Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Лондоны элч

Монголын дипломатчийн та­лаарх дуулиан дэгдэх үед Их Британийн Гадаад
хэргийн яамнаас Улаанбаатарт суугаа Элчин сайдаа хугацаанаас нь өмнө
эргүүлэн татсан билээ. Хэдийгээр албаны эх сурвалжууд үүнийг Б.Хурцтай
холбоогүй гэж нотлохыг хичээсэн боловч шум хэдийнэ тарчихсан юм. Ингээд
Английн элчингийн байр хоёр сар гаруйн хугацаанд эзэнгүй байв. Харин
ирэх сараас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Торилда
Мэри Вивий Абботт-Уотт томилогдон итгэмжлэх жуух бичгээ өргөн барих гэж
байна. Тэрбээр 2008 оны тавдугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сар
хүртэлх хугацаанд манайд Элчин сайдаар ажиллаж байсан бидний хуучин
танил. Их Британийн Гадаад хэргийн яаманд 1974 оноос хойш ажилласан
бөгөөд мөн тус улсын Батлан хамгаалахын яаманд түр хугацаанд
харъяалагдаж байжээ. Өдгөө 56 настай хатагтай Абботт-Уотт өмнө нь Латин
Аме­рик, Ойрхи Дорнодын орнуудад томилогдсоноос гадна Афганистаны
асуудал хариуцсан мэргэжилтнээр 2006-2007 онд ажиллаж байв. Мөн
2003-2006 онд Армянд суух Их Британийн Элчин сайдаар томилогдож байжээ.
Тэрбээр өмнө нь Оюутолгойн гэрээ хэлэлцээр ид яригдаж байх үед манайд
ирэхдээ “Рио Тинто”-ийн хөрөнгө оруулалтыг онцолсоор ажлаа эхэлж байв.
Цаг үеийн асуудал ярьдаг хатагтай Абботт-Уоттын хувьд энэ удаагийн
ярианы сэдэв хоёр орны дипломат албадыг муудалцуулаад байгаа эрхэм
Б.Хурц байж мэдэх юм. Тэр энэ удаад дахиад л цаг үеэ олж томилогдлоо.

Сэтгүүлч Т.Элиса               Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж