Хавдрыг эрт оношлуулбал эмчлэх бүрэн боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хавдрыг эрт оношлуулбал эмчлэх бүрэн боломжтой

Хавдар судлалын үндэсний төвд өглөөний 8.30 минутад очив. Яг энэ цаг мөчөөс тус төв төдийгүй бусад эмнэлгүүд үзлэг, шинжилгээгээ хийж эхэлдэг аж. Хүлээлгийн танхимд иргэд аль хэдийнэ цугласан байх агаад цахим бүртгэлээс өөрийн нэрийг дуудахыг хүлээн сууцгааж байв. Энэ өдөр эмч нар ээлжээ хүлээх иргэдийг төдийгүй хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг хүлээн авсан юм. Энэ нь нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбарынханд тус өвчний талаарх мэдээллийг өгч буй хэрэг юм.

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар бүгд нэг зүйлийг онцолж байсан. Уг нь хүн хавдраар нас бардаггүй гэнэ. Харин хавдартай гэдгээ мэдээгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй явсаар өвчнөө хүндрүүлсэн хүмүүс ийм байдалд хүрдэг ажээ. Өчигдөр өглөө л гэхэд эмч нар дээр ямар нэгэн зовуурьтай хүмүүс л орж ирэхээс бус урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх гэсэн нь бараг орж ирээгүй юм. Иргэд ч “Зовуурь илрээд л эмнэлэгт хандаж байна” гэх хариултыг өгч байна.Тус төвийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Элэг хүний эрхтнүүдээс хамгийн дүлий нь. Нэг ёсондоо эзэндээ хамгийн ээлтэй эрхтэн юм. Өвчтэй, хавдартай элэг эцсийн мөч хүртэл ажиллаж л байдаг. Өвчин нь эцсийн шатандаа хүртэл үүргээ гүйцэтгэж, шинж тэмдэг нь хожуу илэрдэг” хэмээсэн. Тэгэхээр элэг гэдэг эрхтэн эмчийн хэлснээр эзэндээ ээлтэй ч юм шиг. Хавдрын сүүлийн шатандаа очсоны дараа шинж тэмдэг нь илэрдэг гэхээр хамгийн ээлгүй эрхтэн ч юм шиг. Ямартай ч элэгний хавдартай хүмүүс нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна. Жишээ нь, архи элэгний хорт хавдар үүсгэх нэг гол шалтгаан болдог. Ж.Чинбүрэн эмчийн хэлж буйгаар бол архи уусны дараа шартаж байгаа нь элэг өвчилж байгаагийн нэг хэлбэр аж. Тэгэхээр үүний гаргалгаа нь “Элгээ өвчлүүлэхийг хүсэхгүй бол архи битгий уу” болж таарч байна. Түүнчлэн иргэд шүдний эмнэлэг, шивээс хийдэг газруудаар орох тохиолдолд зүү, эмнэлгийн хэрэгслээ сайтар ариутгасан эсэхийг шалгаж байх хэрэгтэй юм байна. Учир нь дээрх газруудаас элэгний B,C вирусын халдвар авах магадлал өндөр байдаг ажээ.

ХСҮТ-ийн Эрдэм, шинжилгээ, сургалт мэдээллийн төвийн дэд захирал Г.Пүрэвсүрэнгээс Монгол Улсад хавдрын өвчлөл ямар байгааг лавласан юм. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн амын тавны нэгтэй тэнцэх хүнээс халдварт бус өвчний буюу хавдрын гурваас дээш хувийн эрсдэлт хүчин зүйл илэрдэг байна. улсын хэмжээнд жилд нас барж буй хүмүүсийн таван хүн тутмын нэг нь хавдартай байдаг бөгөөд энэ  нь нийт хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан болдог ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөгжиж буй, хүн ам цөөтэй улс орнуудад сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэнэ гэдгийг хэлж байгаа. Мэдээж эдгээр орнуудын тоонд Монгол Улс орно. Тэгэхээр хавдраас урьдчилан сэргийлж, амьдралын зөв хэв, заншилд суралцах нь чухал юм. Манай улсын нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий бөгөөд уушгины хорт хавдартай хүмүүсийн 90 хувь нь тамхи татдаг ажээ. Сүүлийн үед дэлхий нийтийг ДОХ айдаст автуулж буй. Тэгвэл уг өвчин болон сүрьеэ, хумхаа өвчнөөр нас эцэслэж буй хүмүүсийн тооноос хавдраар өвчлөгсдийнх илүү байдаг юм байна. Эмч нар сэтгүүлчдээр дамжуулан хавдраас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй гэдгийг олон нийтэд хүргэхийг хүссэн билээ. Дашрамд дурьдахад, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахад тийм ч их  цаг ордоггүй гэдгийг дуулгая. Тухайн хүн 4-5 эмчээр үзлэг, шинжилгээ хийлгэхэд нэг цаг хүрэхгүй хугацаа л хангалттай байдаг юм билээ. 

Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний радио, телевиз, ХААН банк хамтран “Хавдраас хамтдаа сэргийлье” аяныг өрнүүлэх гэж байгаа юм байна. Тус арга хэмжээний нээлт өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд болсон юм. Аяны хүрээнд хийх ажлуудын зардалд ХААН банкнаас 74 сая төгрөг зарцуулж байгаа бол МҮОНРТ хавдраас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг олон нийтэд хүргэх аж. Түүнчлэн “Оюуны дархлаа“ төрийн бус байгууллага хэвлэл, мэдээллийг нь хариуцаж, сэтгүүлчдийг иргэдэд хавдраас хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг дамжуулахад цаашид ч гүүр болон ажиллах гэнэ.  Дээрх байгууллагуудын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ирж оролцсон юм. Мөн энэ үеэр ХСҮТ-ийн эмч нар иргэдэд хавдар юунаас болж үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар илтгэл тавилаа.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Хавдраас сэргийлэх  аяны хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Уг аяны хүрээнд 15 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулах, олон нийт, эрсдэлт бүлгийн иргэдэд өвчний талаарх мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг авна. Мөн ХСҮТ-ийн эмч нар аймаг, нийслэлийн эмнэлгүүдийн эмч нарт хавдрын эрт илрүүлэлт, оношлогооны талаарх сургалт хийх юм. Түүнчлэн хорт хавдраас сэргийлэх арга зам амьдралын зөв хэвшлийг хүүхэд багачууд, олон нийтэд мэдээлэх сайн дурын иргэдийг сургах гэсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Одоогоор манай улсад хавдрын оношилгоо ямар түвшинд байгаа вэ?
-Ер нь бол жилд 4000 гаруй хүн хавдартай гэсэн оноштой гардаг. Хэдийгээр бага тоо байж болох ч хоёр сая гаруй хүн амтай манай улсын хэмжээнд аваад үзвэл энэ бага тоо биш. Хавдар судлалын үндэсний төвөөс өвчний оношийг 100 биш юм гэхэд 98, 99 хувь зөв тогтоож чадаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хавдрыг эрт үед нь оношилж, эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэсэн ч иргэд хавдрын эрт үе дээрээ эмнэлэгт хандах нь цөөн байдаг юм. Үүнийгээ өөрсдөө ч мэддэггүй.

-Шинжилгээнд 15 мянган хүн хамруулна гэж байна. Ямар хүмүүсийг сонгож шинжилгээ авах юм бэ?
-Шинжилгээг аймаг, нийслэлийн хэмжээнд 40 гаруй эмч хийнэ. Ингэхдээ хавдар тусах магадлалтай эрсдэлт бүлгийн хүмүүст хийх юм. Гэхдээ заавал 15 мянган хүн гэж нарийн тооцоогүй. Шаардлага гарвал үүнээс олон хүнд шинжилгээ хийж болно .

Сэтгүүл Т.Урангэрэл                       Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж