Хосни Мубарак огцорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак огцорлоо

Улс орноо 30 жил удирдсаны эцэст Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак огцрохоо мэдэгдлээ. Мянга мянган египетчүүд төв талбайдаа энэхүү баярт мэдээг тэмдэглэн шөнийг өнгөрүүллээ. Мубаракийг огцрохыг шаардан олон мянган хүн гурван долоо хоног эсэргүүцлийн тэмцэл өрнүүлсэн. Одоо Египетийн төрийн эрх мэдэл Цэргийн зөвлөлд шилжээд байна. Мубарак албан тушаалаасаа огцрох тухай дэд ерөнхийлөгч Омар Сулейман мэдэгджээ. Харин Мубарак өөрөө энэ тухайгаа олон нийтэд ил мэдээлэл хийсэнгүй.

Мубаракийн эсрэг сөрөг хүчний толгойлогч Олон улсын Цөмийн агентлагийн тэргүүн асан Мохаммед Эль Барадей “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа” хэмээн мэдэгджээ.

Дэд ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл олон хүнд гэнэтийн байлаа. Ирэх есдүгээр сард товлогдсон Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл огцрохгүй хэмээн удаа дараа Мубарак мэдэгдэж байсан. Эдүгээ 82 настай Мубарак хэдийгээр дахин өөрийн нэрийг дэвшүүлэхгүй гэж байсан ч өөрийн том хүүгийн нэрийг дэвшүүлэх санаатай байсан нь Египетийн олон нийтийн дургүйцлийг бүүр хүргэсэн. Эх орноо орхин дүрвэхгүй гэж мэдэгдэж байсан Мубаракийн гэр бүл Египетийн аялал жуулчлалын нэг төв хот Шарм-Эш-Шейхэд сэлгэн суурьшсан байна. Шарм-Эш-Шейхэд Мубаракийн нэг өргөө байдаг аж.

Засгийн эрхийг аваад байгаа Цэргийн зөвлөл Египетэд 30 гаруй жил үргэлжилж байгаа Онц байдлыг цуцлахаа мэдэгдээд байна. Зарим шинжээчийн мэдэгдэж байгаагаар Засгийн эрх Цэргийн зөвлөлд шилжсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл аж. Учир нь, Египетийн Үндсэн хуульд Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд Засгийн эрх парламентын спикерт шилжих ёстой. Тиймээс одоогийн Египетийн байдал цэргийн эргэлтийг санагдуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж