Цагаан ордон дахь хаврын синдром

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Цагаан ордон дахь хаврын синдром

Шаолины хөвгүүд Сэм авгыг элдэвлэх болов. Америк эрийн гол имиж болсон “$” тэмдэгт малгайн дээр нь гишгэж, “Юань” хэмээх үгээр шивээс хийлгэхийг түүнд зөвлөв. Мэдээж хэрэг, цаадах нь дургүйцэлгүй яах вэ. Шаолины хөвгүүд ч зөрүүдлэв. Тэд аргаа нарийвчилж, Библийн сударт биш, юаньжсан үзэл сурталд итгэхийг номлолоо. Сэм авга үүнд нь хачин их уурлаж гэнэ. Харамсалтай нь Шаолины хөвгүүд тоглоом хийхээ больсонгүй. Ам.доллар, юаниар хөлбөмбөг тоглохыг хүсэв. “За, яах вэ. Тэгье л дээ”. Сэм авга нэр хичээж ийн мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар Шаолины хөвгүүдэд хэдэнтээ оноо алдчихаад байна. Америкчуудын хаалганд юаниар өнгөлсөн бөмбөг хэд, хэд орох нь тэр. Тулаан ид үргэлжилсээр…

Олон улсын санхүүгийн шин­жээчид “Дэлхий дахинаа худалдааны дайн тун удахгүй эхэлнэ” гэж хоёр жилийн өмнө мэдэгдсэн. Гэвч “Умард нийслэл”-ийнхэн Ва­шингтоны эсрэг валютын дайн зарлав. Энэхүү мэдэгдэлд нь Цагаан ордны эзэн нэг их сандарсангүй. Түүнийг 2009 онд Хятадад анх удаа төрийн айлчлал хийх үеэр Ху Жинтао дарга “Хятад, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй, Түвдийн “эсэргүүнүүд”-д дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт тань итгэж байна” хэмээн зоогийн ширээнийн ард хэлсэн. Харин энэ үеэр тус улсын бодлого боловсруулагчид юанийн ханшийг чөлөөлөхөө амласан билээ. Ерөнхийлөгч Барак Обама ч төвийг сахиж, экспортыг дэмжих зорилгоор валютын зах зээлд уян хатан бодлого баримталсаар ирсэн. Харамсалтай нь энэ бүхэн түүнийг ацан шалаанд оруулж, хувь улстөрчийнх нь рейтингэд ч багагүй нөлөөлөх болов. Түүний хувьд, Ху Жинтао даргаас “Америк, Хятад улс өрсөлдөгч байх ёсгүй. Хятад улс хурдацтай хөгжлөөрөө дэлхий нийтэд, тэр тусмаа танай улсад боломж олгож байгаа хэрэг. Түүнээс биш Бээжин Вашингтоныг тулаанд дуудаагүй юм шүү” хэмээн хэлсэн үгэндээ хүрэхийг шаардах цаг хэдийнэ болжээ. Үнэхээр ч Барак Обама, Ху Жинтао нарын дипломат уулзалтууд валютын дайныг намжаахад нөлөөлж чадсангүй.

Америк, Хятадын Төрийн тэр­гүүнүүдийн Бээжин дэх уулзалтын дараа буюу 2010 оны хавар дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал ямар болсон гээч. Хоёр орны дунд дэгдсэн валютын дайны үеэр ам.долларыг “ганцаардуулах” оролдлогуудыг евро, иен ч хийж эхлэв. Сингапур доллар хүртэл түүнийг “дээрэлхэв”. Тухайн үед Сингапурын төв банк гадаад валютын зах зээлээ чангатгаж, сингапур долларын ханшийг ам.долларын эсрэг 1.393 болтол нь өсгөлөө. Харин еврогийн ханш ам.долларын эсрэг 1.3636 болон чангарч, иен ч мөчөөгөө өгсөнгүй. Европын холбоо, Азийн зарим орон ийнхүү мөнгөн тэмдэгтээрээ АНУ-ыг айлгаж байх зуур австрали, канад доллар ч тэдэнтэй “хүч хавсарсан” юм.

Их гүрнүүдийн дунд дэгдсэн валютын дайн улам өргөжих нь гарцаагүй боллоо. Мөнгөн тэмдэгт гэдэг бол худалдаа, арилжааны гол хэрэгсэл. Тиймээс юань ам.долларын эсрэг “боссон” нь худалдааны дайнд мордохыг дэлхий нийтэд уриалсан явдал байлаа. Америк бол ардчилсан улс. Харин Хятад коммунист дэглэмтэй. Гэвч юанийг интернациональчлах Хятадын бодлого нэгэнт даяарч­лагдсан ам.долларыг буланд ша­хахыг оролдсоор байгаа. Бээжин Вашингтоныг цэргийн сүр хүч, ажиллах хүчний олноор айлгадаг байсан бол өдгөө цаасан мөнгө нь хүртэл Цагаан ордны эзнийг нойргүй хонуулж байна. НҮБ хүртэл “Дэлхийн валютын нөөцийн тогтолцоо өөрчлөгдөж, дэлхий нийт ам.долларын “колоничлол”-оос гарч байна” хэмээн мэдэгдсэн нь Шаолины хөвгүүдийг номхотгож чадахгүй байгаа америкчуудад нэрмээс болов.

Бэн Бернанке бүр баларчихаад байна. АНУ-ын төв банкны тэргүүн тэрбээр өчигдөр юанийн түрэмгийллээ зогсоохыг хятадуудаас шаардлаа. Аргагүйн эрхэнд Бээжин рүү ийнхүү “и-мэйл” явуулжээ. Энэхүү “и-мэйл” нь юанийн ханшийг сулруулахаа зогсоож, инфляцийн эсрэг хамтдаа тэмцэх тухай аж. Бэн Бернанке тэргүүтэй төв банкныхан мөнгөний бодлогыг тэлэхээ өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч энэ нь шүүмжлэгчдийн зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэд “Бернанке дахиад л зальдах нь. Мөнгөний бодлого тэллээ гээд юань “номхрохгүй” шүү дээ. Юань, ам.долларын хооронд дэгдсэн дайны уршиг ард иргэдэд хүндхэн тусч, инфляцийн өсөлт гаарна” хэмээж байлаа. Моргейжийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн “гамшиг”-ийн гол буруутнуудын нэгээр АНУ-ын төв банкийг 19 жил удирдсан Алан Гринспэн тодорч байв. Харин энэ удаад ам.долларыг юанийн өмнө өвдөг сөхрүүлсэн эзнээр Бэн Бернанкег тодруулах магадлал тун өндөр байна. Сонирхолтой нь иймэрхүү явдал түүнд өнөөдөр л тохиолдож буй хэрэг биш. “Forbes” сэтгүүлийнхэн түүнийг өнгөрсөн онд “Санхүүгийн ертөнц дэх бүтэлгүй этгээд”-ээр зарлаж байсан удаатай.

Тимоти Гайтнер тэргүүтэй АНУ-ын Сангийн яамныхан өнгөрсөн баасан гарагт Хятад, Америкийн валютын харилцаан дахь үл ойлголцол улам даамжирч, Бээжин Вашингтоны эсрэг арга заль хэрэглэсээр байгааг Конгрессын гишүүдэд албан ёсоор дуулгажээ. АНУ хятадуудад юанийн ханшийг сулруулах арга хэмжээгээ зогсоохыг уриалсаар байгаа ч Шаолины хөвгүүд үгэнд нь орохгүй байна. Тус улсын Сангийн яамныхны мэдээлснээр, өнгөрсөн оны зургадугаар сарын дунд үеэс өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлч хүртэл юанийн ханш ам.долларын эсрэг 3.7 хувиар чангарлаа. Америкчууд өнгөрсөн онд хятадуудыг номхотгох зорилгоор экспортын хэмжээг бууруулах тухай хуулийн төсөл баталсан ч нэг их удалгүй цуцалсан. Гэвч юанийн довтолгоо зогсохгүй нь тодорхой болсон тул тэд уг хуулийг сэргээн хэрэгжүүлэх болсноо өчигдөр мэдэгдлээ. Цагаан ордныхон Сан­гийн яам, төв банкныхантайгаа хамтран Бээжингийн бодлоготой ийнхүү үе шаттай тэмцэж байгаа ч Хятадын Ардын банкныхан мөн өдөр хариу цохилт үзүүлсэн юм. Тус банкныхны мэдэгдсэнээр, юанийн ам.доллартай харьцах ханш 6.585 буюу 0.15 хувиар өсчээ. Валютын дайны үйл явцыг анхааралтай ажиглаж буй зарим эдийн засагч “Юанийн ам.доллартай харьцах ханш энэ онд 6.35 болж хэлбэлзэнэ” хэмээн мэдэгдэж, Сангийн сайд Тимоти Гайтнер өнгөрсөн даваа гарагт Бразильд айлчлан Хятадын бодлогын эсрэг хамтдаа тэмцэх санал тавив. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч, Сангийн сайд, төв банкны тэргүүнтэй уулзахдаа “Бид найдвартай хамтрагчид байж чадна” гэжээ. Түүний хувьд, Латин Америкт хөл тавьсан нь санамсаргүй хэрэг биш. Учир нь Бразиль улс Хятадтай түүхий эд, хөдөө аж ахуйн салбарт нягт хамтран ажилладаг. Тэгээд ч тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин америкчууд түүнд ямар даалгавар өгөх нь сонирхолтой хэрэг. Америкийн хууль санаачлагчид цуцалсан хуулиа сэргээж, Сангийн сайд нь латин америкчуудаас тусламж гуйх зуур Хятадын Төрийн зөвлөлийн ахлах судлаач Гао Вэй юанийг интернациональчлах үйл явцад хатуу хяналт тавихыг зөвлөж байна. Хятадууд ийнхүү юанийн колоничлолыг дотор ухаанд түшиглэн Америкаас эхэлж байгаа бол Цагаан ордонд энэхүү дайнаас улбаатай хаврын синдром эрчээ авч мэдэх л юм.

Тоймч С.Батттулга                          Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж