Монголоор даажигнасаар байх уу

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Монголоор даажигнасаар байх уу

Дархлаагүй монголоор даажигнасаар байх уу?

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англид, бүр тодруулан хэлбэл Их Британи,Умард Ирландын нэгдсэн вант улсад саатуулан баривчилснаас хойш таван сар гаруй хугацаа өнгөрсний дараа Английн шүүхээс түүнийг ХБНГУ-д тэдний тавьсан хүсэлтийх нь дагуу шилжүүлэн өгөх тухай шийдвэр гаргажээ.  Үйл явдал нэлээд хаалттай байдлаар хэсэг өрнөж байснаа сүүлдээ нэлээд дуулианы маягтай болж ирсэн бөгөд дотоод гадаадны олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр бичих болсон билээ. Тэдгээр мэдээллийг уншиж мэдээлэл авч байхад зарим нэг нь эргэлзмээр, бас гайхал төрүүлэхээр байсныг хуваалцах нь зөв юм болов уу. Үнэндээ бол Их Британийн төдийгүй дэлхий нийтэд зартай бас арай буурьтай мэдээлэл тараадаг гэх ВВС агентлагийн мэдээллийг голлон тулгуурлаж дүгнэлт хийх гэж чармайж байснаа энд дурдах нь бас зөв байх.

Энэхүү хэргийг Англид шүүсэн сүүлчийн шүүх хурлын талаархи мэдээллийг харж байгаад нэг хаягийг ихэд анхааралтай тэмдэглэж авлаа. Юмыг яаж мэдэх вэ надад ч хэрэг болж мэдэхээр юм гэж бодоод. Тэр нь Serious Organised Crime Agency буюу Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг гэж нэрлэж болохоор Их Британийн нэгэн байгууллагын хаяг юм. Лондонд төвтэй бололтой хаягаа PO Box 8000, London, SE11 5EN гэсэн байна. Утас нь 0370 496 7622 бөгөөд хэзээ ч залгаж болох аж. Яагаад сонирхов гэхээр Б.Хурцын шүүх хурлыг даргалсан мужийн шүүгч ноён Квинтон Парди товчилсон нэрээр нь бол SOCA гэгдэх дээрх байгууллагын талаар Б.Хурцыг шүүсэн шүүх хурлын үеэр  дурдсан нь анхаарал татсанд байгаа юм.

Ноён Парди шүүх хурлын үеэр хэлснийг ВВС дурдахдаа, “ноён Б.Хурц үнэхээр нууц уулзалтад оролцохоор уригд­сан гэдэгт шүүгч итгэж байсан ба энэ талаар SOCA хэмээх байгууллага сонсож мэдсэн байсан. Гэхдээ Гер­маны зүгээс тавьсан онцгой ач холбогдолтой тушаалыг шүүхийн зүгээс ч тэр бас SOCA байгууллагын зү­гээс ч ухамсарлан хүлээн авч биелүүлсэн хэмээн тайлба­рлалаа” гэжээ. Хар тамхи, хүн хулгайлах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой бөгөөд өөрийн байгууллагын үйл ажиллагааг “хил хязгаараас үл хамаарна” хэмээн нэлээд эрх дархтайгаар тунхагласан Их Британийн SOCA нь ямар ч байсан манай төрийн тэргүүний ойр хавьд буюу ҮАБЗ-ийн аппаратад юу болж байгааг олоод сонсчихдог “чихтэй” нэгэн аж. Цаашлаад өөр ханыг ч бас нэвтэлчихээр тун сонор байвал ч хэцүү л юм байна.

Уг нь бол манай ҮАБЗ-ийн дарга маань англичуудтай хийх уулзалтаа их л нууцалсан юм болов уу гэж бодогдохоор мэдээлэл ч бас бий. Тийм өндөр хэмжээний албан уул­залтад явах гэж байж бизнес ангиллын виз авсныг нь тэгж л ойлгохоос. Гэхдээ энд бас нэг зүйлийг анхаармаар санагдана. Нээрээ ч бас визний ангилал Б.Хурцын халдашгүй эрхийг авч үзэхгүй байхад нөлөөлсөн байж болохоор мэдээлэл гарчээ. Дээрхи шүүх хуралдаан дээр  шүүгч ноён Парди “Б.Хурц нь халдашгүй бүрэн эрхтэйгээр зорчсон гэж Монголын тал үзэж байгаа гэдгийг би сайн ойлгож байна…мөн үүнтэй яг ижлээр Европын баривчлан саатуулах захирамжийг (European arrest warrant ) ойлгон авч үзвэл түүний хийсэн аялал нь баривчалгаанаас хамгаалагдах ямар нэгэн дархлаанд хамаарагдахгүй байгаа юм” гэж хэлснийг ВВС мэдээлжээ. Үүнээс ухаж үзвэл Б.Хурцын аялалын ангилал халдашгүй бүрэн эрхтэйгээ нийцэхээргүй байсан мэт ойлгогдоно.

Мөн л ВВС-ээр гаргаж байгаа мэдээллүүдийг өөрийн­хөө боломжоор нягталж үзэхэд сонирхол татах өөр бусад баримт ч байна. Жишээлэхэд, Б.Хурцын өмгөөлөгчөөр ажил­лаж байсан JD Spicer хуулийн фирмийн өмгөөлөгч Данкан МакДональдийн хэлсэн үгүүд тун их мэдээлэлтэй. Тэ­рээр хэлэхдээ Б.Хурц нь Их Британийн тагнуулын бай­­гуул­лагын нөхдүүдтэй уулзах үеэрээ лалын суурь үзэлтнүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор хоёр улсын тагнуулын байгууллагууд хамтран ажил­лах тухай ярилцахаар очиж байсан гэсэн байна.  Гайхалтай биш гэж үү. Нэгт, лалын суурь үзэлтнүүдийн асуудал манайд хэзээнээс хамаатай болсныг ёстой мэдэхгүй юм байна. Нэг бол дээрхи өмгөөлөгч гээд байгаа нөхөр андуурсан, эсвэл энэ нь их ноцтой “мессеж” гадагшаа өгөхөөр байгаа юм.

Хоёрт, Б.Хурцын өмгөө­лөгч гэгдэх ноён Мак Дональд яахаараа Монголын ҮАБЗ-ийн өндөр тушаалын ажилт­ны нууцаар хийх гэж байсан уулзалтын та­лаар ингэж дэлгэрэнгүй мэдээлж байгаа нь гайхмаар. Мэдээж өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ талаар сайтар мэдэж байх ёстой авч ийм нарийн ширийн зүйлсийг мэдэж авах, тэр тусмаа гадагшаа задруулан ярих эрхтэй байсан уу гэдэг нь ноцтой асуулт болох биз. Ер нь ч өмгөөлөгчийн сонголт дээр Монголын тал алдаа гаргаж, Европын хэмжээнд үйлчилж байдаг  эрх зүйн акттай холбоотой асуудлыг америк өмгөөлөгчид даалгаж байсан нь буруу болсон гэх юм билээ. Ийм нарийн асуудлыг өмгөөлүүлэхээр хийсэн сонголтод Монголын талын ажлын хэсэг хэр мэдрэмжтэй ажиллаж байгаа вэ гэдэг асуулт ч бас гарч байна.

Өөр нэг хачирхалтай, ан­хаа­рал татсан мэдээллийг дээр­хи өмгөөлөгч Мак Дональд мөн ярьжээ. Тэрээр Монголын ҮАБЗ-ийн дарга Б.Хурц нь Европын баривчлан саатуулах захирамж (European arrest warrant ) байдаг талаар огт мэдэхгүй байсан гэж зарлаж байсан юм. Эндээс олон ч дүгнэлт хийж болмоор. Б.Хурц өөрөө тагнуулын байгууллагад ажиллаж байсан, дээр нь манай ТЕГ ч гайгүй ажилладаг гээд байсан хэр нь ийм мэдээллийг мэдэхгүй байгааг юу гэж тайлбарлах юм бол. Шуудхан хэлэхэд ҮАБЗ нь ч тэр, ГХЯ гээд холбогдох байгууллагууд ерөнхийдөө л мэдээлэлгүй, харилцан уял­даагүй,  гол нь Монгол улсын иргэнийхээ төлөө гэсэн сэтгэл гаргаж ажилладаггүй нь л харагдаж байгаа юм биш үү. Ер нь одоо хэрэг нэгэнт ийм дээрээ тулчихсан хойно илэн далангүй хэлэхэд Б.Хурцыг ийнхүү саатуулах эрсдэл бий гэдгийг сануулж болоогүй юм байх даа. Эсвэл үнэхээр ийм юм болно гэж таамаглаж чадахааргүй л байж дээ хөөр­хий. Түүнийг Германы хуу­лийн байгууллагаас буруут­ган Европын баривчлан саа­туулах захирамжийн дагуу эрэн сурвалжилж эхэлсэн цаг хугацаа нь Их Британид зорчихоос нь хамаагүй өмнө гэдгийг английн сайтуудад өгсөн тэндхийн албаны хүмүүсийн үгнээс тодорхой мэдэж болно. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн даргын хувьд гадаад оронд зорчих нь эрсдэлтэй болсон байгаа шүү гэдгийг мэдэж, хамгийн гол нь мэдээлж чаддаггүй тагнуулын газар, гадаад хэргийн яам, бас тэгээд ҮАБЗ гэж байгаад ч яах юм билээ.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэг л их санаа тавьсан хүмүүс ажлын хэсэг гээд л Англи руу нисээд л байдаг, очоод үр дүн байдаггүй ээ. Дээр нь яагаад ч тэгдэг юм бүү мэд гадаадын сайтуудад манай нөгөө ажлын хэсгийнхний өгсөн нэг ч тайлбар гардаггүй. Арай л ажлаа хийгээд байна уу, аль эсвэл гэж хардахаар байх юм. Дуугүй байх шаардлага байгаа энэ тэр гэж тайлбар тавьж магадгүй л дээ. Тэгвэл та нарын өмнөөс, өөрөөр хэлбэл Монголын нэрийн өмнөөс өөр бусад хүн тайлбар өгөөд байгааг нь юу гэж ойлгох вэ.

Нөгөө л Мак Дональд гэдэг Б.Хурцын өмгөөлөгч гэх нөхөр үйлчлүүлэгчийг нь баривчалсан учраас Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн  арваннэгдүгээр сард Их Британид хийх байсан айлчлалаа цуцалж дахин тов тогтоох тухай төлөвлөхгүй байгаа гэж зарласан байдаг. Дараахан нь Их Британийн гадаад хэргийн яамнаас Б.Хурцын хэрэг Монголын ерөнхий сайдынг айлчлал хойшилсонтой холбоогүй гэж мэдэгдээд энэ нь Монголын парламентийн хуралдаан дээр С.Батболд маш олон үүрэгтэй завгүй байгаатай холбоотой гэх тайлбар өгч байсан билээ. Одоо УИХ тарсан энэ үед нөгөө гадны өмгөөлөгчийн хэлсэн үг л үнэн болж таарах гээд байна даа. Яана даа.

Эцэст нь хэлэхэд Б.Хурц гэдэг хүнийг би танихгүй. Б.Энх­бат гэдэг хүнийг барьж ирсэн, МИАТ-ийн төлөөлөг­чийн газарт гарсан бас нэг асуудалтай холбоотой гэх зэрэг дуулианы сургаар л мэдэх төдий. Манайхны буруутгаж чадахгүй байгаа ямар хэрэг хийсэн болохыг нь уг нь бол германууд биш Монголын хууль сахиулагчдаас л асуумаар байх юм. Тэгээд ч “цаад эздийг нь” гэдэг шиг даалгавар гүйцэтгүүлдэг нөхдийг л олж хармаар санагдаж байна. Бас төр, иргэн хоёроо хамгаалж чаддаггүй, тэдэнд байх ёстой дархлааг нь өгч чадахгүй байгаа энэ улс орныг хэн хүндлэх нь л сонин байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж