
Намуудын амлалт нэгэнт ийм хар мөр дагуулж буй болохоор “биелүүлээсэй” гэхээсээ илүү “болиосой” гэх хүн олширсон. Гэхдээ улс орныхоо эдийн засгийн ирээдүйг бодоод бэлэн мөнгөнөөс бүрмөсөн татгалзах хүн тийм ч олон биш. Уг нь гай чирсэн энэ амлалтыг үгүй хийчихвэл төсвийн алдагдал ор мөргүй алга болох юм. Бүр ашигтай гарна гээч. Нэг тоо бодъё. Амлалт 805 тэрбум-Алдагдал 779.5 тэрбум=Ашиг 25.5 тэрбум. Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж байгаа. Төсвийн алдагдал өндөр байх тусам инфляци гаарч байна. Харин төсөв ашигтай байвал улс орны хөгжилд нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд хүндрэл гарахгүй. Нэг хүндрэлийг шийдсэн байхад нөгөө нь давхар шийдэгдээд явдаг. Асуудал ийм л энгийн. Дээр нь манай улсад асар их боломж байгааг нуршин тайлбарлах нь илүүц биз. Харамсалтай нь, манай төр засаг хамгийн муу менежер байдгийн үлгэр жишээг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Ийм байхад боломж нь эрсдэл, ашиг нь алдагдал болон хувирахаас ч яах билээ.
Хэдийгээр сонгуулийн амлалтаас үүдэн төсөв их хэмжээний алдагдалд орсон ч түүнийг санхүүжүүлэх гарцаа тодорхойлж чадаж байгаа бол өөр хэрэг. Харин өдгөө иргэдийнхээ амыг таглахад шаардлагатай 805 тэрбум төгрөгөөс ердөө 480 тэрбум нь л бэлэн байгаа. Сангийн сайд болон УИХ, Засгийн газар, холбогдох яамдынхан 480 тэрбумыг уул уурхайн бүтээгдэхүүний ногдол ашиг, нөөц ашигласны төлбөр, Оюутолгойн орлого, зэргээс бүрдүүлнэ хэмээн тоть шиг давтан хэлж буй хэрнээ үлдсэн 325 тэрбумыг яаж олох талаар юу ч хэлж чадахгүй байна. Тэгэхээр эрх баригчид сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацаанд амлалтаа биелүүлж чадахгүй. Харин олдсон мөнгөөрөө дараачийн сонгууль хүртэл аргацаах нь тодорхой болж байна. Гэхдээ 2.5 сая бус, 21 мянгаар бодоод шүү дээ. Тэд ийн аргацаасаар Тавантолгойгоос орж ирэх их мөнгөтэй золгож, амлалтаа бүрэн биелүүлдэг шидтэний дүрд хувилан дахин дөрвөн жил төр барих мандатын төлөө ээлжит драмаа тавих болно. Тэртэй тэргүй өдөр ирэх бүр амьжиргаа нь доройтож буй иргэд сонгуулийн үеэр их мөнгө хараад бас л сохор сонголт хийх эрсдэлтэй. Ингэлээ гээд байгалийн баялгаас орж ирэх асар их мөнгө бүтээн байгуулалт болохгүй. Хоногийн хоол төдийхнөөр солигдоно. Тэгвэл монголчуудад энэхүү эмгэнэлт жүжгийн үзэгч хийгээд оролцон тоглогч байх тавилангаас татгалзах боломж бий юү. Байна аа. Тэрхүү боломж нь ердөө л дээрх томьёо. Алдагдал-Амлалт=Ашиг. Энэ улсын иргэн бүр байгалийн баялгаасаа тэгш хувь хүртэх эрхтэй учраас түр зуурын чанаргүй мөнгөнөөс татгалзаж, ирээдүйн их мөнгөнд хүрэх замаа одооноос засч эхлэхэд оройтоогүй.
Сэргүүлч Ч.Дашдэлэг Улстөрийн тойм