“Амар мэндийн ерөөл” сар шинийн золголт болов

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

“Амар мэндийн ерөөл” сар шинийн золголт болов

Бахархах бахархалтай, баатарлаг түүхтэй төрж өссөн нутаг усныхаа зон олныг нэг дор цуглуулж, тэдний сэтгэлийн орон зайг уудлана гэдэг сайхан. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд Дорнын говьд төрж өссөн, эл нутгаас гаралтай нутаг нэгтнүүдийн “Амар мэндийн ерөөл” сар шинийн  золголт  шинийн 5-ны билэгт сайн өдөр буюу энэ  сарын 7 –нд “АСА” циркт боллоо.

Уулзаагүй удсан, уулзалдаагүй холдсон  нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж, сэтгэлийн үгээ ярилцсан нь золголтын  нэгэн өвөрмөц өнгө төрхийг илтгэж байв. “Өвөрмөц” хэмээн онцолсон нь цаанаа учиртай. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг ой угтаж хийж буй, хийхээр төлөвлөсөн бүтээлч 80 ажлын талаар тодорхой танилцуулсан нь говь нутгийн төлөөлөл болон говь нутагт элэгтэй хүн бүхэн төрөлх нутгийнхаа 80 жилийн ойн бүтээн байгуулалтад хэрхэн гар бие оролцох, хамтраад хийж болох шилдэг санаа, ажил хэргийн тухай яриа өрнүүлэх, тэднийг нэгэн зорилгын дор нэгтгэх хөшүүрэг болсон юм. Энэ арга хэмжээнээс нутаг орноо хөгжүүлэх олон санал санаачилга гарсныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Бүр анги хамт олон, гэр бүл найз нөхдөөрөө нийлж, эрдэм боловсрол олсон төрөлх  сургуулийнхаа анги танхимыг засварлах, гудамж хороо хориноо цэвэр байлгаж ая тухтай амьдрах, тохижилтыг хангах, шинээр бүтээн байгуулалт өрнүүлэх гээд олон ажил сэдсэнээ цаасан дээр буулгаж, хамтарч хийхээр болов. Үүнээс өөр хамтын хүч гэж юу байх билээ. Уулзалтад Дорнын говиос сонгогдсон төрийн түшээ, УИХ-ын эрхэм гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, орлогч дарга Ж.Галбадрах болон  нутгийн зөвлөлийнхөн гээд бараг 1000 гаруй хүн сэтгэл зүрхээ зориулан иржээ. Сонин юм аа, алтан нутгийн үнэ цэнэ гэдэг л энэ буюу. “Уулзалтад ирээрэй гэж хэн нэгэнд урилга тараасангүй, телевиз сониноор төдийлэн зарласангүй, өч төчнөөн мөнгө хөрөнгө зарлагдсангүй. Нутаг орноо гэсэн элэг нэгт ахан дүүс Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөл, “Дорноговь” клуб, “Болд Төмөр Ерөө гол” ХХК хамтран золголтод шаардагдах хөрөнгийг гаргасан нь туйлын нүдээ олсон үйл явдал байлаа.

Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, өсөж төрсөн нутгаа гэсэн эрхэм сэтгэлээр зорин ирсэн тэднийг ёстой их говийн зоригтны  үр сад хэмээн бахархан хэлэхгүй байхын арга алга. Ийнхүү “Амар мэндийн ёрөөл” золголт ахан дүүсийг уулзуулж, нутгийн зон олны хамтдаа хөгжих чин эрмэлзлийг хөдөлгөж чадлаа. Нэгэн зууныг элээх өндөр насыг зооголж, үр  ачаараа хөтлүүлэн ирсэн настан буурлууд маань  нутгийн бор толгодоо санагалзан санагалзан, бодол зүрхнийхээ гүнд тээж явдаг бүхнээ уудлан уудлан, бэлэгшээх, бэлгэдэх хоёрыг хослуулан байж, ерөөл айлдаж  суусан нь юутай сайхан.  Дорнын говиос төрсөн урлаг спортын алдартнууд тэднээс дутуугүй сүү мэт ивлэсэн авъяас онгодоо чилээж нутаг орондоо оюуны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байнам.  Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг төрсөн нутагтаа зохион байгуулахаар амлаж авсан бол, Төрийн шагналт зохиолч Б.Тогмид нэгэн сайхан баримтат кино туурвиж байгаагаа дуулгалаа. Телевизийн нэртэй сэтгүүлч Ш.Гүрбазар зах эмжээргүй их говио  магтан дуулсан, хэн хүний дотоод сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг сэтгэхээр час хийсэн уран бүтээл туурвихаар сэтгэл догдолж буйгаа илэрхийлсэн бөгөөд  одоохондоо нууц байг хэмээн зангарагтай загнав. Хутагтын нэрэмжит “Саран хөхөө” театрынхан хурсан олны оюуны мэлмийг эгшиг дуугаар мялаалаа.  Эрдэнэ сумын уугуул Монгол Улсын начин Цацабшир “Ирэх жилийн наадмаар нутгийнхаа хүүг хараарай. Та нарынхаа итгэлийг алдахгүй” хэмээсэн нь хурсан олны итгэл дээр тос нэмсэн үйл явдал болсон юм.  Уг  арга хэмжээг Аймгийн ЗДТГ болон, Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөл, “Дорноговь” клуб, “Болд Төмөр Ерөө гол” ХХК хамтран зохион байгуулсан. Нутаг орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө сэтгэл гарган нутгийнхаа зон олныг нэг дор уулзуулсанд тэд  аймгийн  Засаг дарга П.Ганхуягт баярласан талархаснаа илэрхийлж, ам сайтай байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж