Монголд банкны бизнес хийхээр өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Монголд банкны бизнес хийхээр өрсөлдөж байна

Гурван сая хүрэхгүй хүн амтай, нийслэл нь гамшгийн хэмжээний агаарын бохирдолтой Монголд дэлхийн хамгийн том банкуудын шийдвэр гаргах төвшний эрхмүүд энэ өдрүүдэд цуглаад байна. Үүнийг Тавантолгойн ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах сонирхлынх нь илрэл болохыг гадаадын хэвлэлүүд дөвийлгөн бичиж буй юм.

Монголын талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байгаа хөрөнгө оруулатын 16 банкны нэр ил болсон бөгөөд тэдгээрийн нэгийг “Эрдэнэс Тавантолгой” хамтрагчаар сонгох юм. Хөрөнгө оруулалтын банк тус компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах IPO хийхэд шаардлагатай үнэлгээг боловсруулж, энэ үйлчилгээнийхээ шимтгэлийг авах учиртай аж. Зөвхөн үүний төлөө тэд өрсөлдөцгөөж байгаа гэж хэлбэл бас өрөөсгөл ойлголт болох юм байна. Коксжих нүүрсний асар их баялаг бүхий Тавантолгой нь нөөцийн хэмжээгээр одоогоор Хятадын Шенси хэмээх ордын дараа бичигдэж байна. Гэвч Тавантолгойн ордыг ашиглах явцад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтаас гадна холбогдох санхүүгийн үйлчилгээг үзүүлэх чадавх Монголын үндэсний арилжааны банкуудад байхгүй. Энэ орон зайд бизнес явуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг шүүрэх нь дэлхийн шилээвэр банкуудын хувьд чухал зүйл болоод байгаа юм байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж