Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөр гурван жил хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөр гурван жил хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
Төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол-Солонгосын
техникийн коллежийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Уг арга
хэмжээнд ажил олгогч, үйлдвэрлэгч компаниудын тө­лөөлөл оролцсон юм. Энэ
үеэр Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бө­гөөд Гүйцэтгэх ерөнхий захирал
Камерон Макрей Оюутолгойгоос хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөл­бөрийн
талаар танилцуулав. Ерөнхий сайд Оюутолгой ХХК-ийн сургалтын хөтөл­бөр
үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлохын зэрэгцээ үр өгөөж, ач холбогдлыг
тодотгон сайшаав. Мөн үндэсний мэргэжилтэн бэлт­гэх, оюутнуудыг ажлын
байраар хангахад идэвхтэй оролцохыг бусад компани, үйлдвэрлэгчдэд хандаж
уриаллаа.

Оюутолгой ХХК Мон­голын үндэсний мэргэжилтэн бэлтгэх ажилд хувь нэмрээ
оруулах зорилгоор санаачлага гаргаж, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж
эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн дагуу барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн
чиглэлээр 3300 залуусыг мэр­гэжил эзэмшүүлэх сургалтад хам­руулж буй. 
Тэдний 20 хувь нь төгсөөд Оюутолгойд ажиллах боломжтой. Үлдсэн хүмүүсийн
хувьд ч эзэмшсэн мэргэжлээрээ бусад компанид ажиллах боломж нээлттэй. 
Энэхүү тэтгэлэгт сургалтын хөтөлбөр гурван жил хэ­рэгжих агаад Оюутолгой
ХХК-иас 36 тэрбум төг­рөгийн санхүүжилт олгож байгаа юм. Хөтөлбөрийн
хүрээнд мөн МСҮТ-үүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалтын агуулгыг
шинэч­лэх, багш нарыг мэргэшүүлэх арга хэмжээ ч багтаж буй.

Үүнээс гадна Оюутолгой ХХК өөрийн мэргэжилтнээ бэлтгэх тэтгэлэгт
сургалтад 140 оюутныг хамруулж, Эрдэнэт, Монгол-Солонгосын техникийн
коллеж, Дарханы МСҮт-д суралцуулж байна. Энэ онд нэмж 166 оюутныг
баяжуулагч оператор, хүнд машин механизмын мэр­гэжлээр Эрдэнэт, Дархан,
Чойр, Даланзадгадын МСҮТ-д суралцуулах юм.

Монголын хөгжлийн хөтөч гэгдэж буй Оюутолгой ХХК Өмнөговийн иргэд,
гэрээлэгч компаниудын ажиллагсад, сургалтад хамрагдаж байгаа залуус, мөн
нээлттэй зарласан ажлын байрны зарын дагуу ирсэн хүмүүсээс сонгож
ажиллах хүчээ бүрдүүлдэг. Өдгөө барилга угсралтад 5700 гаруй хүн ажиллаж
байна. Энэ онд болон ирэх жил их бүтээн байгуулалт өрнөхтэй
холбоотойгоор барилгын шатанд 16 мянган ажлын байр бий болно. . Харин
уурхай олборлолтоо эхэлсний дараа Оюутолгойд 4000 орчим хүн ажиллах юм.

Х. Батсайхан 

Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж