Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ

Улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь ердөө аймгийн начин цолтой залуу. Гэхдээ тэр улсын цол авах хүчтэнүүдийн жагсаалтад нэлээд дээгүүр давхиж буй. Өнгөрсөн сар шинийн барилдаанд  ч үүнийгээ нотлон харуулж, Н.Ганбаатар, Г.Өсөхбаяр нарын томчуудыг орхиж, А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” өргөмжлөлийг хүртсэн билээ. Мөн тэрбээр манай сониноос гаргадаг бөхийн чансаанд цөөнгүй том цолтныг ардаа орхин 28-р байрт бичигдсэн нь яах аргагүй том амжилт. Гурван үеийн удамт бөх Н.Батсуурийг бид “Улсын цолд ойрхон бөх” буландаа урин уулзаж ярилцлаа.

-Цагаан сараар сайхан барилдаж, бөх сонирхогчдоос өндөр үнэлгээ авлаа. Энэ жил өөрийгөө ингэж дээгүүр барилдана гэж таамаглаж байв уу?

-Ер нь бэлтгэл сайн хийсэн болохоор өөртөө итгэлтэй байсан.

-Сар шинээр хийсэн барилдаануудаа эргэн дурсвал ямар вэ?

-Би аймгийн начин цолтой болохоор оноолтоор голдуу том цолтнуудтай таардаг. Энэ жилийн хувьд нэгийн даваанд улсын начин Р.Ганхуягтай таарч элэг бүснээс барьж байгаад хөлд нь дохиод буцаж зайлаад давсан. Хоёрын даваанд гарьд Н.Ганбаатарыг бас тэр мэхээрээ орхисон. Харин гурвын даваанд Ж.Бат-Эрдэнэ начинд амлуулаад барьц сонгож давсан. Нэлээд удаан барилдсан болохоор бие тавираад сайхан болсон. Дөрвийн давааны оноолтоор Өсөхөө аваргатай таарч, тахимдахад нь зайлаад хаясан даа.

-Өндөр аваргатай өмнө нь хэрхэн барилдаж байв?

Ноднингийн цагаан сараар анх дөрвийн даваанд таарч барилдаад өвдөг шороодсон. Ер нь аваргатай гурав барилдаж, гурав унаад байсан. Сая л давж үзлээ.

-Тавын даваанд Ч.Санжаадамбатай барилдахдаа арай яарчихав уу гэж санагдсан?

-Харин тийм ээ. Ийм том барилдааны дээгүүр даваанд гараад ирэхээр догдлоод өөрийнхөө санасанд хүртэл барилдаж чадсангүй. Өөрөө илүү хөдөлгөөн хийгээд, тэрэндээ уначихсан. Гэхдээ Санжаадамбын бэлтгэл сайн байна лээ.

-А.Сүхбат аваргаас “Ирээдүйн аварга” гэсэн хүндтэй шагналыг авсан. Тэр үед юу бодогдож байв?

-Тэр том аваргаас ийм хүндтэй шагнал авсандаа их баярласан. Одоо энэ итгэлийг дааж, бэлтгэлээ сайн хийх бодолтой байгаа.

-Аав, өвөө чинь улсын цолтой бөх болохоор бөх болох нь эхнээсээ тодорхой байсан байх. Анх бөхийн замд хэрхэн орж байснаа дурсахгүй юу?

-Манай өвөө Ж.Гэлэг улсын начин цолтой. Бас аавын ах Г.Даваасамбуу улсын начин хүн. Эрдмийн зэрэг хамгаалсан цөөн бөхийн нэг. Аав маань улсын харцага цолтой. Багаасаа бөхийн гэр бүлд өссөн болохоор бөх болно гэдгээ эртнээс мэддэг байсан. Багадаа аавыгаа дагаж энд тэндхийн наадам, барилдаануудад алгасалгүй очно. Тэндээ үеийн хүүхдүүдтэй байнга барилддаг байсан. Харин наймдугаар ангид байхдаа бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Секцэнд ороод нэг жил болсны дараа үндэсний бөхийн УАШТ-нд тавдугаар байр эзэлчихээд их урам орж байлаа. Тэгээд 19 настайдаа Ховдын наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн. Гэхдээ дунд нь хоёр жил Япон яваад бөхөөс нэг хэсэг хөндийрсөн юм.

-Япон руу ямар ажлаар явсан юм бэ?

“Соёл эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдаад Япон явсан юм. Тэндээ сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан. Тэнд байхдаа цаг хугацаа ямар үнэ цэнэтэй байдгийг мэдэрсэн. Тиймээс Монголдоо ирснээс хойш цаг хугацаа алдахгүйг хичээж, бэлтгэлээ тууштай хийж байна даа.

-Бөхийн хүүхэд Японд очсоных, сумод орчихъё гэж бодож байв уу?

-Өөрөө барилдах дуртай болохоор бэлтгэлийг нь хийж үзэж байсан. Хакүхо бид хоёр наадмын бэлтгэлд гарч байхдаа найзууд болсон. Японд очоод Хакүхогийн дэвжээн дээр бэлтгэл хийж үзсэн. Гэхдээ олон биш ээ, сардаа 1-2 удаа л очиж хөлсөө гаргана. Уг нь сумогоор барилдаж болмоор л юм билээ. Ялангуяа над шиг барилдаантай хүнд тохирмоор санагдсан.  Доод зиндааныхантай нь ана мана л үздэг байсан. Хакүхогийн багш нь намайг хараад хэрвээ 18-тай байсан бол авмаар л байна гэж байсан. Даанч би 21-тэй байсан болохоор насаараа тэнцээгүй. Тэгээд ч өөр чиглэлээр сурч байсан болохоор оръё ч гэж хичээгээгүй.

-Ирснээсээ хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхлэв үү?

-Би Япон явахдаа 80 кг байсан. Буцаж ирэхдээ 115 кг болсон байсан. Бэлтгэл бараг хийгээгүй болохоор чанаргүй махтай болчихсон. Тэгээд ирсэн даруйдаа эрчимтэй бэлтгэл хийж, жингээ хасч эхэлсэн.

-Одоо аймгийн начин цолтойй бөх улсын наадамд хүч үзэхэд хэцүү болчихоод байгааЯваандаа аймгийн арслан болж, эрэмбээ дээшлүүлэх бодол байгаа юу?

-Уг нь өнгөрсөн жил арслан болчих санаатай хоёр наадамд барилдсан. Эхлээд Дундговьд очоод тавын даваанд аймгийн харцага Э.Баасандоржтой тунаад барьц сонгуулаад унасан. Дараа нь Баян-Өлгийн наадамд бас тавын даваанд П.Бүрэнтөгстэй  тунаад бараагүй. Энэ жил наадмаас өмнө аймгуудад барилдаж, цолоо ахиулчих санаатай. Бас цэргийн наадамд барилдахаар төлөвлөж байгаа.

-Ноднингийн наадамд юу боллоо?

Гурав даваад дөрвийн давааны оноолтод Х.Мөнхбаатар арсланд унасан.

-Өмнө нь арсланг хазайлгаж байсан санагдах юм?

Би өмнө нь Х.Мөнхбаатар арслантай хоёр барилдаад хоёр хаячихсан байсан. Гэтэл яг  чухал барилдаандаа давж чадаагүй. Гэхдээ улсын арслан цолтой бөх чинь наадмаар ямар ч хийгүй болчихсон байдаг юм билээ. Тэгээд ч би өөрөө яараад их амархан унасан.

-Улсад хэдэн жил барилдаад үзчихэв?

-Өмнө нь хүүхэд байхдаа аавыгаа дагаж, хийморио сэргээнэ гээд наадамд барилддаг байсан. Жаахан байсан болохоор нэгийн даваанд л унаад өгнө. Харин бие хаа задраад, цолны төлөө барилдаж эхэлсэн маань өнгөрсөн жил.

-Нас, биеийн өндөр, жин хэд вэ?

-23-тай. Жин 110 орчим кг байдаг. Биеийн өндөр гэвэл 182 см. Гэхдээ заримдаа үзэхээр 180 болчихоод байдаг юм. /инээв/

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Ямархуу хүүхэд байв?

-Намайг гурван настай байхад манайн хотод нүүж ирсэн. Гуравдугаар хороололд бага нас минь өнгөрсөн дөө. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил чулуугаар байлдана. Гэхдээ тийм ч айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй ээ.

-Хичээлдээ ямархуу байв?

-Сайн гэхэд хаашаа юм, бас тийм  муу ч байгаагүй. Ер нь алтан дундаж юм даа. Эрэгтэй хүүхэд болохоор биеийн тамирт дуртай. Харин тооны хичээлдээ дургүй. Бас нэг удаа дуу хөгжмийнхөө багшид би дуу хөгжмөөр яваад хоолоо олж идэхгүй гэж хэлээд уйлуулж байсан удаатай.

-Мэдээж бөх болгон улсын цол авахыг зорьж бэлтгэлээ базаадаг. Өөрөө ирээдүйд ямар цол авчих юмсан гэж хүсдэг вэ?

-Заан гэдэг их гоё санагддаг юм. Тэгэхдээ начин ч болж чадаагүй байж том юм яриад яахав. Юуны түрүүнд улсын цол авахыг л зорьж байна.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Улсын наадамд саяынх шигээ урамтай барилдаж, цол аваарай гэж ерөөе.

-Ерөөл бат оршиг. Энэ дашрамд намайг дэмжиж байдаг ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Химон констракшн” компанийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье.      

                                                                                                                                              Г.Баярсайхан
www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж