Лам нар ч гэсэн цалин авах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Лам нар ч гэсэн цалин авах эрхтэй

Толгойгоо гашилгаж, биеэ зовоолгүй хялбархан мөнгө олдог хүмүүс бол лам нар. Бага цалинтай төрийн албан хаагчид жилийн дөрвөн улирлын турш морь, нохой мэт зүтгээд талхныхаа мөнгийг чүү ай залгуулж байхад шар дээлтэй эрхмүүд том гарын боссуудтай эн зэрэгцэн тансаглаж,  өндөр үнэтэй жийп хөлөглөн гайхуулж байх жишээтэй. Монголчуудын уламжлалт баяр сар шинэ болж байгаа ч хэлэх үү, Гандангийн лам нарын өвөр түрий улам зузаарч байна. Бурхан шашиндаа үнэнч сүсэгтнүүд ч яах вэ, тэдэнд байдгаа барьчихаад бодох юмгүй яваа. Харин жаахан харам сэтгэлтэй, халаас нимгэн зарим нь “Энэ лам нар бүр дэндлээ. Хийсэн үйлдэл бүртээ төлбөр нэхнэ. Унших номондоо хүртэл тариф тогтоож болохгүй биз дээ” хэмээн бухимдана. Үнэхээр ч эрхэм хуврагууд сүсэгтнүүдийн толгой дээр судраар дохих төдийд ч мөнгө хардаг болсон байна билээ. Номын айлтгал бичиж буй лам нар эгээтэй л банкны теллер шиг харагдах болсон нь нэг талаар инээдтэй санагдана. Гэхдээ ингэлээ гээд тэднийг нэг их буруутгаад байх шаардлага байна уу. Ямар ч хүн аливаа хөдөлмөр хийснийхээ төлөө хөлс авах эрхтэй. Угаасаа “Хөдөлбөл хөлс…” гэж үг бий. Бусдын сайн сайхны төлөө буян үйлдэж байгаа лам нар хөдөлмөрөө үнэлүүлж яагаад болохгүй гэж. Тэгээд ч хүмүүс өөрсдөө сүсэглэн биширч, өргөл барьц өгдөггүй байсан бол тэд ингэж даврахгүй нь тодорхой. Нэгэнт өөрсдөө “ажлын байр”-аар хангаж, “цалин”-гийнх нь жишгийг тогтоочихоод одоо халаглаад нэмэргүй. Бурхны шавь нарт өргөл өгөхөөс гонсойгоод байгаа бол цаг заваа үрэн Гандан хийд рүү очих хэрэггүй шүү дээ. Харамлаж өгсөн зүйл хүнд хоол бус, хор болдог гэдэг. Тиймээс өгвөл өгсөн шиг өгч, чадахгүй бол сүсэг бишрэлээ ор тас мартах л хэрэгтэй. Таныг ч бас бусдын төлөө ажил хийгээд байхад цалин өгөхгүй бол муухай биз дээ. Тэгэхээр лам нар цалин авах бүрэн эрхтэй гэсэн үг. Үндсэн хуульд ч “Хүн бүр хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй…” гээд тов тодорхой заачихсан байгаа.    


Сэтгүүлч Ч.Дашдэлэг                   Улстөрийн тойм
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж