Б.Дашдондог: Дууны урлаг цус холилдсон

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Б.Дашдондог: Дууны урлаг цус холилдсон

Зөөлөн мөртлөө зүрхэнд шингэсэн хоолойтой дуучин Б.Дашдондогийг рок попынхон зүгээр л Даашкаа гэдэг. Басхүү сүүлийн үед продюсерийн ажилдаа дадаад байгаа түүнийг багшаа гэж хүндлэх хүн ч олон. Тэрбээр өнгөрсөн онд гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасан. Монгол Улсын гавьяат жүжигчин гэх хүндтэй цол авснаасаа хойш анх удаа “Ардын эрх” сонинд ярилцлага өгснийг уншигчдадаа хүргэе.

-Дуучин Дашдондогоос фенүүд нь цоо шинэ бүтээлийг хүсэн хүлээж байна. Харин та продюсерээр ажиллаж, арын алба залгуулаад, “Nature sounds”-даа багшлаад завгүй байгаа бололтой. Хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байна уу?

-Би үнэхээр завгүй байдаг. Бараг 6-7 жил өөртөө нэг ч дуу хийлгүй уран бүтээлээ завсарлачихаж. Саяхнаас гэрийн хажууханд студи маань байрлах болоод намайг бүр ч завгүй болгочих шиг боллоо. Би бүтэн өдрийг студидээ өнгөрүүлж, бараг л унтах л гэж гэртээ ордог болж байх шиг байна. Дашка хувийн уран бүтээл хийхгүй байна гэж танаас өмнө олон хүн шүүмжилсэн. Хэдийгээр өөрийгөө завгүй байна гэж хаацайлаад байгаа боловч үнэн хэрэгтээ өөртөө бурууг өгч байгаа. Уран бүтээлч хүн өөртөө зав гаргаж, уран бүтээлээ хийж байх ёстой юм билээ. Тиймдээ ч энэ тал дээр анхаарал хандуулж таван цомог гаргахаар бэлтгээд байна. Хөгжмийн найруулгуудыг нь ерөнхийдөө хийж дууссан.

-Хуучны дуунууд тань цомогт багтаж байгаа юу. “Охин” дуу үнэхээр олныг шуугиулж байсан санагдана. Мөн сэтгэлд хоногшсон хэд хэдэн жүжгийн дуунууд бий. Цомгоо хэрхэн сэдэвчилсэн байгаа вэ?

-Хуучны бүтээлээр нэг цомог гаргаж байгаа. “Хөх тэнгэр” хамтлагт байх үеийн дуунууд маань ямар ч бичлэг байдаггүй юм. Радиод хуучны нэг бичлэг байхаас цаашгүй. Тэгээд би тэр үеийн дуундуудаа яг тэр хуучин загвараар нь дуулж, харин дуугаралтыг нь маш гоё болгож дуулсан байгаа. Нийт таван цомог гаргах гэж байгаагийн нэг нь энэ. Мөн миний өмнө нь дуулж байсан “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Хар сарнай, хайр сэтгэл” гэх мэт солист дуунуудыг оруулсан нэг цомог байгаа юм. Эмэгтэй дуучидтай хамтарч дуулсан дуэт дууны цомог бас гаргана. Харин үлдсэн хоёр цомог нь цоо шинэ бүтээл байна. Нэг нь дан амьд хөгжмийнх, стиль загварын хувьд “Хонх” хамтлагийн үеийнх шиг үг нь үнэн, хүний амьдралд ойрхон дуунууд. Тав дахь CD нь дан классик дууных.

-Таны “Х man” тоглолт үнэхээр Х байж чадсан. Үүн шигээ тайзны тоглолт хийх тухай төлөвлөсөн юм байгаа юу?

-Тайзны тоглолтыг цомгуудаа гаргасны дараа хийнэ гэсэн бодолтой байгаа. Би маш олон хүнд шинэ уран бүтээл хийнэ гэж амлалт өгсөн. Шинэ бүтээлтэй болж, хүмүүст хүргэсний дараа тоглолт хийх гэж бодоод. Тэгэхгүй бол өнөө л хэдэн хуучин дуунууд эгшиглээд байвал уйтгартай шүү дээ.

-Орчин үеийн дуунуудыг хуурамч, хуулбар, чанаргүй гэсэн шүүмжлэл байдаг. Зөвхөн л хайр дурлалын сэдвээр дуулаад байдаг Энэ талаар та бодлоо хэлэхгүй юу?

-Одоо бол хөл толгой нь алдагдчихлаа. Хаашаа ч яваад байгаа юм, бүү мэд, ойлгохгүй байна. Компьютер тоног төхөөрөмж сайжраад ирэхээр солгой хоолойтой хүн ч дуулах нь байна шүү. Дуртай хүн л дуулна. Тэгээд тэр дуу нь уран бүтээл гэхээр бүтээл биш. Тэнд энд сонсгогдсон аялгуунууд л яваад байх шиг. Хоорондоо аялгуунууд нь “цус холилдсон” хуулбаруудын үргэлжлэл л яваад байна. Тэднийг сонсоход ямар амтгүй гээч. Телевиз үзэхээр ердөө сувгаа соль л гэдэг болоод байгаа шүү, ер нь. Гэхдээ заримдаа ганц нэг часхийсэн бүтээл гардаг, тэднийг үздэг. Мөн хуучны ясны хэдэн уран бүтээлчид чанартай юм хийж байгаа, гэхдээ цөөхөн. Ерөнхийдөө 80-90 хувь нь байхгүй болчихлоо шүү дээ. Пентатоник академи ажиллахаа болоод таг болчихож.

-Монголын рок попын хөл толгойг нь олохын тулд яах хэрэгтэй вэ?

-Ер нь хөл, толгойг нь олох хэрэгтэй л дээ. Гэхдээ шалгуур шүүлтүүрийг цаг хугацаа, үзэгч сонсогчид харуулна. Миний бодлоор Монголын ард түмэнд үзүүлэх ёстой бүтээлийг бодлогоор хийдэг байх хэрэгтэй болов уу. Хуучин цагт тэгдэг л байсан. Бүх дууг Соёлын яам хянаж нийтэд цацаж болох үгүйг шийддэг байлаа. Би одоогийн уран бүтээлийг хяна гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ үзэгчдэдээ юу үзүүлэх вэ гэдгийг чиглүүлэх хэрэгтэй санагддаг.

-Хуулбар дуунуудаас гадна сайн муу нь мэдэгдэхгүй клипнүүд олширлоо?

-Мөнгөтэй хүн бүхэн дуртайгаа хийж байна шүү дээ. Нэг хямдхан студиэр клип хийлгээд л аль нэг телевизээр цацах нь мөнгөтэй хүний л ажил болж. Ямар нэгэн стандарт хэмжээ гэж байхгүй. Манай телевизийнхэн ч гэсэн клипийг дуу дүрс нь болж байна уу үгүй гэдгийг нягталж байж авах хэрэгтэй. Мэргэжлийн талаасаа ч тэр. Хэрвээ ийм стандарт тогтоочихвол чанарын төвшинд ажилладаг яг мэргэжлийн сайн студидүүдээр клипээ хийлгэдэг болно шүү дээ. Оросын эсвэл Английн нэвтрүүлгүүдийг үзэхэд өнгө, дуугаралт нь маш өндөр төвшинд сонсогддог. Харин Монголын телевизүүдийн сувгийг солиход нэг чанга дуугараад л нөгөөх нь нэг өөрөөр дуугараад л. Зурагт үзэх гэж volume-тайгаа ноцолдсоор байгаад таарч  байна. 

-Дуучин болон дуу бүтээгчдийн хооронд санхүүгийн ямар харилцаа байдаг юм бэ. Тухайлбал хөгжмийн зохиолчдоо бүтээлийнх нь шагналыг хэрхэн өгдөг ч гэдэг юм уу?
 

-Өөрсдөө хоорондоо юу гэж тохиролцсон бэ гэдгээс болдог байх л даа. Юу бодож хийж байгаа вэ гэдгээс шалтгаалах. Миний бодлоор хоорондоо гэрээ хийж зохицуулах хэрэгтэй байдаг болов уу гэж бодож байна.

-Ер нь энэ салбарт оюуны өм­чийг хамгаалах гэж юм байна уу?

-Оюуны өмчийн газар уг нь юм хийдэг л юм байна лээ. Шинээр дуу гарсныг бүртгэдэг л гэх юм билээ. Үнэн үү, үгүй юу, би сайн мэдэхгүй байна. Хувь хүн өөрсдөө бүтээлийнхээ төлөө ажиллах хэрэгтэй болов уу.

-Дууны ая зохиогчид жил бүр тоглолт хийдэг. Харин та тоглолтоо хийхгүй юм?

-Тоглолт хийнэ гэдэг уран бүтээл. Маш их мөнгө, менежмент хийж байж босдог уран бүтээл. Бие даасан тоглолт гэдэг бол хүн үзэх хэмжээнд хийгдсэн байх шаардлагыг тавьдаг. Би хувьдаа тоглолтоо чанартай хийх л хэрэгтэй гэж боддог. Балхаа ахын тоглолт зөв менежменттэй сайн болдог. Ард түмэнд хүрч чаддаг. Балхаа ах өөрөө ч уран бүтээл дээр маш сайн ажилладаг. Түүнд уран бүтээлч хүнд байх ёстой бүх чанарууд цогцолсон байдаг. Надад бол байхгүй …
Харин одоо тоглолтуудыг амьд тал руу нь хийдэг болох хэрэгтэй санагддаг. Дуучин нь өөрөө гарч ирээд бөмбөр, гитараараа амьд тоглоод амьдрдуул л даа.

-Яагаад танд тэр чадварууд байхгүй гэж… Харин ч байгаа юм биш үү?

-Би бол өөрийгөө хүний бүтээл дээр ажиллаад завгүй байсан гэж өөрийгөө хаацайлах гээд байгаа байхгүй юу /инээв/. Үнэндээ өөрийнхөө бүтээлдээ зав гаргаагүй болохоор би өөртөө бурууг өгч байгаа. Харин одоо энэ алдаагаа засч залруулна. Төгс сайхан бүтээл хийчихье, чанартай, настай, чансаатай бүтээл хийх сэн гэж бодож байгаа. Хүн нэг юм хийвэл маш сайн хийх ёстой. Түүнээс биш зөвхөн нэг удаагийн цаг хугацааг өнгөрөөх төдий байж болохгүй. Надаас сурвалжлагч нар асуудаг л даа. Яагаад бүтээл хийхгүй байна вэ гэхээр нь хүний бүтээл дээр ажиллаж байна л гэдэг. Үнэндээ би өөрөө өөртөө л зав гаргаагүй л байгаа байхгүй юу.

-Та өнгөрсөн жилүүдийг залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэднийг гаргаж ирэхэд зориулсан. Ер нь хэчнээн гарын шавьтай болж байна вэ?

-За даа, хөөрхий бүгдээрээ л гарын шавь гэж явдаг шүү дээ. “Киви” хамтлаг, Маралжингоо, хип хоп МС, Акапелла, Соко гэх мэт дуучдыг анхнаас гардан авч гаргаж ирж байлаа. Тухайн үед тэдний уран бүтээл дээр ажиллаж байсан хэдий ч эрчимтэй байж чадаагүй. Тэгээд би маш олон хүний хөгжим, хоолойг бичнэ, студидээ суух ажилтай, бас өөр бусад хүний уран бүтээлийн ажлууд байна. Тиймээс өөрийгөө хэд хуваах вэ, хүүхдүүдээ зориулах цаг зав хомс болж ирсэн. Ингээд би ерөнхийдөө “Киви”-г Ангирмаад даалгах гэх мэтээр тэднийг тараасан. Тэгсэн нь ч болсон юм. Тэд одоо сайн яваа. Уг нь надад маш их хүсэл байсан боловч нэг хүн олон юмыг зэрэг сайн хийж чадахгүй гэдгийг ойлгосон. Үүнд би хүн нэг юманд  зорих хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна л даа.

-Та залуу уран бүтээлчдээс хэнийг сайн дуучин гэх вэ?

-Миний шавь Маралжингоо бол үнэхээр авьяастай хүүхэд. Сүүлийн үед ерөөс бүтээл хийхгүй байна. Би гайхаад л байна. Тэр хүн юу бодож, юу зорьж яваа юм бол, ойлгохгүй байна. Ийм гоё хоолой, авьяасыг хөгжүүлбэл. Залуу үеийн 60-70 хувийг манай курс дангаараа гаргадаг. Тэд сайн муу янз бүр. Чанартай, чанаргүйг цаг хугацаа л харуулна даа. Хүний сэтгэлд хэр удаан амьдрах нь вэ, хэр авьяастай вэ гэж. Тэгэхээр би наана нь тэр энэ гэж хэлэх сонирхол алга. Хэн нь урт настай, хэн нь бүтээлдээ үнэнч, хэн нь сайн бүтээл хийсэн нь шалгарч үлдэнэ.

-Манай рок попынхон Азидаа л гэхээс цааш явахгүй байна?

-Бид бусад орноос юугаараа ялгаатай вэ гэдгээ л харуулж гарч ирэх хэрэгтэй. Монгол цус, монгол генийн аялгууг харуулсан бүтээл л биднийг дэлхийн тавцанд гаргана. Тэгэхээр бид үндэсний урлагаа орчин үеийн хэлбэрт оруулаад хослуулж чадвал гарч чадна. Сүүлийн үед “Алтан ураг”, “Жонон” гэх хамтлагууд гарч ирээд байна. “Hotel California”-г үндэсний хөгжмөөр сайхан тоглож. Тэд Монголын урлагийг дэлхийд танилцуулж байна шүү дээ. Германы “Rammstein” гэж хамтлаг гэж гарч ирэхэд дэлхий нийт яаж хүлээж авч байлаа. Тэд яг өөрсдийнхөө онцлог уур амьсгалыг харуулж чадсан. Түүн шиг манай үндэсний урлаг өөрийн өнгө аясаа харуулж гарч ирэх хэрэгтэй байгаа юм.

-“Rammstein” хамтлаг гэснээс “Хөх тэнгэр” яалт ч үгүй Монголын рок попын түүхэнд бичигдсэн хамтлаг. Тэр үеийнхээ дурсамжаас сонирхуулаач?

-Миний хамгийн анхны хамтлаг “Электроникс” гэж байлаа. Манай холбооны сургуулийнх, би тэр хамтлагтаа дөрвөн жил дуулсан. Дараа нь тэр үеийн хилийн цэргийн ансамблейн “Хилчин” хамтлагт дуулж байсан. Дараа нь “Хөх тэнгэр”, “Хар чоно” хамтлагт байсан. Гэхдээ би “Хар чоно” хамтлагт байхдаа уран бүтээл гээд дорвиун юм хийгээгүй. Тэгээд л ер нь биеэ даасан даа. Тэр үед одоогийнх шиг элбэг дэлбэг байсангүй. Болсон болоогүй бүтээл хийж байсангүй. Хамтлаг дуучид ч цөөхөн байсан. Тиймдээ ч маш чанартай уран бүтээл гарч байсан. Уран бүтээл гэдгийг ойлгох маш чухал байхгүй юу. Цөөхөн чанартай байх ёстой. Одоо энэ хийж байгаагаас бага мөртлөө чанартай. Ингэснээрээ хүмүүс сонсоно, тэдэнд хүрнэ. Ийм ихийг ойрхноор үйлдвэрлэнэ гэдэг энд нэг тэнд нэг сонссон дууны аяны хэлтэрхий яваад байдаг байхгүй юу. Бүх аялгуу нь хоорондоо цус нь ойртсон. Хүмүүс аль нь гоё, аль нь муу гэдгээ мэдэхгүй болоод ирж байгаа юм. Дээр нь бичлэгийн чанар байна. Хүнд гоё, тансаг мэдрэмж өгч чадаж байгаа эсэхээр нь бүтээлийг үнэлэх болохоос зүгээр нэг дууны шүлэг, аяар уран бүтээлийг ойлгож болохгүй.

-Та үсний хэв маягаа өөрчлөх үү?

-/инээв/ Үсээ өөрчлөөд би хэн болж хувирах вэ. Би ингээд л ард түмэнд хүрээд сэтгэлд нь хүрсэн юм чинь. Өөрчлөхгүй ээ. Харин саяхан кинонд тоглохдоо үсээ жаахан тайрчихсан.

-Хятад кинонд тоглосон гэл үү. Яаж яваад кинонд тоглочихов?

-Киноны уран бүтээлчдийг Монголд ирж гол дүрээ олоход нь би тусалсан юм. Монголын бүхий л жүжигчнийг авчирч пробонд оруулсан. Тэгсэн чинь тэд харин намайг тоглооч гэдэг юм байна. Би бултах гэж нэлээд оролдсон, өөртэйгээ төстэй жүжигчин хайсан ч намайг тоглооч гээд. Ингээд л санаандгүй явж байгаад кинонд тоглох болчихсон. Эхнийх нь “Тэнгэрийн салхи” гээд 21 ангитай кино, дараагийнх нь “Өвгөншувуу” гээд Өвөрмонголын алдарт уртын дуучин Лхажавын тухай түүхэн киноны гол дүрийг бүтээсэн. Мөн “Хүний хүүхэд” гээд кино байгаа. Ойрын үед Монголд “Хүний хүүхэд” киног гаргах гэж байгаа. Мөн “Өвгөн шувуу”-г Монголын үзэгчдэд хүргэх талаар ярилцаж байгаа.

-Дуучин, ая зохиогч, продюссер Дашка жүжигчин болох ямар байв?

-Амар зүйл биш байна лээ. Ер нь уран бүтээл гэдэг өөр өөрийн гэсэн онцлогтой. Кино хийнэ гэдэг нүсэр ажил байдаг юм билээ. Эхний кинонд тоглохдоо Хятадад дөрвөн сар, “Өвгөн шувуу”-нд тоглохдоо хоёр сар болсон. Харин гурав дахь кинонд тоглохдоо арай туршлагажсан байсан шүү.

-Дахин кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Одоо ч болих уу даа. Өөрийнхөө уран бүтээлд анхаарал хандуулахгүй бол ёстой хэн ч биш болно гэдэг нь болох гээд байна. Юутай ч завшаан тохиолдож кинонд тоглолоо, үүнд баяртай байгаа.

-Та хүү, охин хоёртой байх аа. Эхнэр тань таны ажлыг хэр ойлгодог вэ. Хатуу ширүүн гэх юм билээ. Таныг эхнэрээ харчихаад таг болчихдог гээд л…?

-Ширүүн хүн л дээ. Гэхдээ ширүүн гэдгийг хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байгаа юм. Манай эхнэр цайлган, хүнд хэлэх үгээ шууд л хэлчихдэг байхгүй юу. Ямар ч шоу цэнгээнийг зохион байгуулах чадвартай. Ямар ч уран бүтээлчдийг цагт нь авчраад дуулуулж чаддаг. Зохион байгуулж, удирдах авьяастай. Миний ажилд туслаад явж байдаг. Охин маань гадаадад сурдаг, энд хүү эхнэр бид гурав амьдарч байна.

-Гавьяатын найраа хийсэн үү?

-Яг найраа хийгээгүй. Харин одон авсан өдрөө Монголын рок попынхныг бүгдийг нь цуглуулаад тэмдэглэчихсэн. Өмнө нь Алтангадас авахдаа бас тэр оройдоо л тэмдэглэсэн. Тэр өдөр манайхан “Одоо яах уу” гэсэн харцаар хараад байхаар нь шууд Хан брой-д очоод шөнө 4 цаг хүртэл тэмдэглэсэн. Тэрийгээ тэмдэглэсэн л гэж бодоод байгаа ш дээ. Сая гавьяат авахад яг л тэр харцаар хараад байхаар нь тэр шөнөдөө үүр цайтал тэмдэглэсэн.

-Таны хийж бүтээсэн зүйл их. Харин шагнал тань арай оройтсон гэж санагддаг?

-Цаг нь ирээд авч байна гэж ойлгосон. Хүний хийсэн юмыг үнэлж байгаад баяртай байна. Харин харагдахаар хийгээгүй байсан юм байлгүй. Шагнал авахад сайхан байсан. Монголын рок попынхон, миний дээд болон доод үеийн бүх хүн ирсэн. Надад санаа зовж байсан юм гэхээр миний дээд талын үеэс гавьяат аваагүй хүн байгаа. Би үүнд жаахан санаа зовсон. Би тэр үед ахмад үеэсээ сөгдөж уучлалт гуйсан. Тэд маань харин “Чи шагналыг бидний өмнө гишгэж авсан гэдэг нь чухал биш” гэж надад хэлсэн.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж