АНУ Ж.Ассанжийг шүүхэд дуудахаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

АНУ Ж.Ассанжийг шүүхэд дуудахаар зэхэж байна

Ж.Ассанжид “далаараа тавиул­сан” АНУ-ын Засгийн газар түүнд нууцын зэрэглэлтэй материалууд өгсөн хүнийг илрүүлэхээр шаргуу хөөцөлдөж байна. Хэдийгээр Ж.Ассанж өөрөө холбогдох бай­гууллагуудын сайтуудыг хакердаж, уг мэдээллийг авсан гэж байгаа боловч хэн нэгэн албан тушаалтан нууц задалсан гэх таамаг хүчтэй байгаа юм. Эцэст нь АНУ-ын мөрдөн байцаагчид тус улсын Батлан хамгаалах яамны ажилтан Брэдли Маннинг “Wikileaks” сайтын дуулиант мэдээллүүд олон нийтэд хүрэхэд тусалсан гэж сэжиглэж байна. Б.Маннингийн хувьд Ирак, Афганистанд явуулж буй энхийг сахиулах үйл ажиллагааг хариуцсан албан тушаалтан юм. Түүнчлэн АНУ-ын дипломат албадаас ирүүлж буй мэдээлэл, электрон захиа зэргийг үзэх эрхтэй хүн аж. Ж.Ассанж түүнийг мэдээлэл өгөхийг ятгаж, ухуулж байсан баримт олджээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон Хууль зүйн яамтайгаа хамтарч, “Wikileaks” эрхмийн эсрэг хэрэг үүсгэхээр шаардагдах баримт сэлтийг үргэлжлүүлэн хайсаар байгаа юм. Ингэснээр түүнийг төрийн нууцийн зэрэглэлтэй мэдээллүүд хууль бусаар олж аван олон нийтэд цацсан гэх үндэслэлээр буруутгахаар зэхэж байна. АНУ-ын Засгийн газар уг зорилгоо биелүүлэхийн тулд “Wikileaks” сайтын багт, Ж.Ассанжийн удирдлага дор ажиллаж байсан сайн дурын хакерчдаас дэмжлэг авах магадлалтай байгаа аж. Энэ талаар албаны төлөөлөгчид мэдээлжээ. Ж.Ассанж, Б.Маннинг нарын өмгөөлөгч үүнд хариу мэдэгдэл гаргаагүй байна.

Дэлхий дахинаа “Компьютерийн суутан” хэмээн нэрлэгдээд байгаа Ж.Ассанжийн хувьд тэрбээр өөрөө “Б.Маннингтай хэзээ ч холбоо тогтоож байгаагүй. Тиймээс АНУ-ын хууль сахиулагчдын таамаг бодит байдлаас хол зөрж байна” гэсэн юм. Гэсэн хэдий ч америкчууд эрлээ үргэлжлүүлэх нь дамжиггүй.

Ж.Ассанжийн хэрэг үүгээр дууссангүй. Тэрбээр одоо хүчингийн хэрэгт холбогдон Их Британид шүүх хуралд оролцож байгаа билээ. Шведийн хууль сахиулагчдын хү­сэлтийн дагуу түүнийг ба­рив­чилсны дараа тэрбээр батлан даалтаар суллагдсан. Гэвч одоо уг хэргийн шүүх хурал болж байгаа бөгөөд  Ж.Ассанжийг хоёр эмэгтэйг хүчиндсэн хэргээр буруутгаад байгаа юм. Тиймээс Шведийн тал түүнийг нутаг дэвсгэртээ аваачих хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч Ж.Ассанжийн өмгөөлөгчид энэ бол байж боломгүй зүйл хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Мөн тэд уг хэрэгт АНУ-ын Засгийн газрын лобби орж байгаа гэх байр суурин дээр хатуу зогсч байна. Ажиглагчдын хувьд Ж.Ассанж үргэлжлүүлэн дэлхийн орнуудын Засгийн газартай  холбоотой нууцын зэрэглэлийн мэдээллүүд цацсаар байвал түүний амыг барихын тулд Барак Обамагийн засаг захиргаа зүгээр суухгүй гэдгийг нотолж байгаа юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Ж.Ассанж wikileaks.com домэйн бүртгэлтэй сайтад АНУ болон түүний холбоотон НАТО-гоос Афганистанд явуулж буй энхийг сахиулах үйл ажиллагаатай холбоотой 90 мянга гаруй баримт бичгийг дэлгэн тавьсан юм. Тэдгээр материалд америк цэргүүд энгийн иргэдийг зодож, дарамталж байгаа тухай өгүүлжээ. Түүнээс гадна олон тооны гэмт хэрэг үйлдсэн гэх америк цэргүүдийн хүч суларч, харин талибанчуудын үйл ажиллагаа улам идэвхжиж байгааг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Засгийн газрын эхлүүлсэн уг дайн ямар ч үр дүнгүй байгаагийн дээр Афганистаныг хүчирхийлэл, гэмт хэргийн уурхай болгосныг харуулжээ. Үүнээс болж дэлхий нийт төдийгүй америкчууд өөрсдөө ч Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжлэх болсон юм. Түүнээс гадна АНУ-ын дипломат албадаас төв рүүгээ илгээсэн электрон захидлуудыг ил болгосон нь нэлээд шуугиан тарьсан билээ. Тэд сууж байгаа улс орныхоо талаар ямар бодолтой явдгийг өнөөдөр дэлхий нийт мэдэж байна. Мөн Элчин сайд нараасаа илгээсэн мэдээллүүдийг төв нь шалгаж, нягталдаггүй гэдэг нь илэрхий болсон.

Ж.Ассанжийн дараагийн бай АНУ-ын банкууд байна гэдгийг тэр өөрөө хэлжээ. Энэ бүх мэдээлэл цацагдсаны дараа түүнийг Шведийн иргэн хоёр бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж, Шведийн хууль сахиулагчид интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. Түүний дагуу Ж.Ассанжийг Лондонд байхад баривчилсан билээ. Үүнээс өмнөхөн тэрбээр Швейцарь улсаас улс төрийн орогнол хүссэн боловч тэр нь бүтээгүй. Харин Их Британийн эрх баригчид Ж.Ассанжийг баривчилсны дараа тус улстай холбоотой мэдээ томоохон объектуудын байршлыг дэлгэсэн мэдээлэл “Wikileaks” сайтад тавигдах болсон. “Өөрсдийгөө бодохгүй бол болохоо байлаа” гэж дүгнэсэн англичууд Ж.Ассанжид батлан даалтаар суллагдах зөвшөөрөл олгосон юм.

“Намайг баривчилж, хоривол би илүү ноцтой материалууд дэлгэх болно” хэмээн сүрдүүлж байсан манай “компьютерийн суутан”-г мөрдөж мөшгих тусам аюулын харанга улам чанга дэлдэх болжээ. Тэр эрх баригчдыг сандаргаж байна. Эрх баригчид сандрахынхаа хэрээр гэнэ алдах нь улам ихэсчээ. Тэдний булхайг илчилснийхээ ачаар Ж.Ассанж олон нийтийн хамгаалалтад орлоо гэж үзэх шинжээч ч байгаа юм.
 

Сэтгүүлч Т.Элиса

Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж