
Хөвсгөл аймаг дахь “НИК” ХХК-ийн салбарын шатахуун тээвэрлэгч Урал маркийн ХӨА 92-01 улсын дугаартай машинд 6740 литр, ХӨА 75-79 улсын дугаартай машинд 6510 литр А-80 шатахуун ачиж явсан хоёр машин энэ сарын 8-нд Хөвсгөл нууранд живж, жолооч Б амь насаа алдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах албаны 13 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гурван өдөр ажилласны эцэст өнөөдөр 13.35 цагаас жолоочийн цогцсыг гаргаж авсан байна. Одоогоор живсэн хоёр автомашины бензинийг соруулж авах ажиллагааг эхлүүлээгүй байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас гүний усанд шумбагч найман ажилтан өнөөдөр Хөвсгөл аймгийг зорьжээ. Осолдсон хоёр машинд 13 мянган литр шатахуун тээвэрлэж явсан ба дөнгөж сая авсан мэдээллээр шатахуун нууранд асгараагүй байгааг албаны хүмүүс мэдээлэв.
Н.ТүвшинГэрэл зургийн зохиогчийн эрх: www.inet.mn /Фото мэдээллийн сайт/