ажиллагаа гэж намын даргаа намаас хассаныг хэлж байна уу?

-МНН-ын Ёс зүйн хорооны дарга гэж өөрийгөө нэрлэсэн М.Чинзориг гэдэг хүн ганцаараа хуралдаад намайг намаас хөөсөн.

-Ганцаараа хуралдсан гэдгийг нь юугаар нотолж байгаа юм бэ?

-“Ёс зүйн хорооны дарга М.Чинзориг” гэж ганцаараа гарын үсэг зураад намаас хассан тухай тогтоолыг надад ирүүлсэн. Манай намын Ёс зүйн хороонд ийм бланк байхгүй, М.Чинзориг гэдэг дарга ч байхгүй. Тэр хүн Ёс зүйн хорооны таван гишүүний л нэг. МНН-ын Их хурлын 2007 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн тогтоолоор намын Ёс зүйн хорооны даргаар Н.Энхтайван гэдэг хүнийг, гишүүдээр нь Бадамханд, Чинзориг, Оюунцэцэг, Наранбаатар нарыг сонгосон. Гэтэл М.Чинзориг нь ганцаараа хуралдаад Ёс зүйн хорооны өмнөөс тогтоол гаргасан. Баасан гаригт хуралдсан Бага хурал дээр Бадамханд, Оюунцэцэг хоёр нь Ёс зүйн хороо хуралдаагүй гэдгийг хэлсэн. Н.Энхтайван дарга нь болохоор НҮБ-ын төсөл дээр ажиллах болсон учраас “Намын үйл ажиллагаанд оролцох боломжгүй” гэдэг тодорхойлолтыг албан газраас нь ирүүлж, өөрөө 2009 оны аравдугаар сарын 15-нд намаас түдгэлзэх өргөдлөө өгсөн. Цаана нь дөрвөн гишүүн байхад Чинзориг ганцаараа ийм шийдвэр гаргаад “Д.Энхбатыг намаас хөөсөн” гэдэг шоуг телевизээр бүтэн долоо хоног хийлээ шүү дээ. Тийм учраас бид энэ хүмүүсийн асуудлыг ярина биз дээ. Гэтэл араас нь нөгөө нөхдүүд Н.Энхтайваныгаа хөдөө явж байхад нь дуудаж ирүүлж, гарын үсэг зуруулаад намын гадаад харилцаа эрхэлсэн дарга Э.Зоригтыг бас намаас хассан тухай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл МНН-ын хоёр даргыг хоёуланг нь намаас хөөчихөж байгаа юм.

Үнэн хэрэгтээ Ёс зүйн хороо хуралдаагүй, хуралдсан тухай албан ёсны протокол байхгүй. Ёс зүйн хорооны дарга нь өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдчихсөн, хоёр гишүүн нь “Ёс зүйн хороо хуралдаагүй” гэж хэлж байгаа. Үлдсэн хоёр гишүүн нь байлаа ч гэсэн энэ хурал хүчингүй л байхгүй юу.

-Гол нь намын даргыг намаас хөөнө, огцруулна гэдэг шийдвэрийг Ёс зүйн хороо гаргах эрхтэй юу?

-Ёс зүйн хороо шийдвэр гаргадаг. Гэхдээ намын даргыг зөвхөн намын их хурал сонгодог, өөрчилдөг.

-Гишүүнийг намаас хасахыг Ёс зүйн хороо шийдэх үү?

-Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гишүүнийг тухайн хариуцсан намын байгууллагад нь хоёр удаа сануулга өгч байж гурав дахь удаад намаас хасах арга хэмжээ авна гэж намын дүрэмд байгаа. Намын дарга бол намын Их хурлаас сонгогдсон сонгуульт албан тушаалтан учраас намын гишүүнээс хасдаггүй. МАН ч, Ардчилсан нам ч, бүх нам адил. Тэгэхээр энэ М.Чинзориг гэдэг хүний болчимгүй үйлдэл нэгдүгээрт намын дүрэм зөрчиж байна. Хоёрдугаар албан бланк хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт үйлдсэн учраас эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоод явчихлаа.

-Гэвч өнөөдөр /бямба гаригт/ хуралдаж байгаа Онц их хурлыг юу гэж тайлбарлах вэ, намын дарга нараа шинээр томилоод явчихлаа шүү дээ?

-“Манай нам дарга наргүй боллоо, хямралд орлоо” гээд Онц их хурал зарласан байна лээ. Дахиад л дүрмийн бус үйл ажиллагаа. Намын дүрмийн 3.3-т “Намын ээлжит бус Их хурлыг намын Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуралдуулна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, гуравны хоёрын саналаар гэсэн үг. Гэтэл тэнд дөрөвхөн л хүн байгаа шүү дээ. Манай нам 3000 гаруй гишүүнтэй. Онц их хурал дээр нь очиход 100 гаруй л хүн байна лээ. Миний мэдрэмжээр тал нь манай намын гишүүн биш байна.

-Та тэгээд яаж тийшээ нэвтэрсэн бэ? Онц их хурал зохион байгуулсан хүмүүсийнхээр бол та намаас хасагдсан шүү дээ?

-Манай гишүүд над руу маш их ярьсан, мессеж бичсэн. Энэ хүмүүс ийм зүйл яриад байна. Та энэ хүмүүстэйгээ уулзаач, уриач, бүр эвлэрээч гээд. Миний санахаар би энэ хүмүүстэй уулзах гэж 4-5 удаа Бага хурлынхаа өмнөөс урилга өгсөн. Ирээгүй. Тэгээд эцсийн арга хэмжээ болгож намын дарга нь өөрөө, хүчтэй байгаа тал нь илүү санаачилга гаргая гээд очсон. Манай гишүүдээс олон хүн очьё гэсэн. Гэвч олон хүн очвол хэрүүл болно, магадгүй зодоон цохион ч болж мэднэ. Тиймээс та нар эндээ байж бай, би өөрөө очьё гэсэн. Нэг хүн дагуулаад явсан. Гэтэл Онц их хурал зарлаад байгаа нөхдүүд МНН-ын туг логоог тавичихаад намын гишүүн бус хүмүүс цуглуулаад цагдаагаар хамгаалуулчихсан хуралдаж байна. Надтай хамт явсан хүнийг цагдаа барьж аваад чирээд гарсан. Би УИХ-ын гишүүн учраас хаана ч нэвтрэх эрхтэй гэж хэлээд орсон.

-Намын гишүүний хувиар биш, УИХ-ын гишүүний хувиар орсон юм байна, тийм үү?

-Тийм. Намайг тэд намаас “хасчихсан” шүү дээ. /инээв/

-Цагдаа яагаад хүмүүсийг хөөж гаргаж байгаа юм?

-Мандатгүй гээд. Ц.Монгол даалгавар өгсөн гэнэ. Бага хурлын дөрвөн гишүүний нэг л дээ. Тэд Онц их хуралдаа намынхаа Бага хурлын гишүүдийг ч уриагүй. Миний нэг л үүрэг байгаа. Одоо манай намын Их хурал ирэх гуравдугаар сард болно. Би тэдэнд хэлэх ёстой. Би тэр Онц их хурал дээр нь очсон уу, очсон. Үгээ хэлэх гэж оролдсон уу, оролдсон. Эвлэрэх гэж явсан уу, явсан. Одоо бол тэр хүмүүст намын зүгээс хатуу арга хэмжээ авч болно. Сүүлийн оролдлогыг намын зүгээс хийх ёстой байхгүй юу, тэрийгээ хийсэн. Ямар учраас тэр хүмүүс Хүүхдийн ордны заалыг түрээслээд, цагдаагаар хамгаалуулаад, юу хийж байгаа юм бэ? НН-ын дүрмийн бүх байгууллага энд байхад тэд тэнд юу хийж байна аа. Яагаад манай намын туган дор хуралдаж, ямар учраас ийм шоу хийгээд байна. Үнэхээр 20-30 нь бол манай намын гишүүд байсан. 

-Та тэгээд тэдэнд ганц ч үг хэлж чадаагүй юу?

-Үгүй. Цоожтой хаалгыг цохиж байгаа ороход тэнд байсан 20-30 хүн хашгиралдаад үг хэлүүлээгүй. Хамгийн сүүлд хурал дотроос надад өгсөн мэдээллээр намын даргын сонгуульд явуулаад Д.Энхбатыг оронд О.Бум-Ялагчийг, Э.Зоригтын оронд н.Басандоржийг сонголоо гэж байна.

-Гэвч яг үнэндээ танай нам дотор юу болоод байгаа юм бэ? Намын дотоод асуудал уу, эсвэл гадаад нөлөө байна уу?

-Миний ойлгож байгаагаар өнөөдөр Монголын улс төрд хүчний хуваарилалт явагдаж байна. МАН суларч байна, Ардчилсан нам ч суларлаа. Гуравдагч хүчний хэрэгцээ нийгэмд байна. ИЗН, НН хоёр нэгдсэнээр эрүүл суурьтай, иргэний ирээдүйтэй, нэлээн сайн улс төрийн нам бий болох боломж бүрдэж байна. Энэ нь олон хүнд таалагдахгүй байна. Энэ бол том улс төр нь.

-Тэгвэл жижиг улс төр нь юу вэ?

-МНН 17-18 жил байхдаа юу хийж байсан бэ гэж хүмүүсээс асуугаарай. Юу ч хийж байгаагүй. Тэгээд яагаад байгаад байсан юм бэ. Энд маш том мөнгөний будилаан байгаа. Сонгуулийн ченжийн тогтолцоотой холбоотой. Монгол Улсын хэмжээнд 1500 орчим сонгуулийн тойргийн хороо бий. Улаанбаатар хот 600 орчим тойргийн хороотой. Энэ тойргууд дээр УИХ, орон нутгийн сонгууль явах үед улс төрийн намууд төлөөллөө тойргийн хороонд оруулдаг. Тэр орон тоон дээр орсон хүмүүс Ардчилсан нам ч юм уу, МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүст үүнийгээ зардаг. Өөрсдөө нэр дэвшдэггүй, дэвшүүлдэггүй. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар МНН-аас хүмүүс баригдаж байсан.

-Ажиглагчийн эрхээ зардаг гэсэн үг үү?

-Үгүй ээ, бүр тойргийн хороонд орон тоогоор ордог юм шүү дээ. МНН чинь гурван номерийн нам учраас. Мөнгөөр сонгуульд орж байгаа нэг нөхөр Баянзүрх дүүргийн 300 мянган хүнд мөнгө тараахын оронд тойргийн хороо, тооллогын комисст ах дүүгээ оруулчих нь дээр байдаг байхгүй юу. Ханш нь бидний баримжаагаар 3-5 сая төгрөгийн хооронд байна. Улаанбаатарт 600 тойрог байгаа, тэгэхээр ямар том бизнес вэ. Мөнгөний нөгөө эх үүсвэрийг нь бол манай НН-ын гишүүд маш сайн мэднэ. Өнгөрсөн 18 жилийн турш дэлхийн ногоон хөдөлгөөнүүд, ногоон байгууллагууд, ногоон намуудаас маш их хэмжээний тусламжийг манайд өгч байсан. Үүнийг нь намын хуучин дарга нар хувьдаа ашиглаж байсан. Дөнгөж хоёр жилийн өмнө манай Э.Зоригт дарга Бразильд Ногоон намын дарга гээд очиход тэнд “МНН-ын дарга ирчихсэн” гээд О.Бум-Ялагч сууж байсан. Бид мэдээгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүн өөрийгөө дарга гэж хэлээд, онгоцны тийз бичүүлээд оччихсон байсан.

-Та өөрөө МНН-ын дарга болоод хэр удаж байна?

-Хоёр жил хагас болж байна. 2007 оны арваннэгдүгээр сард сонгогдсон. Тэр Их хурлаас манай намын Бага хурал, Ёс зүйн хорооны гишүүдийг бас сонгосон байхгүй юу. Өнөөдөр Монголд улс төрийн гуравдагч хүчин байх уу, үгүй юу гэдэг том асуудал яригдаж байна. Цагдаагаар хамгаалуулсан хаалттай өрөөнд нам бус улсууд хуралдаж байна гэдэг нь нэлээн том гарын тоглоом явж байна гэсэн үг, нэгдүгээрт. Хоёрдугаарт, хамгийн чухал нь МНН-д үе солигдож байна. Өнөөдөр энэ өрөөнд сууж байгаа, итгэл үнэмшлээрээ намд орж ирсэн хүмүүс түрүүн хэлсэн бүх зүйлийг цэвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, бид тэр хүмүүсийг тоглоомноос гаргаж байна. Эсэргүүцээд байгаа хүмүүсийг та нар анзаараарай. Дандаа хуучин намын дарга байсан хүмүүс. Басандорж 16 жил намын дарга байсан. Би бол МНН-ын тав дахь дарга. Өмнөх сонгуулиар бид тойргийн хорооны орон тоог зардаг хоёр хүнийг барьсан. Ардчилсан намаас “Танай хүмүүс өөрийнхөө албан тушаалыг МАХН-д зарж байна” гэж гомдол гаргасны дагуу мөрдөөд хэргийг нь хүлээлгэсэн. Гэтэл энэ хуучин дарга нар тэднийг хамгаалаад байгаа. Тиймээс би н.Басандоржоос асуумаар байна. Энхбат муу байж болно, тэгвэл та 16 жил намын дарга байхдаа хийхгүй яасан юм бэ гэж.

Гэтэл өнгөрсөн гурван жилд бид юу хийв. Хамгийн түрүүнд МНН УИХ-д суудалтай боллоо. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг гарч ирэхэд манай нам маш идэвхитэй ажилласан. Гуравдугаарт, өнөөдөр төрийн бүх түвшинд ногоон асуудлыг ярьж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр манай Э.Зоригт дарга ажиллаж байна. Ерөнхийлөгч маань өөрийгөө “ногоон Ерөнхийлөгч” гэж зарлаж байна, Ерөнхий сайд бас ногоон асуудлыг ярьж байна. Хэзээ ийм байсан юм бэ. Бид их юм хийж чадаагүй байж болно. Гэхдээ гол ажлаа хийчихсэн байхгүй юу, чиглэлээ гаргачихсан.

-Яг үнэндээ ИЗН-тай нэгдэхээс л энэ маргаан үүссэн юм биш үү?

-ИЗН бол иргэн төвтэй нам. ИЗН, НН хоёр нэгдээд ногоон туг, ногоон логогоороо явья гэж байна. МНН-ын логон дээр байгаа цагаан ногоон хоёр загас чинь цагаан нь хүн, ногоон нь байгаль байхгүй юу.

-Намын дарга нарын гарын үсэг зурсан нэгдэх тухай гэрээг хэзээ баталгаажуулах вэ?

-Намын их хурлаар хэлэлцээгүй асуудлыг баталдаггүй. Гэрээ бол хоёр талдаа тохироод хоёр намын Их хуралд оруулах материал. ИЗН-ынхан зөвшөөрсөн, МНН зөвшөөрсөн. Одоо хоёр намын Их хурлаар орно. Оюутолгойн гэрээг УИХ-аар баталсантай л адил шүү дээ. МНН-ын Бага хурал, ИЗН-ын Удирдах зөвлөлөөр яриад зөвшөөрсөн зүйлийг аль аль намынхаа Их хурлаар оруулна. Яг дүрмийн дагуу явж байгаа процесс. Энэ гэрээг жилийн турш таван удаа намын Бага хурлаар хэлэлцсэн. Одоо эсэргүүцээд байгаа нөхдүүд таван удаагийн гуравт нь өөрсдөө дэмжсэн. Туг далбаанаас аваад их олон зүйлийг тохирч байгаа шүү дээ, зарчмын хувьд бүгд дэмжсэн. Гэтэл сүүлийн хоёр удаагийн хурал дээр л зөрөлдөөн гарсан. Цөөнх боллоо ч гэсэн энэ хүмүүс Их хурал дээр өөрсдийнхөө байр суурийг хамгаалах ёстой байхгүй юу. Түүнээс биш нам бусчуудыг цуглуулаад, цагдаагаар хамгаалуулаад Онц их хурал зарлана гэдэг чинь тоглоом болчихож байна.

-Намын Их хурлын гишүүд нөгөө дөрвийг дэмжвэл яах вэ?

-Магадгүй. Тэр нь нээлттэй шүү дээ. Тийм учраас бид бүтэн жил ярьж байж Их хуралдаа оруулж байна. Тэгээд шат шатандаа шийдээд явна. Өдөр тутмын сонинууд, бүх телевизүүдээр бид энэ асуудлыг хэлэлцүүлж, гишүүддээ танилцуулж байгаа. Мэдээлэл өгнө, ярилцана, мэтгэлцэнэ. Тэгж байж гуравдугаар сарын сүүлээр Их хурлаараа оруулна.

-Бага хурлын дөрвөн нөхрийн эсэргүүцээд байгаа ганц шалтгаан нь МНН-ын үйл ажиллагааг зогсоож, ИЗН-д нэгтгэнэ гэдэг л байгаа шүү дээ. Нэр нь үлдсэн, туг нь үлдсэн, дарга нь үлдсэн мөртлөө яагаад заавал намын үйл ажиллагааг зогсоох ёстой юм?

-Улс төрийн намын хуулиар одоо байгаа хоёр намын үйл ажиллагааг хоёуланг нь зогсоовол улс төрийн намуудын жагсаалтад бид 21 дүгээрт бичигдэнэ.

-ИЗН-ын үйл ажиллагааг зогсоож болно шүү дээ, танай дараа байгуулагдсан гэдэг утгаар нь?        

-Болно. ИЗН-ынхан ч гэсэн жагсч болно шүү дээ. Нэгдсэн намын туг нь ногоон, лого нь ногоон, тэгээд С.Оюун дарга “Ногоон үзлийг бид нэгдүгээрт тавина” гээд хэлчихсэн байхад ИЗН-д юу үлдэж байгаа юм бэ. ИЗН яагаад зөвшөөрсөн бэ гэвэл энэ нам гурван сонгууль дараалаад парламентад суучихсан. Тэд том улс төр, жижиг эрх ашиг хоёроо ялгаж салгаж чадаж байна. БНН-тай эвсээд, нэгдээд, будилаад туршлага суучихсан, асуудлаа ойлгочихсон. С.Оюун бол 10 жил парламентад суучихсан туршлагатай улстөрч. Тэгэхэд МНН парламентад ороод хоёрхон жил болж байна. Тиймээс манай намын нөхдүүд парламент гэдгийг ойлгохгүй байна. Ямар сайндаа н.Басандорж дарга “Манай нам парламентад байх хэрэггүй. Бид улс төр хийхгүй” гэж ярьж байх вэ дээ. Өнөөдөр ч хүртэл Онц их хурал дээрээ тэгж ярьж байна. Улс төр хийхгүй нам гэж юу байсан юм, тэгээд САА болох юм уу. Улс төр хийхгүй, УИХ-д суухгүй, бусадтай нийлэхгүй. Энэ чинь тэгээд сүм юм уу. Яагаад ИЗН, МНН хоёр нэгдэж байгаа юм бэ. Өнөөдөр Монгол улс хуулийг дагадаг, ардчилсан орон. Хуулиар бүх зүйлийг зохицуулдаг. Хэрвээ та хуулийг өөрчлөхөд л оролцож чадахгүй бол нам байгаад яах юм. Хуулийг өөрчилнө гэдэг чинь парламентад орно л гэсэн үг шүү дээ. ИЗН-тай нэгдлээ гээд МНН  алга болох уу, үгүй. МНН-ын 3000 гаруй гишүүн амьд байна. Нэр нь л ИЗНН болохоос биш, бид парламентдаа ч байна, үзэл баримтлал ч хэвээрээ.

-Тэгээд яагаад ИЗН-ын биш, НН-ын үйл ажиллагааг зогсоох болсон юм бэ?

-Үнэхээр хоёр талдаа тэгш эрхтэй байх ёстой шүү дээ, нэгдүгээрт. Хоёрдугаар ИЗН-ын дүрэм манай намынхаас ялгаатай. ИЗН-ын орон нутаг дахь салбарууд нь бүгд намын статустай. 21 аймгийн намуудаас бие даасан шийдвэр гаргана. Бүх шатандаа шийдвэр гаргадаг учраас төвөгтэй. Манайх бол шууд бүтэцтэй, орон нутгийн салбарууд нь тусдаа данс, бүртгэлтэй байхгүй учраас намын Их хурал шийдвэр гардаг. Эсэргүүцээд байгаа н.Түвшинбаяр гэж Бга хурлын гишүүн яг үнэн хэлсэн байхгүй юу. “Бид чинь ногоон тугаа, ногоон логогоо, намын даргаа авчихлаа. Тэгээд ИЗН-ынхан босвол яах вэ” гэж байсан хүн. Би тэгэхэд нь хэлсэн. ИЗН-ынхан том эрх ашиг, жижиг эрх ашиг хоёроо ялгадаг юмаа, бид ч гэсэн ялгаж сурах хэрэгтэй гэж. Намын үйл ажиллагаа таван минут зогсоод шинэ нам болохын хооронд ямар ялгаа байгаа юм бэ, зүгээр л техникийн асуудал шүү дээ. Бид өмнө явсан 17-18 жил рүүгээ буцаж явах уу, эсвэл сүүлийн хоёр жилийнхээ ажлыг үргэлжлүүлэх үү. Сонголт ердөө л энэ. Эсэргүүцэж байгаа нөхдүүд болохоор “Нам устаж алга болох нь ээ” гэж мэдээлэл дутуу хэсэг гишүүдээр тоглоод, эргээд өөрсдийгөө даргаар тавихыг л бодож байна. М.Чинзориг өөрийгөө даргаар томилсон. Дараа нь н.Балсандорж, О.Бум-Ялагч хоёр өөрсдийгөө томиллоо. Хурал тарангуут нөгөө нөхдүүд МНН гээд тамга тэмдэг гаргаад юм хийнэ. Тэгэнгүүт нь шууд Эрүүгийн хуулиар “албан бичиг баримт хуурамчаар үйлдсэн” хэргээр эрүүгийн хэрэгт татагдах нь байна шүү дээ. Онц их хурал дээр миний очсон ганц шалтгаан энэ. Энэ намын төлөө санаа зовж байгаа хүмүүсийн өмнөөс тэдэнд үгээ хэлэх ёстой. Эвлэрэхийн тулд эцсийн алхмыг би хийх ёстой. Хоёрдугаарт, дараа дараачийн алхмаа хийхийн тулд би бас тэдний зохион байгуулж байгаа ажлыг өөрөө нүдээрээ харах ёстой.

-Баасан гаригт Н.Энхбаярын МАХН-аас зохион байгуулсан “Улс төрийн намуудын задрал, нэгдэл” хэлэлцүүлэгт очсон уу? Танайд урилга өгсөн гэсэн?

-Очоогүй. Бид мэдээгүй, урилга ч ирээгүй.

-Урьсан бол очих байсан уу?

-Бид зөвлөлдөх байсан. Нэр нь тийм боловч зорилго нь юу вэ гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Та нар харж байгаа биз дээ. Энэ бүх юмыг чинь ямар нэг зорилгоор хөөсрүүлээд байгаа биз дээ.

-Та өөрөө түрүүн МНН-ын энэ зөрчлийн ард том улс төр яваад байна гэсэн?

-Яагаад гэвэл манай намыг тойрсон энэ үйл явдлыг телевизийн олон сувгаар дамжуулж байна, хэвлэлийн бага хурлууд хийж байна, ямар телевизүүд дагаад яваад байгааг нь ч бид харж байна. Та нар ч харж байгаа байх. Тэгээд өнөөдөр хаалттай хаалганы цаана цагдаагаар хамгаалуулчихсан хуралдаж байгаа энэ тэр чинь дөрөвхөн хүний үйл ажиллагаа гэж харагдахгүй байна. Улс төрд баталгаа байдаггүй, улс төрд мэдрэмж л байдаг. Тэгээд зарим хүн хэлж байна. “Энхбат аа, тоглоом чинь шоглоом боллоо. Яагаад танай намын дотоод асуудлыг ингэж томруулаад байгаа юм бэ” гэж. Би бол үүнийг их эрүүл үзэгдэл гэж бодож байна. МНН цаашдаа явна, энэ хүмүүс ялгарна. Манай намд үзэл санааны ялгарал явагдаж байна. Нэг хэсэг нь өөрсдийгөө дарга болгож үзэж байна, зарим нь эрүүгийн хэрэгт татагдаж ч болох асуудал босч ирж байна. “НН-ын намын төлөө үхнэ, хатна” гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр хуурамч хурал зарлаад өөрсдийгөө даргаар томилоод явна гэдэг инээдэмтэй, шог үзэгдэл байхгүй юу.

-Гадаад хүчин зүйл байгаа юм биш үү?

-Бидний мэдрэмжээр бол системтэй үйл ажиллагаа явж байна. Ганцхан хэн, яах гэж явуулаад байгааг мэдэхгүй байна. Нэгд үнэхээр том улс төр явж байна, улс төрийн гуравдагч хүчний асуудал. Нөгөө талаас МНН шинээр төрж байна.

-Монголд өрнөж буй улс төрийн иймэрхүү акциудын ард нэр хэлэгддэг хоёрхон л хүн байдаг шүү дээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэж. Тэдний одоогийн байдал нь тэднийг танай намын энэ хагарлын ард байгаа юм биш үү гэсэн хардлага төрүүлээд байгаа?

-Та надаар тэгж хэлүүлэхийг хүсч байх шиг байна. Гэвч би хэлж мэдэхгүй. Улс төрийн намын дарга хүн нөгөө намынхаа даргын тэгж хэлж болдоггүй.

-Тэгвэл Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын тухай юу хэлэх вэ? Тэд ч бас гуравдагч хүчний орон зайг эзлэхийг зорьж байгаа?

-Эхлээд МАХН гэдэг нэрээ дээд шүүхэд бүртгүүлэхийг нь хүлээе. Тэгээд үнэхээр шинэ нам мөн үү, хуучин МАХН-ын нэг хэсэг үү гэдгийг нь харж байж үгээ хэлнэ.

Б.СЭМҮҮН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж