УИХ Хөгжлийн банкны хөтөлбөрийг батална

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

УИХ Хөгжлийн банкны хөтөлбөрийг батална

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөтөлбөрийн жагсаалтыг УИХ батална гэв

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банкны тухай хуу­лийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг чуулганы өмнө УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хороогоор хэлэлцсэн юм. “Шинэ бүтээн байгуулалт”, төмөр замын шинэч­лэл зэрэг УИХ-аар баталсан бүтээн байгуулалтын шинж чанартай 400 гаруй хөтөлбөрийг тус банкаар дамжуулан санхүүжүүлэхээр төлөвлөж буй. Гадаадаас авах их хэмжээний зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг арилжааны банкаар дам­жуулалгүй төрийн өмчит банкинд төвлөрүүлэхийг гишүүдийн олонхи нь дэмжиж байв. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан Хөгжлийн банкны тухай хуулийн төсөлд зарч-мын зөрүүтэй  санал оруулах хүсэлтэй гишүүн цөөнгүй байлаа. Тухайлбал, З.Энхболд, Д.Балдан-Очир нарын гишүүд Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар батална гэсэн заалтыг эсэргүүцэж хуулийн төслөөс хасах санал гаргасан юм. Тэдний үзэж байгаагаар төсөл, хөтөлбөрийг УИХ баталдаг жишгээрээ жагсаалтыг нь ч гаргах учиртай аж. Харин Сангийн сайд “УИХ жагсаалт гаргах гэж цаг алдана. Тэгвэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт хойшилно” гэж эсэргүүцлээ. Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд энэ онд “Шинэ бүтээн байгуулалт”, Төрөөс баримтлах төмөр замын бодлогын төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөтөлбөрийг энэ онд санхүүжүүлэх тогтоол гаргах болсноо тайлбарласан юм. Мөн Д.Арвин, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарын гишүүд жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж иргэдэд олгох санал гаргасан ч Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Тиймээс тэдгээр гишүүд дээрх саналаар УИХ-ын чуулган дээр цөөнх болсон юм.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр С.Баярцогт сайд Д.Тэрбишдагва, Д.Арвин нарын гаргасан жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хүү багатай олгох саналыг дэмжиж байгаагаа хэлсэн. Гэхдээ Хөгжлийн банк ямар нэгэн хэлбэрээр арилжааны банктай өрсөлдөх ёсгүй. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг хүү багатай олгох шаардлагыг арилжааны банкуудад тавих нь зөв гэдгийг тайлбарлалаа. УИХ-ын гишүүд ч Хөгжлийн банкаар бага хэмжээний санхүүжилт шаардах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх нь буруу гэдэгт санал нэгдсэн юм. Харин жижиг, дунд үйлдвэрүүдэд арилжааны банкаар дамжуулж хүү багатай зээл олгох талаар УИХ-ын тогтоол гаргах саналыг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Ингээд Хөгжлийн банк эхний ээлжинд “Шинэ бүтээн байгуулалт”, Төрөөс баримтлах төмөр замын бодлогын төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болж үүнтэй холбоотой тогтоолыг УИХ гаргахаар болов. Д.Одхүү гишүүн “Шинэ бүтээн байгуулалт”  хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаанд ашиглах төдий олон төсөл байгааг анхаарахгүй бол дэмий зүйлд их хэмжээний мөнгө зарцуулна” гэж санууллаа.Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохи¬цуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг дагалдсан хэд хэдэн тогтоолын төслийг УИХ хэлэлцэхээр болсон юм.


Б.Цэцэгдэлгэр.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж