
Тив, дэлхий, олимпийн аварга, Туркийн домогт бөх Ясар Догугийн нэрэмжит 39 дэх удаагийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Туркийн Стамбул хотноо эхлэх гэж байна. FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн “Алтан гран-при” тэмцээний хоёр дахь цуврал нь ийнхүү Стамбул хотноо болж байгаа юм. Тэмцээн өнөөдрөөс эхлэн 13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор 55 кг-д ОУХМ Г.Амархүү, Т.Даваахуяг, Д.Цогтбаатар, 60 кг-д ОУХМ Г.Мандахнаран, Э.Ням-Очир, СМ Б.Нэмэхбаяр, 66 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат, СМ Б.Анхбаяр нар, 74 кг-д ОУХМ М.Мэндсайхан, 84 кг-д П.Өсөхбаяр нар зодоглох юм. Түүнчлэн олон улсын хэмжээний шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтаж, ажиллана.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд явагдах тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 74 кг, эмэгтэйчүүдийн 48, 59, 72 кг-ын жингийн төрөлд аваргууд тодрох бөгөөд манай тамирчдаас Г.Амархүү, Т.Даваахуяг, Д.Цогтбаатар нар 55 кг-д, харин 74 кг-ын жинд ОУХМ М.Мэндсайхан нар хүч үзнэ. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, тэмцээнээс медаль зүүсэн жин тус бүрийн дөрвөн тамирчин долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болох Азербайжаны ерөнхийлөгч асан Гейдар Алиевийн нэрэмжит Golden Grand Prix Final тэмцээнд оролцох эрхтэй болно.
С.Цэлмэг