Хөгжлийн банкны хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа  Хуулийн үзэл баримтлалд Хөгжлийн банк нь УИХ-аас баталсан томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Харин эх үүсвэрийг нь төсвийн ор-логоос, мөн уул уурхайн баялагаас олох тодорхой хэсгээр бүрдүүлнэ гэж үзэж байна. Ингэхдээ Хөгжлийн банкны дүрмийн санг  эхний ээлжинд 16 тэрбум төгрөг байхаар тооцож, 2011 оны нэгдсэн төсөвт суулгаж өгсөн. Жил бүр дүрмийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлснээр 100 тэрбум төгрөгт хүргэхээр тооцоолсон.  Түүнчлэн Хөгжлийн банк нь 100 хувь төрийн мэдлийнх, харин гүйцэтгэх удирдлагынх нь 50-иас дээшгүй хувь нь монгол хүн байна. Хөгжлийн банкийг удирдах багийг ийнхүү 100 хувь монгол хүнээр бүрдүүлэхгүй, гадаадын туршлагатай мэргэжлийн багийнхнаар хүч сэлбэхээр шийдвэрлэсэн нь манайд энэ чиглэлийн банкийг байгуулж, ажиллаж байсан туршлага үгүй тул амжилттай ажиллуулах зорилгоор зориудаар уг заалтыг тусгажээ. Мөн Хөгжлийн банк нь арилжааны банк шиг хадгаламж татан төвлөрүүлэхгүй, жижиг зээл олгохгүй. Урт хугацаанд үр ашгаа өгөх тэрбум, их наядаар хөрөнгө шаардсан том том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зээл олгоно. Зээлийн баталгааг Засгийн газар гаргана. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд олгож байгаа зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгодог болбол ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр ядуурал багасна гэж үзэж, санал гаргав. Учир нь өнгөрсөн хугацаанд УИХ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд зориулж тус бүр хөрөнгө төсөвлөж өгсөн. Мөн гадаадаас жилийн 0.75 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай зээлийг Засгийн газар баталгаа гарган оруулж ирж, түүнийгээ ажлын байр бий болгох зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан олгох шатанд хүү өсч буй тул арга буюу ийм заалт оруулахаас аргагүй байна гэдгийг санал гаргасан гишүүд онцолсон. Тодруулж хэлбэл, гадаадаас жилийн 0.75 хувийн хүүтэй авсан зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өгөхөөр эцсийн хэрэглэгчид очих шатанд жилийн хүү нь хамгийн багадаа 10 хувь болж өсдөг. Зарим үед жилийн 20 хувьд хүрч байсан ч удаатай. Дээр нь хугацаагаар шахдаг, ажилгүй, амьдрал ядуу иргэдэд барьцаалах хөрөнгө байдаггүйгээс олонхи нь дээрх зээлийг авч чаддаггүй. Энэ бүхэн нь эргээд Засгийн газраас сүр болгон зарладаг, ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах уриа лоозон ажил хэрэг болж чадахгүй, цаасан дээр үлдэж байгаа учраас Хөгжлийн банк нь зөвхөн том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээл олгоно гэж явцуурхах нь учир дутагдалтай хэмээн санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж байв. Харин Сангийн сайд “Улсын төсвөөс баталж байгаа төсөл хөтөлбөр, гадаадаас авч байгаа зээлийг арилжааны банкаар дамжуулан эцсийн хэрэглэгчдэд хүү багатай хүргэе гэсэн гишүүдийн саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ арилжааны банкуудад шууд захиргаадалтын арга хэрэглэх нь эрсдэл дагуулна. Манай банк санхүүгийн систем өөрөө эмзэг. Тиймээс Хөгжлийн банкинд жижиг зээлийг татаж авчраад иргэд, аж ахуйн нэгжид олгох бололцоо байхгүй.  Нэгэн үеийг бодвол арилжааны банкуудын зээлийн хүү буурч байгаа. Тэр дундаа Япон улсаас авч байгаа хоёр дахь шатны зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох шатанд хүүг нь жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөлийг Засгийн газар ярилцах ёстой гэсэн үүргийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг өгсөн. Энэ дагуу бид арилжааны банкуудтай ярилцаж эхэлсэн, хүүг бууруулахын төлөө ажиллаж байна. Нөгөө талаас Засгийн газрын хувьд Хөгжлийн банкны төслийг боловсруулахдаа олон орны туршлагыг судалсан. Япон, Хятад, Малайз, Герман гэхчлэн. Эдгээр орнуудын Хөгжлийн банк том том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд зээл олгож ирсэн. Жижиг, зээлийг арилжааны банкууд нь олгодог. Тиймээс дэлхийн жишгийн дагуу Хөгжлийн банкаа байгуулъя” гэв.  Ингээд нэр бүхий гишүүдийн гаргасан саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төсөлд Хөгжлийн банк нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна гээд заачихсан. Гэтэл үр ашиг багатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хүрээнд зээл олгохоос аргагүй байдалд хүрвэл яах вэ.  Хэрвээ Хөгжлийн банк нь үр ашиг багатай том том төсөл хөтөлбөрүүдэд зээл олгочихвол эрсдэлд орж, дампуурах тул үр ашигтай төсөл хөтөлбөрт Хөгжлийн банк зээл олгоё гэж тодруулах шаардлагатай байна гэв. Уг санал мөн л гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаж, орхив. Хэдийгээр Хөгжлийн банкнаас  зээл авах томоохон төсөл хөтөлбөрүүдийг УИХ баталж өгнө, зээлийг олгохдоо төсөл, хөтөлбөрүүдийн Техник эдийн засгийн үндэслэлийг харгалзан үзнэ гэж хуульчилсан Ч.Улаан гишүүний хэлсэнчлэн үр ашиг багатай төсөл хөтөлбөрүүдэд зээл олгочихвол алдарт Хөгжлийн банк дампуурахгүй гэх баталгаагүй болж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж